UBLife Logo
Ярилцлага

Ярилцлага | Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн талаар мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ

Ярилцлага | Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн талаар мэдвэл зохих БҮХ ЗҮЙЛ

Австралийн Засгийн газрын дэмжлэгтэй Зориг сангаас хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” энэ өдрүүдэд 13 дахь элсэлтээ авч байна. Найман сарын хугацаанд оролцогчдод манлайллын ур чадвар, харилцаа холбоогоо тэлэх, шинэ боломж нээх, төсөл хэрэгжүүлэх зэрэг олон ур чадвар, туршлага суулгадаг уг хөтөлбөрийг 240 гаруй хүн төгсөж, 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр 48 нийгмийн төсөл хэрэгжүүлжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Австралийн Засгийн газрын тэтгэлэг олгодог гаднын улсууд Монгол дахь хөтөлбөрийн дизайныг жишиг болгон авч, төслөө хэрэгжүүлж байна. Бид энэ удаа хамгийн тогтвортой, өргөн хүрээг хамарч, амжилттай хэрэгжиж буй эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн талаар мэдэхээр зорьсон юм.


-“Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн түүх хэзээ, хэрхэн эхэлсэн бэ?

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын захирал Л.Энхтүвшин

-Австралийн тэтгэлэгт хөтөлбөр Монголд 1993 оноос хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Энэ бол Монгол Улсын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хоёр орны иргэд хоорондын харилцаа, төр засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Австралийн Засгийн газрын санхүүжилттэй санаачилга.

Хөтөлбөрийн эхний 15 жилд бид төрийн албан хаагчдыг Австрали руу магистр, докторын зэрэгт суралцуулж, олон нийтэд чиглэсэн нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлдэг байлаа. Харин сүүлийн жилүүдэд тэтгэлэгт хөтөлбөрийг төрийн алба, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд нээлттэй олгодог болсон байгаа.

Тэтгэлэгт хамрагдсан хүмүүсийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд, 30 орчим хувь нь эрэгтэйчүүд байдаг. Гэтэл карьерын өсөлт, албан тушаалын түвшингээр харьцуулаад харахад эрэгтэйчүүдийн карьерын өсөлт илүү хурдан, шийдвэр гаргах түвшинд, тэр дундаа улс төрийн салбарт илүү амжилттай байгаа харагддаг. Тиймээс 2013-2014 онд Австрали, Монголын хамтарсан багаараа судалгаа хийж үзсэн юм. Судалгаагаар эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд ажиллахад дэмжлэг үзүүлэх тусгай хөтөлбөр хэрэгтэй нь тодорхой болсон. Ийнхүү Австралийн Засгийн газрын дэмжлэгтэй хөтөлбөрийн анхны загварыг боловсруулж, санхүүжилтээ шийдээд хэрхэн явуулахаа ярилцаж эхэллээ. Тэр үед Зориг сангийн Америк дахь салбарын тэргүүн Уолтер Жэнкинс болон багийнхантай нь санал солилцох завшаан гарч, тэр уулзалтаас оролцогчдод зөвхөн манлайллын ур чадвар олгох сургалт, семинараас гадна нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх замаар багаар ажиллах туршлага хуримтлуулах, тулгарсан сорилтыг даван туулах боломжийг олгоё гэсэн санаа гарч байлаа.

Ингээд 2014 онд анхны хөтөлбөрийн тендерээ зарлахад Зориг сангийн баг шалгарч, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, 2015 оны нэгдүгээр сард хөтөлбөрийн анхны элсэлтээ авч дуусаад, хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлсэн түүхтэй.

-Хөтөлбөр хэд дэх жилээ хэрэгжиж байна вэ? Өнгөрсөн хугацаанд нийт хэдэн оролцогч хамрагдсан бэ?

Зориг сангийн “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 12 дахь элсэлтийн зохицуулагч Э.Нарангарав

-Анх 2014 нээсэн хөтөлбөр маань 13 дахь жилээ хэрэгжиж байна. Сүүлийн жилүүдэд манай хөтөлбөрийн дизайнаар Вьетнам, Лаос зэрэг Австралийн Засгийн газрын тэтгэлэг олгодог улсуудад хэрэгжүүлж эхлээд байгаа. Өнгөрсөн 12 жилийн элсэлтээр 242 оролцогч хөтөлбөрт хамрагдаж, нийгэмд хандсан 2 тэрбум гаруй төгрөгийн үнийн дүн бүхий 48 төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Хөтөлбөрийн бас нэг онцлог нь Монгол дахь найман сарын хөтөлбөрөө дуусгасны дараа 10 хүртэлх оролцогч Австрали дахь эрчимжүүлсэн манлайллын сургалтад хамрагддаг. Эрчимжүүлсэн сургалтад өнөөдрийг хүртэл 133 оролцогч хамрагдаад байна.

-Яагаад энэ хөтөлбөрийг сонгож орж ирсэн бэ?

Австралийн Засгийн газрын дэмжлэгтэй Зориг сангаас хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2024 оны оролцогч Ж.Арман

-Тухайн үед би Австралид мастерын зэргээ хамгаалаад буцаж ирээд удаагүй байлаа. Академик чиглэлээр өөрийнхөө түвшнийг ахиулчихлаа, мастераа хамгаалаад ирчихлээ, одоо цаашид карьерынхаа хувьд яах ёстой вэ гэсэн асуултыг өөртөө тавьчихсан байсан үе.

Өөрийгөө ямар байдлаар сорьж үзэх вэ, хувь хүн талаасаа ямар чадвараа хөгжүүлэх вэ гээд боломж хайж байсан гэхэд болно. Тэгээд л хөтөлбөрийн зарыг үзээд өөрийгөө сорьж, урьд нь хийж үзээгүй ажлаа хийж үзье, танилын хүрээгээ тэлье гээд материалаа илгээсэн.

-Хөтөлбөрийн турш оролцогчид юу хийдэг вэ?

Зориг сангийн “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 12 дахь элсэлтийн зохицуулагч Э.Нарангарав

-Найман сарын хугацаанд төслийн менежмент, стратегийн үндэслэлтэй шийдвэр гаргах, EQ ( emotional intelligence), AI зэрэг хүмүүст хамгийн хэрэгтэй судалгаагаар гарсан хэд хэдэн сургалт ордог. Бас Монголд болон Австралид танигдсан манлайлагч нартай танилцах, туршлага хуваалцах уулзалтууд хийж, 3-4 танилцах арга хэмжээнд багуудыг оролцуулдаг. Ялангуяа Австрали, Монголын хооронд хамтын ажиллагаа хэрэгжүүлж байгаа байгууллага, хувь хүмүүс, Австралийн бизнес эрхлэгчидтэй уулзах, эсвэл Австралийн ЭСЯ-ны зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцох, Австралид ижил төстэй чиглэлээр ажиллаж байгаа хүмүүстэй холбогдох боломж гээд өргөн боломжууд гаргаж өгдөг. Энэ хугацаанд манай Зориг сан болон Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн баг 3-4 удаа багуудтай уулзаж, төслийн явцын талаар зөвлөгөө өгч, чиглүүлнэ. Төслөө хэрэгжүүлээд эхэлсэн бол төслийг нь олон нийтэд таниулах тал дээр ч сангаас дэмжиж ажилладаг.

Энэ бүхний дараа багаараа нийгэмд хандсан төслүүдээ хийнэ. Танхимд болон бусдын туршлагаас суралцсанаа амьдрал дээр хэрэгжүүлэх боломжийг энэхүү төсөл олгодог. Хөтөлбөрийн хамгийн сүүлийн ажил бол оролцогчдоос тодорхой тооны хүмүүсийг шалгаруулж, Австрали руу 14 хоногийн эрчимжүүлсэн манлайллын сургалтад явуулах. Тэнд очоод манлайлагч хүн ямар байх вэ гэдгийг сурч, Австралийн менторуудтай танилцах, тэнднээс суралцах, хамтын ажиллагаа эхлүүлэх боломжийг олгодог.

-Найман сарын хөтөлбөрийн хугацаанд хамгийн их нөлөөлсөн сургалт, ур чадвар юу байсан бэ?

Австралийн Засгийн газрын дэмжлэгтэй Зориг сангаас хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2023 оны оролцогч Г.Ганхуяг

-Би өмнө нь ямар нэг нийгмийн төсөл хэрэгжүүлж байгаагүй учраас нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх нь илүү сонирхолтой байсан. Нэг нэгнээ танихгүй таван хүн нэгдээд тодорхой хугацаанд төсөл хэрэгжүүлнэ гэдэг ажлын хажуугаар амаргүй. Гэхдээ цаг заваа зориулаад, нийгмийн сайн сайхны төлөө төсөл хэрэгжүүлээд ард нь гарах мэдрэмж их сайхан. Хүн бүрийн ажил мэргэжил өөр. Гэхдээ нийгмийн чиглэлээр ажилладаггүй байлаа ч карьерынхаа хугацаанд нэг удаа ч болов нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх боломжийг олгодгоороо маш том өгөөж өгч байгаа гэж боддог. Миний хувьд энэ бол хамгийн гоё туршлага байсан.

-Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн нийгэмд чиглэсэн төслүүдээс онцлох гурван төслийг танилцуулж өгнө үү?

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын захирал Л.Энхтүвшин

-Хөтөлбөрийн 12 төгсөлтийн хугацаанд 48 төсөл хэрэгжүүлээд байна. Бүгд л нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө, нийгэмдээ чиглэсэн шилдэг төслүүд. Гэхдээ хамгийн түрүүнд санаанд орж байгаа нь Нийслэлийн Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль дээр хэрэгжүүлсэн төсөл. Энэ сургууль дөрвөн талдаа замтай, заавал зам гарч байж сургуульдаа ирж, очдог. Хүүхдүүд шууд зам руу гүйх эрсдэлтэй байршил. Манай нэг төслийн баг энэ нөхцөлийг анзаараад сургуулийн орчныг хүүхдэд ээлтэй болгоё гээд төв зам руу харсан задгай хэсэгт 2500 гаруй мод бут тарьж хаагаад, хоёр талын туслах зам дээр цагаан шугам тавьж, төв зам дээрх гарцан дээр гэрлэн дохио байршуулсан. Дэд бүтэц, хөрөнгө санхүүгийн талаасаа энэ томоохон төсөл байсан юм. Зөвшөөрөл авахаас өгсүүлээд тог цахилгаан гээд их ажил өрнөсөн дөө. Төслийн ажил дууссаны дараа Замын цагдаагийнхантай хамтраад ахлах ангийн сурагчдад замын аюулгүй байдлын хичээл, сургалтууд ч орсон. Энэ төсөл олон хүүхдийн аюулгүй байдалд тус нэмэр болж байгаа болов уу гэж боддог.

Дараагийнх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамтран ажиллах төсөл санаанд тод байна. Ихэвчлэн гэртээ жижиг бизнес эрхэлдэг, хөдөлгөөний бэрхшээлтэй 23 эмэгтэйг хамруулсан. Тухайн баг маань тэдний хийсэн бүтээгдэхүүнийг маркетинг хийж, зах зээлд танилцуулах, эсвэл ур чадварыг нь сайжруулах сургалтад хамруулаад ажилд оруулах төсөл санаачилсан. Сүүлд хоёр ч эмэгтэй нь бизнесээ өргөжүүлээд, экспод оролцоод явж байхтай нь таарсан. Нэг нь нөхөртэйгөө хамтраад модон эдлэл хийдэг хүн байлаа. Сүүлдээ төсөл нь өргөжөөд бизнес болоод, ЖДҮ-д хамрагдаад амжилттай явж байгаа. Сагс хийдэг эмэгтэй маань одоо манай төслүүдэд сургалт ордог болчихсон байх жишээний. Төслийн хүрээнд гурван хүнийг ажилд оруулснаас нэг нь л лав 8-9 жил тогтвор суурьшилтай ажиллаад явж байна. Ажил дээр нь очих бүрдээ таарахад сайхан байдаг.

Гуравдахь нь, номын сангийн төсөл. Австралид төгсөгчдөөс “Австралиас юуг нь санаж байна?” гээд асуудаг юм. Ихэнх нь нийтийн номын сан гэдэг. Нийтийн номын сан гэдэг ойлголт Австралид их сайн хөгжсөн байдаг. Гадаад оюутнуудын хувьд бол ганц ном уншдаг юм уу, ороод чимээгүй суудаг газар биш, гэр бүлээрээ очоод тухтай байх, аюулгүй, цэвэрхэн орчныг бүрдүүлдэг учраас хүний зүрх сэтгэлд их ойр юм байна л даа. Тиймээс манай бас нэг баг Хүүхдийн төв номын сангийн нэг уншлагын танхим, хурлын өрөөнд нь яг Австралийн нийтийн номын сангийн жишгээр тохижилт хийсэн.

-Хөтөлбөрийг төгссөнөөс хойш ажил, карьерт тань ямар бодит өөрчлөлт гарсан бэ?

“Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2023 оны оролцогч Г.Ганхуяг

-Найман сар гэдэг тийм ч богино хугацаа биш. Зарим академик мэдлэгийг хүртэл нэг жилийн хугацаанд сурч болж байна. Дурдвал маш олон төрлийн ур чадвар суулгасан байна. Жишээ нь, одоо тантай ярилцаад сууж байхад хүртэл медиатай хэрхэн харилцах вэ, ярилцлага өгөхдөө хэрхэн сандрахгүй байх вэ гэсэн сургалтаас олсон чадвар маань хэрэг болж байна. Дээр нь ажлын байран дээр удирдлагад ажиллаж байгаа хүмүүсээ хэрхэн менежмент хийх вэ, цагийн менежмент дээр яаж ажиллах вэ гэсэн чадварууд өдөр тутамд хэрэг болж байгаа. Бас нэг гол зүйл нь эмэгтэйчүүдийн манлайлалд эрчүүдийн зүгээс яаж оролцох, яаж дэмжих ёстойг ойлгосон явдал. Өмнө нь бол эмэгтэй, эрэгтэй хүмүүс эрх тэгш өрсөлдөөд явчихдаг гэж ойлгодог байсан бол одоо тодорхой ялгаа, зааг байдгийг ойлгож, ажлын байранд эмэгтэйчүүдээ хэрхэн илүү дэмжих талаар ойлголттой болсон.

“Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2024 оны оролцогч Ж.Арман

-Хөтөлбөрт орох үедээ би Монголбанканд эдийн засагчаар ажиллаж байлаа. Одоо харин Голомт банкны Ерөнхий эдийн засагчаар ажиллаж байна. Нэг талаас мастерын зэргээ хамгаалсан маань ажил мэргэжлийн хувьд ч хөгжих суурь нөхцөл болсон байх, дээр нь Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт хамрагдаад багаар ажиллах, манлайлах, шинийг санаачлах зэрэг ур чадварууд (soft skill)-аа хөгжүүлж, нийгмийн аливаа асуудлыг бодитоор ойлгох, практик туршлага хуримтлуулах, бодлого боловсруулагчийн сэтгэлгээнээс тэлж бизнесийн бодит үйл ажиллагааг ойлгох зэрэг зүйлийг суралцсан.

Хөтөлбөрөө төгсөөд удаагүй байхдаа шинэ ажлын санал хүлээн авч, шинээр сурсан мэдлэг, урам зоригтоо үндэслээд карьераа ахиулах боломжийг илүү хөгжих сорилт гэж харж, зоригтой хүлээн авсан. Одоогоор банкны салбарт судалгаа шинжилгээний ажлыг өндөр түвшинд, чанартай гүйцэтгэх, бизнесийн шийдвэр гаргалтад макро эдийн засгийн үзүүлэх нөлөөлөл, ирээдүйн төлвийг тодорхойлох, олон нийтийн эдийн засаг, санхүүгийн талаарх мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллаж байна.

-“Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-т эрэгтэйчүүд оролцож болох уу?

Зориг сангийн “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 12 дахь элсэлтийн зохицуулагч Э.Нарангарав:

-Хэдийгээр хөтөлбөрийн нэр “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” боловч эрэгтэйчүүдийг оролцуулахгүй гэсэн үг биш. Австралийн Засгийн газрын зүгээс хөтөлбөрийн нэрийг өөрчлөхгүй байх санал тавьдаг. Учир нь, эрэгтэйчүүд хөтөлбөрийн нэрнээс болоод өргөдлөө илгээхгүй байх биш, харин ч үүнийг давж, өргөдөл гаргах хэрэгтэй. Нэгэнт шалгарсан л бол сургалт, хөтөлбөрүүд хүйс харгалзалгүй хувь хүний манлайллын чадвараа ахиулах боломжийг олгодог. Бас эрэгтэй оролцогчид ажлын байран дээр эмэгтэйчүүдэд тулгардаг саад бэрхшээлийн талаар илүү ойлголттой болоод төгсдөг.

-“Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-т хамрагдахаар бэлдэж буй хүмүүст хандаж юу хэлэх вэ?

Австралийн Засгийн газрын дэмжлэгтэй Зориг сангаас хэрэгжүүлдэг “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2024 оны оролцогч Ж.Арман:

-Хүн бүр ажил хийдэг, дээр нь гэр бүлтэй, цаг зав бага байгаа юм чинь амжихгүй дээ гэж боддог байх. Гэхдээ хүн завгүй байх тусмаа илүү бүтээлч болдог. Хөтөлбөр мэдээж оролцогчдоос цаг зав гаргахыг шаарддаг. Гэхдээ тэр бүрдээ хүн хөгжөөд явдаг учраас хожим харамсахгүй. Дээр нь нэг удаа өөрийгөө сориод үзэхэд юунд буруудах билээ.

-Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжихийн тулд юун түрүүнд өөрчлөх ёстой гол асуудал юу вэ?

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын захирал Л.Энхтүвшин

-Бид өнгөрсөн 13–14 жилийн хугацаанд гурван удаа судалгаа хийж үзлээ. Судалгаанаас харахад монгол эмэгтэйчүүдийн боловсролын түвшин харьцангуй өндөр байна. Гэвч эмэгтэйчүүд карьерын хувьд дээд удирдлагын түвшинд хүрэхэд тээг болдог үл үзэгдэх хаалт өнөөг хүртэл хэвээрээ л байгаа.

Эмэгтэй хүн инженер, чадварлаг хуульч, компанийн захирал, гүйцэтгэх удирдлага, төслийн менежер болдог гэсэн ойлголт саяхан, ердөө сүүлийн 10–15 жилийн хугацаанд л тогтож байна шүү дээ. Өнгөц харахаар манайд эмэгтэй хүн эрх чөлөөтэй, дуу хоолойгоо бүх зүйлд хүргэж чаддаг, зарим тохиолдолд давуу эрхтэй юм шиг харагддаг. Гэтэл яг шийдвэр гаргах түвшинд очихоор асуудал өөрөөр эргэдэг. Дундаас дээш шатны менежментийн түвшинд ажилладаг эмэгтэйчүүдийн тоо харьцангуй бага. Гэтэл шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо олон юм шиг харагдаад байдаг. Учир нь, өнөөх дундаас дээш шатны менежерүүд чинь давхар удирдлагынхаа ажлыг хийгээд явж байгаа. Чанар талаасаа энэ чинь хоосон тоо болчихоод байгаа юм. Гэр бүлийн хүрээнд ч эцэг эхийн үүрэг, хүүхэд өсгөх тал дээр эмэгтэйчүүд 60-аас дээш хувьтай оролцож байна. Тэгэхээр энэ мэт тогтсон хандлагыг өөрчилж, тоо, чанарын зөрүүг ойлгохгүйгээр бид эмэгтэйчүүдийн манлайлал хангалттай түвшинд ирсэн гэж ярьж болохгүй байгаа юм.


Хэрвээ та хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байвал ЭНД дарна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...