Уран бүтээлч X.Сүрэн “Made by Memory 3/2” буюу "Дурсамжаар бүтээв 3/2" уран бүтээлийн үзэсгэлэнгээ “Улаан гэр” галерейд 10 дугаар сарын 5-наас дэлгэн толилуулж байгаа билээ. Энэхүү үзэсгэлэнгийн нэгэн онцгой зүйл нь бүгдэд тэгш хүртээмжтэй буюу хараа, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд ч нээлттэй байлгахаар зорьжээ. Уран бүтээлч Х.Сүрэн хүн бүр үзэсгэлэнг ижил хүртэж, өөр өөрийнхөөрөө таашаал аваасай хэмээн хүсэж байгаагаа онцолж байсан юм.
Уран бүтээлийн тайлбар бүр товгор үсэг бүхий брайл бөгөөд бүтээл болгоны хийцийг тайлбарласан дуу бичлэг болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд зориулсан код бүхий видео тайлбарыг бүтээл тус бүрийн хажууд байршуулсан байв.
Үзэсгэлэнгийн танхимд бүтээл бүртэй ойртож, брайл үсгийг хурууныхаа өндгөөр няхуур гэгч нь мэдэрч, видео тайлбарыг сониучирхан үзэх хэсэг зочид байсан нь Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн сурагчид байлаа.
Тэдний хувьд хэн нэгний тусламжгүйгээр өөрсдөө тайлбарыг нь уншиж, урлагийг мэдэрч байгаа нь анхны удаагийнх, өмнө нь хэзээ ч ийм үзэсгэлэн үзэж байгаагүй талаар багш, сурагчид талархан ярьсан юм.
116 дугаар сургуулийн сэтгэл зүйч Т.Оюунжаргал “Бид заавал ийм өнгөтэй, ийм хэлбэр дүрстэй зүйл байна гэж тайлбарлахгүйгээр хүүхдүүд маань өөрсдөө бие даагаад үзэх боломжтой үзэсгэлэн гаргасанд нь баяртай байна. Брайл тайлбартай гэдгийг сонссон цагаасаа сурагчид маш өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Тэр хүлээлтэд нь хүрсэн үзэсгэлэн болжээ. Цаашдаа өөр үзэсгэлэн, музейнүүд ч ийм хүртээмжтэй болох тал дээр анхаараасай гэж хүсэж байна“ хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Сурагчид Монголын Урлагийн зөвлөлийн хэрэгжүүлж буй “Бид чадна-Бид авьяастай” төсөлд хамрагдаж байгаа бөгөөд төслийн мэргэжилтэн Б.Отгонжаргал “Төслийн хүрээнд орсон сургалтууд дээрээ хүүхдүүддээ урлаг гэдэг чинь ийм юм байдаг шүү гэж хэлж, ярихаас цаашилдаггүй байсан. Яг нөгөө яриад байсан урлагаа мэдрүүлье, танилцуулъя гэхээр хүртээмжтэй байдаггүй. Харааны бэрхшээлтэй гэхээр л хүмүүс бүр огт хардаггүй гэж ойлгодог. Гэтэл энэ хүүхдүүд дотор 0 хараатай, сул хараатай, үлдэгдэл хараатай гээд янз бүрийн хүүхэд байдаг. Харааны бэрхшээлтэй л бол дүрслэх урлагаас хол, хамааралгүй гэсэн ойлголтыг халж, хүртээмжтэй үзэсгэлэн гаргасанд нь хүүхдүүдийн өмнөөс маш их баярлаж байна. Өнөөдөр бол бидний хувьд урлагийг мэдэрсэн, хүртсэн чухал өдөр болж байна“ гэлээ.
Үзэсгэлэнтэй танилцсан сурагчид юу мэдэрсэн, ямар бодол төрсөн талаараа найзуудаасаа, багш нараасаа нууцлан сэтгэгдэл бичих дэвтэрт уралдан бичиж байлаа.
Уран бүтээлч Х.Сүрэн “Хүүхдүүд үзэсгэлэн дээр хүрч ирэхэд нь би хамгийн түрүүнд хүртээмжтэй байдал ямар хэрэгтэй, зайлшгүй зүйл вэ гэдгийг маш сайн ойлгосон. Зөвхөн хүүхэд гэлтгүй, бүх хүнд хүртээмжтэй байдал маш чухал. Үзэсгэлэнд ирсэн хүүхдүүд хөөр баясалтай байхыг хараад маш сайхан сэтгэгдэл төрсөн. Тайлбарлаж байгааг минь ямар анхааралтай сонсож байгааг харах нь үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байлаа. Цаашид бүхий л үйл ажиллагаа, үзэсгэлэн, арга хэмжээнүүд хүртээмжтэй, хүн бүхэн оролцох боломжтой зохиогдож байгаасай гэж хүссэн” хэмээн ярьсан юм.
Дүрслэх урлагийг бүгдэд хүртээмжтэй байж болохыг баталсан “Made by Memory 3/2“ үзэсгэлэн 10 сарын 29-ны өдрийг хүртэл хэн бүхэнд нээлттэй байх тул та бүхэн зорьж очиж заавал үзээрэй.