“Ghost“, “G.I Jane“, “Indecent Proposal“ зэрэг кинонуудаараа бидний хэдийнэ танил болсон жүжигчин Дэми Мур энэ жил нээлтээ хийж буй цоо шинэ аймшгийн кинонд дүр бүтээсэн билээ. Том дэлгэцийн бүтээлд эргэн ирж байгаад нь олон хүн баяртай байгаа нь ч мэдээж.
Хөгширч буйн улмаас өөрийгөө илүү залуу, үзэсгэлэнтэй харагдуулахын тулд хууль бус наймаачнаас нэгэн эм худалдан авснаар үйл явдал эхлэх гэнэ.
9 сарын 20-нд АНУ-д нээлтээ хийсэн даруй шуугиан тарьж, Rotten Tomatoes дээр 90 хувийн үнэлгээ авсан энэхүү киноны зураглал, хэрцгийлэл олон хүний тэсвэр тэвчээрийг сорьж, зарим нь дуусгаж чадалгүй кино театрыг орхин гарсан гэнэ.
“The Substance” нэртэй тус бүтээлийг цус нөж, хэрцгийлэл, яргалал зэргийг үзэж тэвчих хэмжээний хүмүүс л сонирхох хэрэгтэйг олон кино шүүмжлэгч дурджээ.
Үүнээс гадна цаанаа агуулж буй гүн гүнзгий утга санаагаараа ч олон хүний анхаарлыг татжээ. Өдөр бүр бид үзэсгэлэнтэй, төгс байх ёстой тийм л нийгэмд амьдарч, гоо сайхны хэмжүүрээр хэмжигдэж байгааг тус бүтээл хөндөж чаджээ.