Монгол Улс, Шведийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Бээжин дэх Шведийн Элчин сайдын яам болон "Алтан Хальс" ТББ-аас та бүхнийг шведийн кино урлагаар аялахыг урьж байна. Иймд 2024 оны 9 сарын 20,21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Тэнгис кино театрт зохион байгуулагдах Шведийн кино наадмаар олон улсын шагналт уран бүтээлүүдийг өргөн дэлгэцээр үзэх боломжийг бүү алдаарай.
Наадмыг модерн кино урлагийн нөлөө бүхий бүтээл, нэрт кино найруулагч Ингмар Бергманы "Персона" киногоор нээх бөгөөд удаах өдөр нь дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Златан Ибрахимовичийн өсвөр нас, алдрын зэрэгт хүрсэн адармаат аяллын тухай өгүүлэх "Би бол Златан" киног толилуулах аж.
Ингээд Өмнөд Европын хөлбөмбөгийн талбайгаас Шведийн хойд нутгийн өргөн уудам дайдад "Түүх" киногоор дамжуулан аялуулах болно. Сайх кинонд сами ястны түүх, үлгэр домог, цаа бугын аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг уран яруу, сэтгэл хөдлөм дүрсэлжээ.
Наадмын сүүлийн өдөр буюу ням гарагийн үзвэр “Гүлспоны гайхамшиг” киногоор эхэлнэ. Киноны эхэнд төөрсөн эгч дүүс нэгнээ олох ч, төдхөн худал хуурмаг, гэр бүлийн нууц, ДНХ-ийн нууцлаг шинжилгээ, 30 жилийн өмнөх үхлийн талаарх ээдрээт түүх болон хөвөрнө.
Наадмын хаалтын кино “Уве хэмээх эр” таныг хотын захын дүүрэгт аваачна. Энэхүү инээдмийн киног хожим нь Холливүүд дахин бүтээж, гол дүрд нь Том Хэнкс тоглосон билээ.
Үзвэрүүд үнэ төлбөргүй бөгөөд үзэгч та бүхэн ирсэн дарааллаараа суудлаа сонгон суугаарай.