Монголын Кино урлагийн зөвлөлөөс 97 дахь удаагийн Оскарын шагналын “Шилдэг гадаад хэл дээрх кино” төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцуулах киноны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан нь наймдугаар сард болсон үйл явдал. Тэгвэл Монголын Кино урлагийн зөвлөлийн 9-р сарын 24-ний хуралдаанаар “Энэ удаагийн Оскарын шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох киног сонгохоос татгалзсан” шийдвэр гаргасан нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлэв.
Ялангуяа Монголын кино урлагийн түүхэнд тодоор бичигдэх шан татаж, Каннын кино наадмын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшин, дэлхийн нэр хүндтэй 50 гаруй кино наадамд оролцож, заримаас нь шагнал хүртсэн “Баавгай болохсон” киноны найруулагч П.Золжаргал дээрх шийдвэр гарсан даруйд олон нийтэд мэдээлж, Кино урлагийн зөвлөлөөс хариу тайлбар шаардсан албан бичиг өгөөд байгаа билээ.
Эл үйл явдалтай холбогдуулан “Баавгай болохсон” киноны найруулагч П.Золжаргалтай ярилцлаа.
-Монголын Кино урлагийн зөвлөлөөс өнөө жилийн Оскарын шалгаруулалтад яагаад кино сонгохоос татгалзсан нь олны анхаарлыг татаж байна. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?
-Оскар бол шагнал гардуулах ёслол болохоос кино наадам биш. Энэ ёслолын анхан шатны шалгаруулалтад тухайн уран бүтээл кино театраар нээлт хийсэн жилээ нэг л удаа оролцох боломжтой. Тэгэхлээр “Баавгай болохсон” 2024 онд кино театраар гарсан учраас зөвхөн өнөө жил л Оскарын шагнал гардуулах ёслолын “Шилдэг гадаад хэл дээрх кино” төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхтэй юм.
Бүх шалтгаанаар энэ кино бол Оскарын шагнал гардуулах ёслолд Монгол Улсыг төлөөлж оролцох эрхтэй урлагийн бүтээл. Иймд ямар шалтгаанаар сонгон шалгаруулалтад оруулахаас татгалзаж байгааг нь би мэдмээр байна. Монгол Улсыг төлөөлөх хэмжээний кино байсаар атал Кино урлагийн зөвлөл яагаад сонгохгүй байхаар шийдэж байгаа вэ? гэдэг нь асар том асуултын тэмдэг.
Кино урлагийн зөвлөлийн гишүүн Т.Номуунзулд өөрийнх нь кино хэдэн санал авсан тухай бүрэн мэдээлэл байхад надад энэ шалгаруулалтад хэчнээн бүтээл ирсэн нь ч тодорхой бус байна. Би өнөөдөр Кино урлагийн зөвлөлд “Дэлгэрэнгүй тайлбар өгөхийг шаардаж байна” гэсэн албан бичгийг биеэр хүргэж өгсөн. Одоогоор албан ёсны хариулт хүлээж байна. Гэхдээ өчигдөр хуралдаад шийдвэрээ гаргасан атал өнөөдөр яагаад надад тайлбар өгч чадахгүй байгаа вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
-Кино урлагийн зөвлөл гэдэг нь шаардлага хангасан кино уран бүтээлийг Оскарын шагнал гардуулах ёслолд оруулцуулах зөвшөөрлийг нь л олгодог газар болов уу. Тэгэхдээ үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлаас үүдээд уран бүтээлд сайн, муугийн шүүлтүүр тогтоодог газар ч юм шиг ойлгогдохоор байна?
-Кино урлагийн зөвлөл бол академиас тавьсан шаардлагыг хангасан уран бүтээлүүдийг үзээд нэгийг нь заавал сонгох учиртай газар шүү дээ. Тэгэхэд ямар ч кино сонгохгүй гэж шийдсэн нь цензур мөн биз дээ? Энэ бол уран бүтээлчийн дуу хоолойнд хориг тавьж байгаа л явдал. Нээлттэй сонгон шалгаруулалтад хоёр муу кино ирсэн ч нэгийг нь заавал цааш явуулах ёстой. Хэрэв академийн шаардлагыг хангаж байвал муу кино юу, сайн кино юу гэдгийг Кино урлагийн зөвлөлийнхөн шийдэхгүй. Харин хоёр сайн кино ирсэн тохиолдолд сонгон шалгаруулсан мэргэжлийн үндэслэлээ ил тод зарлах учиртай юм.
Урлагийн бүтээлд цензур тогтоодог, ойлгомжгүй байдал даамжрах ёсгүй. Нэгдүгээрт, энэ байдал залуу уран бүтээлчдийн урмыг хугалж байна. Уран сайхны киногоор тархи угаадаг байсан цаг үед нэг ч хором амьдарч байгаагүй чөлөөтэй, залуу уран бүтээлчдийг цаашид ч сайн, муугаа битгий шүүлгээсэй гэсэндээ би илүү чанга дуугарна. Монгол Улсаас анх удаа Каннын кино наадамд шалгарсан бүтээлээ найруулагч би өмөөрч, хайрлах ёстойг та бүхэн ойлгоно гэдэгт итгэж байна. Би “Баавгай болохсон” киногоор хүрэхийг хүссэн бүх зорилгодоо хүрсэн гэж боддог.
Каннын улаан хивсэн дээр Монголоос шалгарсан анхны уран сайхны кино гэж зарлуулаад алхсан нь нэр төрийн хэрэг байлаа. Тэр чансаанд нийцэх бүтээл Оскарын шагнал гардуулах ёслолын сонгон шалгаруулалтад оччихвол энэ чинь Монголын кино урлагийн нэр төр шүү дээ. Цэвэр урлагийн бүтээл төдийгүй бахархал төрүүлэх чансаатай бүтээл хийсэн гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа учраас би Монгол гэдэг нэрийг Оскарт хамгаалахыг хүссэн юм.
Хоёрдугаарт, Кино урлагийн зөвлөл сүүлийн 2-3 жилийн хугацаанд Монголд ирж кино зураг авбал татварын буцаан олголт өгье, Монголын кино урлаг ингэж хөгжиж байна шүү гээд энд тэндхийн том кино наадмуудад үдэшлэг нээж, үнэтэй павильон түрээсэлж, олуулаа очиж сурталчилгаа явуулж байна. Би энэ байгууллагыг Монголын кино урлагийн нэр хүндийг өсгөх, киноны зах зээлийг тэлэх, уран бүтээлчдэд аль болох олон шинэ боломжийг авчрах зорилготой гэж харж байсан учраас киногоо сонгон шалгаруулалтад өгсөн юм.
Энэ жил л гэхэд олон улсын мэргэжлийн шүүмжлэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол кино Оскар руу явчихвал бидэнд л сайн зүйл гэж бодсон. Харин эсрэгээрээ цензурдуулчихлаа. Би Кино урлагийн зөвлөлийн жинхэнэ чин зорилгыг нь ойлгохоо больчихоод байна. Эцэстээ уран бүтээлийг нь шүүх байсан юм бол яах гэж тийм олон гадаадын мэргэжилтнүүдэд мөнгө төлж, Монголын залуу уран бүтээлчдийг сургасан юм гэдгийг ойлгохгүй байна. Би байтугай дэлхий кино зах зээлд ажиллаж байгаа кино салбарынхан ч үүнийг удалгүй ойлгохоо больж эхэлнэ.
-Хэрэв уран бүтээлд шалгуур тавиад эхэлбэл энэ байгууллага цаашид орших уу, эс орших уу гэдгийг ч хөндөхөд хүрнэ. Уран бүтээлд шалгуур тавьдаг байдал өдгөө ч булшлагдаагүй юм уу гэж гайхах ч хүмүүс байгаа болов уу?
-Монголын Кино урлагийн зөвлөл уран бүтээлчийн дуу хоолойг зөв, буруу гэж шийддэг, Монголыг эерэг, эсвэл сөргөөр харуулж гэдгийг тодорхойлдог байгууллага байх ёсгүй. Эхлээд эерэг, сөрөг гэж юуг хэлээд байна вэ гэдгээ тодорхойлох учиртай. “Энэ кино Монголыг сурталчилж байна” гэдэг. Сурталчлах гэж юуг хэлээд байна вэ гэдгээ тодорхойл л доо. Ялангуяа ийм газар миний татвараар цалинждаг төрийн байгууллага байх нь шударга ёсонд үл нийцнэ. Намайг байраа зарж, кино бүтээсэн гэдгийг ойр тойрныхон маань мэднэ. Би өнөөдөр байрны урьдчилгаанаас их мөнгийг улсдаа татвар хэлбэрээр бахархалтайгаар төлчихөөд байгаа индепендент кино уран бүтээлч. “Кино урлаг бол үзэл суртлын дайчин зэвсэг” гэх үгээр хүмүүсийн тархийг угааж байсан үе улираад 30 гаруй жил болж байна. Би тэр цаг үед нэг ч хором минут амьдарч байгаагүй ардчиллын цагаан морин жил төрсөн хүн. Тиймээс намайг цэвэр кино урлагийн бүтээл туурвичихаад байхад Монголыг эерэг, сөргөөр харууллаа гэж кино урлагт цензур тавиад байгаад үнэхээр гайхаж байна. Кино урлаг бол найруулагчийн уран сайхны шийдэл юм. Хөвгүүд өдөр тутам хоорондоо хэрхэн ярилцдаг вэ, ямар хараалын үйл үг хэрэглэж, харилцдаг вэ гэдгийг тэр чигээр нь харуулна гэдэг найруулагчийн шийдэл юм. Үүнийг ойлгохгүй байвал уучлаарай, таны үзсэн, харсан киноны тоо дутуу, дулимаг байна. Хараалтай кино байх ёсгүй гэж үзэж байвал уучлаарай, та тийм урлагийн шийдэлтэй кино үзэж дадаагүй байна. Эсвэл таны хэлний мэдлэг хүрэхгүй байгаа юм. Fuck! гэдэг үгийг “новш” гэж монгол руу орчуулсан кино үзсээр байгаа учраас та өөрөө ч мэдэлгүй тухайн орчуулагчийн үгийн сонголтод цензурдуулсан байна гэсэн үг.
-Таныг бухимдуулсан эл шийдвэр 10-р сарын 2-ноос өмнө өөрчлөгдөх боломж байгаа гэсэн. Та үүнд хэр итгэл найдвартайгаар хандаж байна вэ?
-Би бухимдаагүй. Харин Монголын кино урлагийн олон улсын тавцан дахь цаашдын дүр төрхөөс санаа зовж байна. “Баавгай болохсон” киног Оскарын ёслол руу явуулахгүй ээ гэж цензурдчихаад ямар нүүрээрээ олон улсын кино наадмуудад очих гэж байгаа юм бол? Ямар нүүрээрээ кино уран бүтээлчдийн эрхийг хамгаалах байгууллагуудад гишүүнээр оршин тогтнох гэж байгаа юм бол? “Баавгай болохсон” кино Монгол Улсын нэр хүндийг өчүүхэн ч унагаагүй. Харин ч бүүр монголчууд ийм кино хийж чаддаг, монголчууд ч гэсэн нийгмийн ийм асуудал дунд явж байгаа, бид нэг дэлхий дээр цуг эргэж байгаа, энэ асуудалд монгол уран бүтээлч шийдэл санал болгож, ийм нөхцөлд байгаа хүүхдүүдийн дуу хоолойг харуулж, төстэй мэдрэмжийг мэдэж байгаа гадаад үзэгчдэд ярианы сэдэв нээж өгч байна. “Баавгай болохсон” киногоор дамжуулж монгол хүний хүнлэг чанарыг үзэгчид харж байна. Уран бүтээлчид нь үнэхээр хурц шүүмжлэл бүхий киног хийгээд эхэлбэл яах вэ, энэ улс.
Монгол Улсад үнэхээр кино зураг авалт хийх боломжтой юу? Нэг л өдөр Кино урлагийн зөвлөлөөс чинь бүх зураг авалтаа зогсоо гэвэл яах вэ, киног цензурддаг байгууллагатай улсад хэн итгэж өч төчнөөн мөнгө зарлагдаж уран бүтээлийн багаа авч ирэх вэ? Тэгэхээр продюсеруудын итгэлцлийн асуудал ч хөндөгдөхөд хүрч байна. Би үүнд л санаа зовж байгаа юм.
Би Оскарт явахгүй байлаа гээд уйлаад, маргаашнаас Кино урлагийн зөвлөлийнхөнд ая тал засаад, эхнэр хүүхдэдээ урилга нэхэхээр нь “За” гээд явах уу гэвэл ҮГҮЙ. Баримттай зүйлс би ярьж байгаа шүү. Би өөрийнхөө харсан өнцгөөр, өөрийнхөө эмзэглэж байгаа нийгмийн асуудлыг хөндсөн киног хийсээр байх болно. Би тэдэнд ая тал засах, авлигал өгөх ч ёсгүй. “Баавгай болохсон” кино өнөөдөр Монголын кино театруудын Box Office жагсаалтын топ тавд эрэмблэгдэж, 67500 монгол үзэгчдэд хүрээд байна. Надад үзэгчид байсаар байна, үзэгчдэд хүрэх арга ч гэсэн байна. Та нар “Баавгай болохсон”-г Оскар руу явуулаагүй гэдгээрээ намайг биш, өөрсдийгөө шийтгэж байна. Тэд сүүлийн 2-3 жилийн хөдөлмөрөө л үгүйсгэж байгаа хэрэг. Хамгийн чухал нь тэр бүх ажилд Монгол Улсын төсвөөс ямар их хөрөнгө үрэгдсэн бэ гэдгээ бодоод буруу шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрөх, өөрчлөх боломж та бүхэнд бий гэдгийг Монголын Кино урлагийн зөвлөлийн нэр бүхий гишүүдэд хэлмээр байна.
Нэмэлт тайлбар:
Энэхүү үйл явдалтай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээлэл авахаар холбогдоход “Бидний шууд оролцох боломжгүй асуудал. Монголын Кино урлагийн зөвлөлийн бие даан шийдэх хэрэг” гэсэн хариултыг өгсөн юм.
Тэгвэл Монголын Кино урлагийн зөвлөлөөс өнөөдөр |9-р сарын 25-нд| дараах мэдэгдлийг гаргалаа.
Харин Монгол Улсыг муухай харагдуулсан, хараалын үг хэллэг орсон гэх шалтгаанаар зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь “Баавгай болохсон” киног нэр дэвшүүлэхээс татгалзсан тухай яриа ч олны дунд гарав.