Хорвоод мэндэлсэн учир шалтгаанаа ганц удаа ч болов эргэцүүлдэггүй хүн гэж үгүй биз ээ. Чухам юуны учир бид ертөнцийн энэ мухарт, энэ цаг дор хүмүүн заяаг олж төрөв өө? Аль улсын ямархан хотод, хэн гээч хүний удам залгаж төрөх нь амьдрал хэмээгч азын сугалаагаар шийдэгдэх атал тэр бүгдийг дотночлон элэгсэхээс аргагүйдэж, тэгэн тэгсээр адаг сүүлд нь өр зүрхнийхээ гүнээс өөриймсөн хайрлах болдог нь магад та бидний туулах л ёстой зам юм сан уу?
Өнгөрснийхөө тухай бусдаар яриулахад зүүдэндээ өөрийгөө олж үзэхтэй адил сэтгэл хөдлөл мэдрэх боловч үүнээс үүдэх уршиг яггүй бий.
Устаж үгүй болсоор буй уугуул соёлын ул мөр одоо ч бидний эргэн тойронд буй нь уйтай. Баруунжих, орчин үежих хүсэл улам бүр цалгилахын хэрээр бие барсан амрагаа мартахын тулд хувцас хунар, эд хэрэгсэл, зураг сэлтийг нь нүднээсээ далдруулж орхидог хөөрхийлөлтэй хүмүүний нэгэн адилаар сөнөж мөхсөн эзэнт гүрнээс үлдсэн гашуун дуртгалыг сэтгэлээсээ үлдэн хөөх бодол аргаа барсан ард олны толгойд ордог ч байж мэдэх юм.
Хүүхэд насны өдрүүдээ цасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Зарим жаалууд зун болохыг хүлээдэг байхад би цас ороосой л гэж хүсдэг байлаа. Гадаа гарч тоглох гэсэндээ ч биш, цас ороход шавар шалбаагаас эхлээд хаягдаж орхигдон хөсрий балгас болсон юм бүхэн цагаан нөмрөг нөмрөөд хот цоо шинэ болчихдогоос гадна гудамж талбай, ер нүдэнд торох юм бүхэн гайхам сонин үзэгдээд, хаа нэгтэйгээс аюул даллан байх шиг “амттай мэдрэмж” төрдгөөс тэр.
Хэтэрхий их уй гуниг хүнийг эгэл даруу болгочихдог хэрэг. Бүүдгэр хотын хүмүүс бүдэг өнгийн л хувцас өмсөнө. Тэд үүнийгээ зуун тавин жил сөнөл мөхлийн ирмэг дээр дэнжгэнэж буй хотынхоо төлөө уйсан гашуудсандаа энэ гэж тайлбарлах вий.
Хүчит давалгаанд нь цохигдон урагшлахдаа тойрон сүндэрлэх түм түчигнэж бум бужигнасан хотынх нь тоос шороо, утаа униар, чимээ шуугиан нэвтэрч үл зүрхлэх тэнгисийн цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах хэнбугай ч бүхнийг умартаж гань ганцаар байхын жаргалыг амсан, эрх чөлөөг олох газар энэ л юм гэдгийг эрхгүй ойлгож эхэлнэ. Истанбул хотын дундуур хөндөлсөн гарсан эл хоолойг Амстердам, Венецийн үй түмэн суваг шуудуу, Парис, Ромыг заагладаг гол мөрнүүдтэй жишихийн аргагүй. Босфорын хоолойн хөлгүй хар ус тогтуун байх нь ер үгүй, үргэлж л салхины аясаар долгиотон, шуугин давалгаалж байдаг сан.
Хотын гудамж талбай, хүрээлэн буй орчин, хүн зоных нь аж амьдралаас хюзюнийг олж харж, хүндэтгэлтэй хандсанаараа бид түүнийг хаанаас л бол хаанаас мэдрэх боломжтой болсон билээ: өвлийн жихүүн өглөө наран авхай гэнэтхэн л Босфорын хоолойд уначих шиг болоод, усны мандал дээгүүр сүүмгэр манан хөшиглөхүйд эндхийн хүн ард, газар нутгийг эгээ л тэр манан шиг хюзюн бүрхэж, хуруугаа хүргэсэн ч болмоор санагддаг сан.
Угтаа бол хүнд хэцүү байдалд орсон гол дүрийн баатрын сэтгэлээ тайтгаруулах цор ганц арга нь хүмүүсийн дунд орох юм. Гэвч ингэх нь барууны соёлыг таашааж, орчин үеийн дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэхийг хүсэмжилдэг Истанбулын зохиолч, яруу найрагчдад өөрсдөд нь ч хэцүү байжээ. Нийгэмтэйгээ нэгдмэл байх ёстой гэсэн ойлголтыг хюзюн тэдэнд өгч байсан ч Монтэний учир зүйг эрхэмлэдэг чанар, Торогийн ганцаардал ч бас нөлөөлсөн юм.
Түүхэнд болсон тодорхой үйл явдлуудыг хэрхэн үзэж буйгаасаа хамаарч хүмүүс баруунтан, зүүнтнээрээ хуваагдах нь бий. 1453 оны тавдугаар сарын 29-нийг баруунтнууд Константинополийн уналтын өдөр гэлцдэг бол зүүнтнүүд Истанбулын байлдан дагууллын өдөр гэж нэрлэдэг. Эл өдрөөс олон зуун жилийн дараа Колумбын их сургуульд сурч асан эхнэр минь шалгалтын үеэр “байлдан дагуулал” гэдэг үг хэрэглэснээсээ болж америк профессортоо “үндсэрхэг үзэлтэн” хэмээн адлагдсан явдал бий.