UBLife Logo
Урлаг

Дундговь аймгийн Дэрэн суманд Нүүдэлчин Ухаан олон улсын дүрслэх урлагийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

Б.Энхжин
Б.Энхжин
Дундговь аймгийн Дэрэн суманд Нүүдэлчин Ухаан олон улсын дүрслэх урлагийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

Европын холбооны соёлын институтын нэгдлийн Монгол дахь салбараас санаачлан эхлүүлсэн “Нүүдэлчин ухаан” олон улсын дүрслэх урлагийн хөтөлбөр Дундговь аймгийн Дэрэн суманд 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 2-ны хооронд хэрэгжиж дууслаа. Тус хөтөлбөр нь 5 орны 8 уран бүтээлч, Дэрэн сумын сургуулийн 200 гаруй хүүхэд, 10 гаруй багш, орон нутгийн иргэд, удирдлагууд, төслийн баг, хотоос ирсэн зочид нийт 260 гаруй хүнийг хамруулсан олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ болж өнгөржээ.    

Уран бүтээлчид Дэрэн сумын нутаг болоод Их газрын чулуу орчмоор аялж байгаль орчин, хүмүүсийн амьдрал ахуй, соёлтой танилцсаны дараагаар Дэрэн сумын төв дээр 10 хоногийн туршид байршиж тус сумын иргэд, сургуулийн хүүхдүүдтэй хамтран дэлхий нийтийн өмнө тулгараад буй байгаль орчин, экологийн асуудлуудыг урлагаар дамжуулан хамтдаа хэлэлцэж, олон чиглэлийн урлагийн бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулсан байна. 

Тухайлбал Финландын уран бүтээлч Лаура Мерз байгальд хоргүй бэх, цаас, ер бусын будах хэрэгслүүдийг ашиглан хэрхэн дотоод мэдрэмжээ, байгалийн дүрс, ан амьтанг хийсвэрээр илэрхийлж болох аргачлалыг сургуулийн сурагчдад зааж сургасан бол уран бүтээлч Н.Зулцэцэг мөн байгалийн элементүүд болон байгальд хоргүй материалуудыг ашиглан хэрхэн график бүтээл тууривахыг зааж сургажээ.

Харин уран бүтээлч Н.Амарсайхан тус сумын төвд 60 гаруй жилийн өмнө баригдсан чулуун байшингийн нуранги дээр Хайлаастын амнаас түүсэн унаг модыг ашиглан “Байгалийн тархи” нэртэй орон зайн баримлаа, Франц уран бүтээлч Эл Паро хуучны нүсэр том төмөр савыг ороон ургасан ургамлыг санагдуулам модон баримлаа хэдхэн хоногийн дотор тус тус бүтээж дуусгав. 

Австри уран бүтээлч Елена Кристофор өөрийн арга барилыг ашиглан Дэрэн сумын тал хээр дунд авсан фото зургууд, түүнчлэн тухайн газраас олдсон өвсийг ашиглан гар аргаар боловсруулж бэлдсэн фото зургуудаа сумын захад байрших хаягдсан барилга дотор, орон зайн өргийн хамт дэлгэн үзүүлсэн бол Герман уран бүтээлч Корнелиа Конрадс монгол гэрийн хуучирч хэмхэрсэн ханыг ашиглан орон зайн өрөг бүтээж Дэрэн сумын баруун хойд талд хадан дунд байршуулсан байна. Корнелиа нь “монгол гэрийн хана нь бат бөх хэрнээ уян хатан юм, энэ нь монгол хүний чанарыг санагдуулсан, иймээс эдгээр баримлуудаа монгол хүнийг төсөөлөн хийсэн” гэж тайлбарлав. 

Монгол уран бүтээлч Л.Түвшинжаргал байгальд хаягдсан мод, малын ясыг ашиглан бүтээсэн өрөг ажлууд, мөн дусал дуслаар мод услах хөхүүр мэт хэмжээтэй дуслын системийг сумын цэцэрлэгийн орон зайд байршуулжээ. Харин уран бүтээлч Б.Мөнхдорж дээрээ тагтай монгол үндэсний авдар дотор ногоон ургамал байршуулан тольны тусгалын тусламжтайгаар хязгааргүй харагдах орон зай, түүн доторхи ургамлын дүрсийг бүтээж сургууль дотор байршуулсан байна.  

Ингээд уран бүтээлчид болон сургуулийн сурагчид, хог хаягдал, хуучирсан болон байгалийн гаралтай эд материалуудыг ашиглан хөтөлбөрийн явцад бүтээсэн ажлуудаа 10 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулсан “Нүүдэлчин Ухаан” олон нийтэд зориулсан өдөрлөгийн хүрээнд сумын төвийн 7 өөр байршилд буюу цэцэрлэгт хүрээлэн, гадаа орон зай, сургуулийн коридор, мөн балгас, хаягдсан байшин, спорт заалны шал гэхчлэн ер бусын байршлуудад дэлгэн үзүүлсэн байна. Энэхүү үзэсгэлэнгийн гол санаа нь хаягдал бүхэн хог биш, балгас бүхэн үхмэл биш, энэ ертөнц дээр байгаа бүхэн амьтай, сүнстэй, өөрийн гэсэн үнэ цэнэтэй гэдгийг сануулж, аль болох хуучин зүйлсээ ашиглаж, хайрлаж, байгальд ээлгүй хэрэглээг багасгахыг бусдад уриалахыг зорьжээ. 

Тус хөтөлбөрийн куратораар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Улаан булан олон улсын ресиденс хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Б.Гантуяа ажиллалаа. Тэрээр уран бүтээлчидтэй хамтран ажиллахын зэрэгцээ төслийн явцад сургуулийн хүүхдүүдэд зориулан дэлхий даяар тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, экологийн асуудлуудыг бусад оронд хэрхэн анхаарч, арга хэмжээ авч байгаа, хүмүүсийн хандлагад гарч буй өөрчлөлтүүд, нүүдэлчин ахуй амьдралын онцлог, уламжлал, гүн ухаан хэрхэн ач холбогдлоо өгч чадах зэрэг асуудлыг хөндөн нээлттэй хэлэлцүүлгүүд зохион байгуулжээ. Түүнчлэн сумын сургуулийн хүүхдүүдэд зориулан Солонгос гаралтай Бразил кино найруулагч Яра Лигийн бүтээл “Хог биш эрдэнэ”, “Ногоонбаатар Эко Арт Фестиваль” баримтат кино, “Учрал” мэргэжлийн болон тэргэнцэртэй бүжигчдийн нэн орчин үеийн бүжгийн тухай баримтат киног үзүүлж дараа нь үзэл бодлоо хуваалцаж ярилцсан байна.   

Нүүдэлчин ухаан – олон улсын хөтөлбөрийг *EUNIC буюу Европын холбооны соёлын институтын нэгдлийн санхүүжилтээр тус байгууллагын Монгол дахь салбар болон түүнийг хэрэгжүүлэгч гишүүд болох Монгол-Францын төв, Бээжин дэх Австри улсын Элчин сайдын яам болон Финляндын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте-Институт зэрэг байгууллагууд санаачлан, Европын холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, түүний харьяа Нүүдлийн Улаан булан олон улсын ресиденс, Дэрэн сумын захиргаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, дунд сургуулийн хамт олон хамтран хэрэгжүүллээ.

*EUNIC - Европын холбооны соёлын институтын нэгдэл нь Европын холбооны бүх гишүүн болон холбогдох улс орнуудын 39 гишүүнтэй, Европын үндэсний соёлын байгууллагуудын сүлжээ юм. Тус байгууллагын Монгол дахь салбар нь бид бүхний өмнө тулгараад буй нийтлэг асуудлуудыг хамтран шийдвэрлэх замаар Европын Холбоо болон Монгол Улсын соёлын оролцогч талуудын хоорондын бат бөх, тогтвортой харилцааг хөгжүүлэх зорилготой юм.

Төслийн тухай илүү мэдээллийг redcorner-mongolia.com вэб хуудаснаас сонирхоорой. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.