UBLife Logo
Дэлхий

Их Британийн III Карл хааны тухай сонирхолтой баримтууд  

Их Британийн III Карл хааны тухай сонирхолтой баримтууд  

Их Британийн хаан өнөөдөр 76 нас хүрч байна. Их Британийн түүхэнд хамгийн удаан титэм залгамжлагч ханхүү нэртэйгээр явсан Чарльз буюу одоогийн III Карл хааны тухай сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.

Чарльз Филип Артур Жорж 1948 оны 11-р сарын 14-нд ээжийгээ Их Британийн Хатан хаан болохоос 5 жилийн өмнө төрсөн.

Ханхүү Чарльз 1952 оны 2-р сарын 6-нд хаан ширээг залгамжлагч болсон. Маш олон жилийг хаан ширээг горилсоор өнгөрөөж, 2022 онд хаан ширээнд суусан. 73 нас, 9 сар, 23 хоногтой байсан нь түүнийг Их Британийн Эзэн хааны ширээнд суусан хамгийн ахмад хаан болгон түүхэнд үлдээжээ.

Багадаа Чарльз аавтайгаа муудалцаад "Намайг ирээдүйн Эзэн хаан гэдгийг битгий мартаарай" гэж хашхирдаг байсан гэдэг.

Дунд сургуульд байхдаа тэр ангийнхантайгаа таардаггүй, хичээлдээ муу хүүхэд байлаа. Өвөрмөц төрхтэй тул Дэлдэн, Диснейн хүүхэлдэйн киноны зааны тугал Дамбо гэсэн хочтой. Тооны хичээлийн шалгалтдаа 3 унаж байсан удаатай.

Чарльз багаасаа зан ааш муутай хөвгүүн байлаа. Томчуудын үдэшлэгт түүнийг оруулахгүй болохоор тэдний юу ярьж байгааг сонсохоор ханын розетканд чихээ наагаад зогсож байсан гэдэг. Хүү Харри нь түүний энэ занг өвлөн авсан бололтой байнга хэрүүл шуугианд ордог байв.

Эзэн хаан маш том гартай. Елизавета II нэгэн удаа "Түүний гар маш том, гэхдээ урт хуруутай сайхан гар. Минийхээс огт өөр, аавынхаа гартай бол бүр тэс ондоо" гэж хэлж байв.

Тэр олон талын хоббитой. Поло сайн тоглодог, уран зураг зурж, цэцэг тарьдаг. 2022 онд зурсан Балмор цайзын зураг нь АНУ-д дуудлага худалдаагаар 65  ам.доллараар зарагдсан.

Архитектурын талаар хэд хэдэн ном бичиж, экологийн баримтат киноны зохиол бичсэн хүн. Байгаль хамгаалах үйлсэд байгуулсан гавьяаг нь үнэлж, шинэ төрлийн мэлхийг түүний нэрээр нэрлэжээ. 1980 онд “Лохнагарын өвөө” хүүхдийн ном бичсэн.

III Карл машинаа өөрөө жолооддог, арчилж, цэвэрлэхдээ ч хүний гар хүргэдэггүй. 21 насны төрсөн өдрөөрөө ээжээсээ бэлэгт авсан Aston Martin машинаа англи дарсаар хийсэн био түлшээр цэнэглэдэг. Jaguar, Range Rover болон бусад машиндаа ургамлын тосноос гарган авсан био түлш хийдэг байна.

Чарльз хачирхалтай олон зуршилтай. Тэр өдөр бүр 16-17 цагийн хооронд өндөг иддэг. Тогооч нар өндгийг яг 4 минут л чанах ёстой. Нэг дор 7 өндөг чанах бөгөөд ханхүү хамгийн сайн нэгийг нь л сонгодог.

Хүрэм болгоны халаасанд нь тэмдэглэлийн дэвтэр, үзэг заавал байх ёстой. Толгойд нь үе үе гэнэт төрдөг агуу санаануудаа бичиж авахын тулд тэр.

Тэр Дракула гүнгийн удам гэж үү? Батлах аргагүй ч Их Британийн хэвлэл түүнийг вампирын эхлэл болсон Румыны язгууртан Влад Цепешийн удам гэж бичсэн байдаг.

Ханхүү Чарльз Дианатай гэрлэхийг хүсээгүй нь түүний амьдралын гол эмгэнэл байлаа. Тэр Камилла Паркер-Боулзд хайртай байсан ч ээж нь хүчээр Дианатай гэрлүүлсэн юм. Чарльз Диана нарын амьдрал там байсан гэдгийг олон жилийн хойно л ард түмэн мэдсэн билээ. Их Британийн ард түмэн Дианад хайртай байсан тул Чарльзийг олон жил шүүмжилсэн.

Ханхүү хайрт Камиллатайгаа 2005 онд л гэрлэж чадсан. Маш их шүүмжлэл, дарамт шахалтыг сөрөн зогсож, олон жилийн хойно аз жаргалаа авч чадсан.

Хамгийн анхны дээд боловсролтой хаан. Тэрээр Эзэн хааны гэр бүлийн гэрээрээ боловсрол эзэмшдэг дүрмээс татгалзаж, 1970 онд Кембрижийн их сургуулийн бакалавр зэрэг авсан.  1975 онд мөн хүмүүнлэгийн ухаанаар  Кембриж их сургуульд магистр болжээ.

1970 онд АНУ-д айлчлал хийхэд нь Америкийн Ерөнхийлөгч Ричард Никсон түүнийг охинтойгоо танилцуулж, гэрлүүлэх гэж оролдож байсан гэдэг.

Чарльз усанд шумбагчийн лиценз авсан анхны хаан. 1970 оноос усанд шумбалтаар хичээллэж, живсэн хөлөг онгоц судалдаг байлаа.

Ирээдүйн Эзэн хааны анхны дуулиан 14 настайд нь тохиолдсон. Сургуулийн аяллын үеэр тэр бусдаасаа тасарч, БААР ороод бренди захиалаад уугаад сууж байжээ.

2009 онд Esquire сэтгүүл түүнийг Дэлхийн хамгийн ганган эрээр шалгаруулж байв.

Эзэн хаан гадаадад аялахдаа эмийн сандаа өөрийн донор цусыг авч явдаг.

Гар утас хэрэглэдэггүй. Цаасан захидал, факс ашиглах дуртай.

Карл III паспортгүйгээр дэлхийгээр аялаж, жолооны үнэмлэхгүй машин барьж болох цорын ганц хүн.

BBC ТВ-д цаг агаарын мэдээ уншиж байсан удаатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.