ОХУ-ын зохиолч Леонид Юзефовичийг монголчууд Барон Унгерний тухай зохиолоор нь сайн мэднэ. Тэрээр саяхан “Ясная Поляна” шагналыг “Бар хотод хийсэн аялал” буюу ”Поход на Бар-Хото” туужаараа хүртлээ. Түүнтэй “Московский Комсомолец” сонины сэтгүүлч уулзан ярилцжээ.
-Таны туужийн үйл явдал Монголд эхлээд Монголд өрнөөд. Тэгсэн мөртөө тэнд дууссангүй.
-Миний амьдралд Монгол улс хэрхэн орж ирснээс яриагаа эхэлмээр байна. Манай их сургуульд цэргийн тэнхим байдаг байлаа. Цэрэгжилтийн хичээлээ дуусгаад байтал нэг өдөр биднийг бүгдийг нь 2 жилийн цэрэгт татаад, дэслэгч цол өглөө. Хэрэв арми яваагүй бол би их сургуулиа төгсөөд Наманган хотод хуваарилагдах байлаа. Тэгсэн бол миний амьдралд Дундад Ази, Узбекистан орж ирэх байсан юм. Ингээд би Буриадад цэргийн алба хаалаа. Өвөр Байгалийн цэргийн тойрог гэж байлаа. Энэ тойрогт Буриадаас гадна Монгол хамаардаг байсан. Анх удаагаа Монголд очоод байгалийн сайхныг нь биширсэн. Би хоёр төрлийн байгальд л дуртай. Нэг нь, төрөлх Хойд Уралын байгаль. Хад асга, хус мод гээд л. Хоёр дахь нь Монголын байгаль. Энэ улсыг өмнө нь Гадаад Монгол гэж нэрлэдэг байлаа. Тэд Хятадын эрхшээлээс гарахад Өвөр Монгол нь Хятадад үлдсэн. Та Михалковын “Урга” киног үзсэн бол яг л ширээ шиг тэгшхэн тал нутаг үзсэн байх. Өвөр Монголын тал нутаг тийм тэгшхэн. Харин манай Монголын хээр тал өөр, толгод үргэлжлээд үгээр илэрхийлэх аргагүй үзэсгэлэнтэй. Янз бүрийн эрдэнэс чулуу ил гарсан байх тул олон өнгөөр солонгороод. Нар жаргах үеийн дүр зураг зүгээр л гайхамшиг. Нэг удаа очсон хүн хэзээ ч мартахгүй. Миний залуу нас Монгол, Буриад, Уралд өнгөрсөн. Дараа нь би Унгернийг сонирхож эхэллээ. Түүний тухай тэр үед юу ч бичдэггүй байсан юм. Бароны тухай анхны туужаа би 1980-аад оны эхээр бичиж, “Уральский следопыт” сэтгүүлд нийтэлсэн. Өөрчлөн байгуулалт эхэлж, архив үзэж болдог болоход би “Самодержец пустыни” номоо бичсэн. Маш олон удаа, олон хэл дээр хэвлэгдсэн ном. Монгол хэл дээр гарсны дараа намайг Монголд урьж эхэлсэн. Монголчууд, монголч эрдэмтэн олон хүнтэй найз болсон.
-Зарим үйл явдал нь Монголд өрнөдөг “Журавли и карлики” байна. “Поход на Бар-Хото” ч Монголын тухай таны ээлжит зохиол уу?
-Ээлжит гэхээсээ Монголын тухай сүүлийн зохиол гэж болно. Би дахиж тийшээ эргэж очихгүйгээр шийдсэн. Нас ч ахилаа.
-“Поход на Бар-Хото” тууж тань Монголын тухай оросуудтай ярилцсан зохиол уу, эсвэл оросуудтай оросуудын талаар ярилцсан зохиол гэж ойлгож болох уу?
-Мөнхийн асуудлын талаарх яриа. Үнэндээ би нэг хиймэл зохиомол орон бодож олоод энэ бүх үйл явдлыг тэнд өрнүүлсэн бол илүү дээр байсан байх. Гэхдээ тэгвэл уншигчдад сонирхолгүй байх болно. Тэгээд бодит улсыг авсан юм.
-Улс нь бодит, үйл явдал нь жинхэнэ мөртөө Бар-Хото гэдэг цайз нь зохиомол биз дээ?
-Тийм нэр байхгүй нь үнэн. Гэхдээ Ховд гэдэг Хятадын цайз байсан. Одоо ч аймгийн төв байгаа, цайзын үлдэгдэл балгас ч бий. Романы гол баатруудын нэг Зундуй гэлэн гэх бөө ч бодит хүн. Маш алдартай Дамбийжанцан лам байгаа юм. Миний номд бичсэн байгаа түүний туг тахих ёс ч жинхэнэ болж байсан явдал. Үхсэн хятадуудын цусаар ханз бичээд л.
-Дайсныхаа арьсыг хуулах нь бас бодит явдал уу?
-Тиймээ, бодит явдал.
-Таны зохиол Монголд цэргийн алба хаасан орос офицер Борис Солодовниковын намтар, өдрийн тэмдэглэл маягаар бичигдсэн. Борис бодит хүн мөн үү?
-Ер нь соёлтой, сэхээтэн орос офицер маш олон байсан. Тэр үед цагаантан, улаантан болоод талцаад байлдсан. Борис тэр хүмүүсийн нэг нь.
- “Поход на Бар-Хото” бол үндэсний үзлийн тухай зохиол гэж олон хүн ярьж байна. Харин надад номын нэгэн гол шугам нь эрэгтэй,эмэгтэй хүмүүсийн харилцаа байлаа.
-Аль алиных нь тухай зохиол.
-Таны багадаа уншсан номоос аль нь хамгийн их нөлөөлсөн бэ?
-Монголыг сонирхдог болохоор тэр үү, Василий Яны “Чингисхан”, “Батый”, “К последнему морю” зохиолууд их нөлөөлсөн.
-Одоо түүхчдийн нэгэн маргалддаг сэдэв бол Оросын төрт ёс. Алтан Ордоны улс, Визант хоёрын аль нь Орост төрт ёс тогтоход илүү нөлөөлсөн бэ?
-Би үргэлж дундыг барьдаг. Аль алинаас нь гэж л хэлнэ.