UBLife Logo
Авторын булан

#JournalismMatters: Бүхний түрүүнд үнэнийг сонго

#JournalismMatters: Бүхний түрүүнд үнэнийг сонго

Дэлхийн мэдээний өдөр буюу 9-р сарын 28-ныг угтан Дэлхийн редакторуудын форумаас “Үнэнийг сонго” аяныг өрнүүлж буй. Энэ хүрээнд олон нийтэд хандсан сэтгүүл зүйн мөн чанарын талаарх цуврал нийтлэлийг Ub.life сайт аянд нэгдсэн редакцын хувьд албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна.

Кэти Инглиш

Канадын Сэтгүүл зүйн сангийн дарга    

Сэтгүүл зүй хэзээнээс л үнэнийг эрж хайж, түүнийгээ түгээх гуйвшгүй туйлын зорилготой байж ирсэн. “Scientific American Magazine” сэтгүүлийн 1853 оны дугаарын “Сэтгүүл зүйн үнэн” хэмээх нийтлэлд “Үнэн гэдэг ямагт тэдний шүтээн нь байх ёстой” гэх өгүүлбэр байдаг. 1926 онд батлагдсан Мэргэжлийн сэтгүүлчдийн нийгэмлэгийн Ёс зүйн зарчимд “Үнэнийг эрэлхийлж, бусдад түгээ” гэх заалт бий.  

Мөн “Сэтгүүл зүйн үнэний өмнө үүрэг хүлээсэн байдаг” гэж 2001 оны “The Elements of Journalism” классик бүтээлийн эхэнд дурдсан нь сэтгүүлчдийн үүрэг хариуцлагын талаарх оночтой тодорхойлт болдог. 

Энэ жилийн Дэлхийн Мэдээний өдрөөр бид иргэд болон ардчиллыг найдвартай, үнэн бодит мэдээллээр услаж байдаг сэтгүүлчдийн ажлын үр нөлөөг олон нийтийн анхаарлын төвд гаргаж харуулахын тулд “Үнэнийг сонго” хэмээн уриалж байна. 

Дэлхийн мэдээний өдрийг Канадын Сэтгүүл зүйн сан, Дэлхийн редакторуудын форум, Өмнөд Африкт төвтэй “Daily Maverick”-ийн “Континум” төслөөс хамтран зохион байгуулдаг. Харин “Есдүгээр сарын санаачилга” нь 2018 онд КСС-аас анхлан гарсан бөгөөд редакц болон үзэгч хүртэгчдийн хоорондын харилцааг ойртуулах зорилгоор бий болсон. 

Ерөөс гол зорилго нь худал мэдээллээр бохирдсон өнөөгийн нийгэмд чанартай сэтгүүл зүй яагаад чухам хэрэгтэй вэ гэдгийг олон нийтэд ойлгуулах юм шүү дээ. 

Дэлхийн Мэдээний өдрийн энэ жилийн сэдэв болох “Үнэнийг сонго” нь “Daily Maverick” хэвлэлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий редактор Бранко Бркичийн санаачилсан “Континум” төслийн анхны олон улсын кампанит ажил бөгөөд дэлхий нийтэд сэтгүүл зүйн нэн чухал үр нөлөөг дахин сануулахыг зорьсон. 

Энэ санаа, зорилго үүнээс илүү цагаа олсон, үнэнхүү чухал байх боломжгүй билээ. 

Зохиомол зүйлс баримт мэт болж, худал мэдээлэл олны анхаарлын төвд буцлахыг гэрчлэн буй өнөөгийн дэлхийд үнэнийг сонгоно гэдэг хэзээ ч ийм чухал, бас хэцүү байсангүй. Олон нийтийн хувьд энэ нь хиймэл оюун ухаанаар бүтсэн дижитал контент, нийтийн толгойг худал мэдээллээр цутгахыг санаархсан “муу дүр”-үүдийн дунд бодит мэдээллийг цуурхлаас ялгах чухал бөгөөд хэцүү даалгавар ирснийг хэлж байна. Харин сэтгүүлчдийн хувьд баримтаар баталгаажуулсан үнэнийг олон нийтэд мэдээллэх үндсэн зорилгоо урьд өмнөхөөс ч илүүтэй санан биелүүлэх шаардлага туллаа. 

Үнэнийг сонгоход, олон нийтийн эрх ашгийн төлөө мэрийн ажиллаж буй сэтгүүлч болоод уншигч, үзэгчдийн холбоог бэхжүүлэхэд итгэлцэл хамгийн чухал болов. Гэтэл Оксфордын их сургуулийн дэргэдэх Сэтгүүл зүйн судалгааны “Ройтерс” институтын Дижитал мэдээний тайлан (2024) “...дэлхий даяар, олон нийтийн дийлэнх нь мэдээнд огт итгэдэггүй…” болохыг зарлалаа. 

Тэгвэл сэтгүүл зүйн анхдагч үүрэг болох үнэний төлөө явж, түүнийгээ мэдээллэх гээч ер нь юу болж таарах вэ? 

Хариулт нь олны итгэлийг хүлээхийн тулд тууштай зүтгэхийг биднээс шаардаж буй хэрэг гэж ойлго. Энэ бол шударга бөгөөд онч байж, үнэнийг үнэн болгож байдаг гол чанар болох баримтыг нягтлахдаа үнэнч, хичээнгүй байхыг хэлж байна. Энэ бол үзэгч, уншигчдадаа бид юу мэдэж байгаа вэ, үүнийг яаж мэдсэн бэ гэдгээ хэлж, эх сурвалжийн тухайд тодорхой байхыг хэлж байна. Энэ бол бидний олсон баримт “үнэний одоогоор ил болоод буй хамгийн сайн хувилбар” гэдгээ илэрхийлж, үйл явдал үргэлжлэн өрнөх бүрд олж авсан мэдээллээрээ баримтаа бататган, баяжуулсаар байх, алдаа гаргасан бол засаж залруулах ёстойг хэлж байна. 

Туйлын үнэн гэвэл: Баримтууд адармаатай байдаг, үнэн өөрийгөө нотолдоггүй. Сэтгүүл зүй алдаагүй төгс гэсэн үг биш. 

Туйлшралд автсан өнөөгийн ертөнцөд юуг баримт гэж үзэх дээр зөвшилцөж чадахгүй хүмүүс хэтэрхий олширч, үнэн үгүй болсон гэж маргалдаж байна. Ийм учир зөвхөн хариуцлагатай сэтгүүлчид төдийгүй бүх нийтээрээ итгэж болохуйц, нотолгоонд суурилсан мэдээлэл гэж юу болохыг ойлгох нь зайлшгүй чухал юм. 

Энэ нь ердөө мэдээг боловсруулж, түгээхийн тухай төдий асуудал биш, харин баримтаар дамжуулан хүмүүсийг үнэнд итгэх итгэлийг өдөөхийн нэр болж байна. 

“Ройтерс” институтын захирлын үүрэг гүйцэтгэгч Расмус Клэйс Нильсений 2018 онд бичсэнчлэн “Үнэнийг олж мэдээллэх гэсэн сэтгүүлчийн эгэл тэмүүллийн цаана хүмүүсийг эргэн тойрныхоо тухай илүү ихийг бодитоор мэдэхэд хөтлөх чухал хүч байдаг гэдгээрээ сэтгүүлчид болоод олон нийт хоорондоо холбогдож байдаг”. 

Үнэн гэвэл, олон нийтийн эрх ашгийн төлөөх чанартай сэтгүүл зүй чухал. 

Баримт чухал. Үнэн чухал. 

Энэхүү Дэлхий мэдээний өдрийг тохиолдуулан хэлэхэд, сэтгүүлчид болоод иргэд гэж ялгалгүй бид ҮНЭНИЙГ СОНГОХ ЁСТОЙ. 

Кэти Инглиш нь Канадын Сэтгүүл зүйн сангийн удирдах зөвлөлийн дарга бөгөөд “Toronto Star” сонины олон нийтийн редактораар 13 ажилласан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.