Энэ сарын 17-21-нд Бээжинд 2026 оны олимпын эрх олгох уран гулгалтын тэмцээн явагдана. Тэмцээнд ОХУ-ыг төлөөлөн оролцох Аделия Петросян Оросын олимпын ганц найдвар болоод байгаа юм. Олон улсын холбооны нэр дээр оролцох орос тамирчдыг тэмцээний үеэр сэтгүүлчидтэй харилцахыг хориглосон. Их дарамт дор өрсөлдөх ч 2026 оны өвлийн олимпын эрхээ авч чадна гэдэгт итгэлтэй байна. Ингээд Аделия Петросяны тухай 12 баримтыг танилцуулъя.

1. Тутберизегийн унаган шавь биш
Аделия уран гулгалтын анхны алхмаа Этери Тутберизе багштай хийгээгүй. Тэрээр “Москвич” гэдэг сургуульд анх гулгаж байжээ. Анхны дасгалжуулагч нь Ирина Страхова. Ирина бол Элизабет Турсынбаева, Карина Акопова нартай ажиллаж байсан мэргэжилтэн.
2. Хоёр настайдаа өөрөө уран гулгалтыг сонгосон
Нэг хэсэг янз бүрийн мөсөн шоу Орос улсыг бүрхээд байлаа. Тэр үед Аделия “Ледниковый период” шоуг үзэж сонирхсон юм. Хоёрхон настай байсан ч бяцхан охин тэр дороо уран гулгалтад орох хүслээ илэрхийлсэн байна. Аав ээж нь хоёр жил харзнаад охины мөрөөдөл өөрчлөгдөөгүй тул уран гулгалтын сургуульд хөтлөн аваачжээ.
3. “Арцах” аянд бүжиглэсэн ч Армений шигшээгээс татгалзсан
2020/2021 оны улиралд Аделия Армений алдарт “Арцах” аянд гулгаж байлаа. Учир нь түүний аав армени хүн. Армений шигшээ багаас урилга ирсэн ч охин татгалзсан юм.
4. Дөрвөн өөр ультра-си элемент гүйцэтгэсэн
Аделия богино болон чөлөөт үзүүлбэртээ дөрвөн маш хүнд элемент 4Lo, 4T, 4F, 3A гүйцэтгэж, үзэгчдийг баярлуулсан. Дөрвөлсөн риттбергер, дөрвөлсөн флип үсрэлтийг байнга хийгээд байдаггүй ч тулуп, аксель үсрэлтээрээ тэр олон алтан медаль авч байсан.
5. Аделия сальхов үсрэлтэд дургүй
Хэдий олон талтай тамирчин ч Аделия сальхов үсрэх дургүй, хийхэд тухгүй байдаг гэж хэлж байсан удаатай. Гэхдээ нэг удаа бэлтгэл дээр дөрвөлсөн сальхов хийж байсан.
“Сэтгэлийн хөдөлгөөнөөр л үсэрсэн хэрэг. Эхний оролдлого шууд амжилттай. Дасгалжуулагч нар бэлтгэл дээр дөрвөлсөн сальхов үсрэх хүн байна уу гэж хайгаад л. Гэнэт оролдож үзмээр санагдаад л шууд чадсан” гэж тэр ярьж байв.
6. Тэмцээн дээр дөрвөлсөн риттбергер цэвэр хийсэн цорын ганц тамирчин
Аделия албан ёсны тэмцээн дээр энэ үсрэлтийг хийж, амжилттай гүйцэтгэсэн анхны бөгөөд цорын ганц тамирчин. 2021 оны 12 дугаар сард болсон явдал. Харамсалтай нь дотоодын тэмцээн байсан тул дэлхийн амжилтад тооцогдоогүй. Гэхдээ түүнээс хойш дөрвөн жилд хэн ч тэр үсрэлтийг хийж чадаагүй л байна.
7. Аделия хэт жижиг тул ачааны лифт мэдэрдэггүй
Энэ баримтыг багийн андууд нь сэтгүүлчдэд илчилжээ. Аделия хэт жижигхэн тул ачааны лифт түүнийг мэдэрдэггүй гэнэ. Хүнд зүйл барьж орж байж, ачааны лифт хөдөлгөдөг байсан гэж тэд ярьсан.
8. Түүний аав нь хийлч Тигран Петросян биш
Аделиягийн аавыг үнэхээр Тигран Петросян гэдэг. Гэхдээ зарим хүний андуурдагчлан алдартай хийлч Тигран биш юм.
9. Yo Soy Maria үзүүлбэрээ бэлтгэхдээ мэргэжлийн гоо сайханч урьсан
Ер нь тэр өөрийн бүх үзүүлбэрийн дүрээ өөрөө бүтээж, будаг гоёлоо ч өөрөө хийдэг. Харин ганцхан программдаа мэргэжлийн хүн дуудсан нь Yo soy Maria танго.
10. Аделия сэрүүлэггүй сэрдэг авьяастай
Аделия ямар ч сэрүүлэг хэрэглэлгүйгээр хүссэн цагтаа сэрж чаддаг.
“Би яг хэрэгтэй цагтаа, сэрүүлэггүйгээр сэрж чаддаг онцлогтой. Заримдаа маш олон өдөр дараалан жишээ нь, яг 07:07 цагт сэрэх үе бий. Санамсаргүй өөр цагт сэрэх хүртлээ үргэлжлээд л 07:07 цагт сэрээд байдаг” гэж хэлсэн.
11. Аделия худалдан авалт хийх дуртай
Нэгэн ярилцлагадаа тэр shopaholic буюу худалдан авалт хийх маш дуртай хүн гэдгээ илчилсэн. Гоо сайхны бараа, хувцасны дэлгүүрт ороод хэдэн цаг болдог, маш олон тор дүүрэн юм худалдан аваад гардаг гэнэ.
12. Тэмцээний мандат, зарлалыг хаядаггүй
Аделияд оролцсон бүх тэмцээнийх нь мандат, зарлал байдаг гэвэл та итгэх үү? Үнэн, тэр нэг ч мандатаа хаяж байгаагүй. Сүүлийн үед тэмцээний зарлал, сурталчилгаанд түүний зураг гардаг болсон. Баннер, тасалбар, зарлал гээд хаа сайгүй түүний зураг. Газар сайгүй гэрэл зургаа харахад ямар байдаг талаар нь сэтгүүлч асуухад Аделия “Миний гэрэл зургийг ямар ч мэдрэмжгүй хүн сонгосон байна. Миний программд ийм дүр ч байхгүй. Магадгүй тэр хүн уран гулгалтыг үзэн яддаг байх” гэж хошигнож байлаа.