Дараах хүчтэнүүд ирэх арван жилд уран, хурц барилдаанаараа бөхийн өргөөг шуугиулах нь лавтай. Бид энэхүү жагсаалтыг гаргахдаа насны залуу, уран мэхийг уралдуулах чадал, унаа хол, хурц, шаламгай барилдаанч байдлыг нь онцолж үзлээ.
Улсын харцага Батсүхийн Зоригтбаатар
Түүнийг бөх сонирхогчид Зүрхбаатар ч гэж авгайлдаг. Үнэхээр ч зүрхтэй, зоригтой барилдаанаараа бөхийн өргөөг шуугиулах чадалтай, шуугиулж ч явсан хүчтэн бол улсын харцага Б.Зоригтбаатар юм.
Тэрээр ярилцлагадаа хэлэхдээ “Үзэгчид алга ташаад, шуугиад эхлэхээр биe хөнгөрөөд нэг их сайхан мэдрэмж төрдөг. Тэр үед өөрт ир орох шиг санагддаг юм. Гоё мэх хийж, уран даваа авчихсан үедээ сэргээд л, гүймээр санагдаад эхэлдэг” хэмээн дурссан нь бий.
Улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан
Амаргүй барилдаантай Амарсайхан начин уран мэх, шаламгай барилдаанаараа хэдийн бөх сонирхогчдын сэтгэлийг эзэмдсэн бөх өө.
Начин маань эвсэлтэй сайхан бүжиглэж буй бичлэгээрээ цахим орчинг шуугиулаад амжсан удаатай. Түүний барилдах нь хүртэл бүжих мэт санагддаг.
Биеэр жижиг учир Д.Амарсайхантай зодоглоход хэнд ч амар мэт санагдавч час халуун, сэтгэх уран, цолондоо дүүрэн бөх юм, тэр.
Аймгийн арслан Мөнхбаярын Баасанжав
Хөвсгөл аймгийн арслан М.Баасанжав иртэй, ассан зоригтой барилдаанаараа олон ч наадмыг чимэх нь гарцаагүй.
Тэрээр ид шуугиулах 24 насандаа Булганы наадамд түрүүлж, сумын заанаас шууд аймгийн арслан цолонд хүрсэн билээ. Мянган бөхийн наадамд хоёр түрүүлж, хоёр үзүүрлэсэн аргагүй эрэмбэ юм болохоор зориг нь багтаж ядан аархсан нь энэ.
Аймгийн арслан Галбадрахын Мөнхбаяр
Тунаж барилддаг бөх наадмын чимэг ээ. Өнөө жил аймгийн арслан цолонд хүрсэн Галбадрахын Мөнхбаяр зааланд явагдсан сүүлийн дөрвөн ч барилдаанд хэнд ч амлуулалгүй тунаад байна.
Цахилж барилддаг энэ залууг дийлж зогсооно гэдэг амаргүй.
Аймгийн арслан Пүрэвдоржийн Хүрэлбаатар
Өнөө жилийн Улсын наадмын чимэг нь гарцаагүй П.Хүрэлбаатар байв. Тэрээр гурав, дөрвийн даваанаа хамгийн түрүүнд давсан бөхөөр тодрохдоо Ц.Бямба-Отгонг арслан цолтой нь шидсэн анхны бөх болж, Н.Жаргалбаяр зааныг гэнэ алдуулан хаясан. Гэлээ ч начны даваанаа улсын харцага Э.Ууганбаярт амлуулж барилдаад унасан юм.
Үнэхээр мундаг чангарч яваа бөх дөө. Ямартаа ч 24-хэн настай идэр арсланд улсын цол ойрхон буй нь гарцаагүй.
Аймгийн заан Сугирын Доржпалам
Өмнөговиос тодорч, ур чадвар нь өдрөөс өдөрт өсөн сайжирч буй идэр заан С.Доржпаламыг наадмын чимэг бөх гэж хардаг хүн олон. Мянган зааны барилдаанд манлайлж түрүүлсэн энэ залуугийн уртай, иртэй барилдаан хүн бүрийг бишрүүлдэг. Тэр бол биеэр жижиг ч бэлчээр том бөх өө.
Цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь
Архангай аймгаас өнгөрсөн жил цэргийн заан Ө.Батсуурь заалны барилдаануудад удаа дараа тунаж, улсын цолтнуудтай аваа өгөөтэй байж дүүрэн сайхан барилдсан. Түүний хувьд, уран, шаламгай барилдаанаараа цолгорч буй нь үзэхэд ч урамтай чимэг нэмж байна.
Бүх цэргийн наадмаар М.Лхагвагэрэлд өвдөг шороодон үзүүрлэж, 2019 онд сумын цолтой бөхчүүдийн барилдаанд Д.Цэрэннямыг хаяснаар түрүүлж байсан гэх даруухан амжилттай айсуй цагийн идэрхэн хүчтэн цолгорч буй нь энэ ээ. Ирэх цаг гэдэг тэр л гэлтэй...
Цэргийн начин Гансүхийн Мөнх-Ёндон
Өнөө жилийн бүх цэргийн наадмаар энэ цагийн өнгөнд барилдаж буй арслан цолтой таван бөхийг хаяснаар цэргийн начин цолонд хүрсэн юм, тэр.
Үүнээс өмнө гэвэл 2022 онд Архангай аймгийн Хашаат сумын наадамд түрүүлж сумын заан цолонд хүрсэн агаад дараа жил нь Хархорин сумынхаа наадамд үзүүрлэсэн бөх юм.
Өдгөө 23 настай идэрхэн хүчтэн ч гэлээ мянган зааны барилдаанд арав давж түрүүлсэн шаггүй эр ээ.