Сүүлийн үед манай өмнөд хөршид гарч байгаа нэгэн шинэ трэнд бол өөрийн хуримын ёслолын мэдээ, гэрэл зургаа сонинд хэвлүүлдэг моод юм. Залуу хосууд амьдралынхаа чухал үйл явдлыг тэмдэглэх хамгийн романтик арга бол хэвлэлд мөнхлөх гэж үздэг болжээ.
Учир нь нэгэнт сонинд гарсан нийтлэлийг арилгаж, устгаж болохгүй. Энэ нь хэзээ ч салшгүй үүрдийн хайрын бэлгэ тэмдэг гэнэ. Мөн ямар ч сонин номын санд хадгалагдан үлддэг тул хойч үед нь түүхэн дурсгал болон үлдэнэ. Ёслолоос шууд лайв хийж, цахим сүлжээнд цацах боломжтой ч хуучны аргаар мөнхлөх нь залууст илүү сонирхолтой байгаа юм. Хуримын мэдээ, зураг нийтлэхэд 520-9999 юанийн үнэтэй. Сонины нэр хүнд, нийтлэлийн хэмжээнээс үнэ хамаарна.
Энэ трэнд сүүлийн жилүүдэд санхүүгийн хямралд ороод байгаа цаасан сонины зах зээлд тун ашигтай байгаа юм. Том компаниуд зар сурталчилгаагаа цаасан сонинд биш цахим сайтад өгдөг болсон өнөө цагт орон нутгийн зарим сонин хуримын мэдээний ачаар ажилтнуудаа цалинжуулдаг болжээ. Тиймээс орон нутгийн захиргаа, цаасан хэвлэлүүд ард иргэдээ хурим, төрсөн өдөр, ойн арга хэмжээ зэрэг эерэг мэдээллээ сонингоор дамжуулан цацахыг уриалдаг болсон байна.