АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан БНН-ын нэр дэвшигч Дональд Трампын Засгийн газрын бүрэлдэхүүнд орох эрхмүүд тодорсоор байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр Трамп 27 настай Каролин Левиттыг томиллоо. Левитт түүхэнд хамгийн залуу хэвлэлийн албаны тэргүүн болж байгаа юм. Тэрээр саяхан 27 нас хүрсэн, тун саяхан хүүхдээ төрүүлсэн. Бие давхар байхдаа ч Трампын сонгуулийн сурталчилгааг хариуцан ажиллаж байлаа.
Дональд Трамп түүнийг “Маш ухаантай, хатуу чанга, хөдөлмөрч бүсгүй. Америк орныг дахин агуу гүрэн болгох зорилгыг ард түмэнд хүргэж чадна гэдэгт итгэж байна” гэж тодорхойлсон.
Ливитт - Нью-Гэмпшир мужийн уугуул. Сент-Ансельм католик коллежид улс төр, харилцаа холбоо судалсан. Оюутан байхдаа Fox News сувагт дадлага хийж, 2019 онд Цагаан ордны хэвлэлийн албанд ажилд орж байжээ. Таван жилийн дотор жирийн ажилтнаас дарга болох замыг туулсан байна.
Трампын анхны ерөнхийлөгчийн хугацаа дууссаны дараа Каролин конгрессийн гишүүн Элиз Стефаникийн олон нийттэй харилцах албаны захирлаар ажилласан. 2022 онд Конгресст нэр дэвшихийн тулд ажлаа орхисон. БНН-аас дэвших эрх авсан хоёр дахь Z үеийн төлөөлөгч болж байлаа. Сонгуульд ялагдсан ч тайзан дээрээс олон нийттэй харьцах үнэтэй туршлага хуримтлуулж чадсан юм. Улс төрийн үзэл нь Трамптай ихэнх талаар таардаг. Эдийн засгийн салбарт татварыг багасгаж, чөлөөт зах зээлийн бодлогыг хэрэгжүүлэн, хилийн хамгаалалтыг чангатган, хууль бус цагаачлалтай тэмцэхээр амлаж байсан.