UBLife Logo
Дэлхий

Жо Байден ATACMS пуужингаар ОХУ-ын нутгийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрлөө

Жо Байден ATACMS пуужингаар ОХУ-ын нутгийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрлөө

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден албан тушаалаа хүлээлгэн өгөхөөсөө өмнө Украины зэвсэгт хүчинд АНУ-аас нийлүүлсэн ATACMS пуужингаар ОХУ-ын нутгийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрчээ. Украины Ерөнхийлөгч Зеленский олон сар зөвшөөрөл гуйн, хүлээж байсан билээ.

Байдений энэ шийдвэрийн талаар анх New York Times, Washington Post сонингууд мэдээлсэн бөгөөд удалгүй CNN, CBS телевизүүд энэ мэдээг баталлаа. Оросын тал Хойд Солонгосын цэргүүдийг Курск мужид авчирсны хариу арга хэмжээ гэж эх сурвалжууд дүгнэж байна.  

Энэ шийдвэр Орос, Украины дайны үр дүнд хэрхэн нөлөөлөх нь тодорхой бус ч ямар ч гэсэн дайны ажиллагаа улам өргөжиж, энгийн иргэд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа нь тодорхой.

Цэрэг, дайны шинжээчдийн үзэж байгаагаар ATACMS пуужингаар нутгийн гүнд цохилт өгч эхлэснээр Украины тал Оросын Курск мужийг эрхэндээ байлгаж чадна. Ингэснээр удахгүй болох магадлалтай байгаа энхийн хэлэлцээрт давуу талтай болох, илүү хөзөр нь энэ пуужин болж байгаа юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Өнөөдөр дэлхийн хэвлэл мэдээллүүд биднийг ОХУ-ын нутгийн гүнд цохилт өгөх зөвшөөрөл авсан талаар мэдээллэж байна. Гэхдээ цохилтыг үгээр өгдөггүй. Ийм үйл явдлыг зарладаггүй. Пуужингууд өөрсдөө хэлээд өгнө. Заавал шүү” гэж мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч тайлбар хэлээгүй байгаа ч Владимир Путин өмнө нь “Хэрэв АНУ Украинд нутгийн гүнд харвах зөвшөөрөл өгвөл энэ нь НАТО дхайнд оролцож байгааг албан ёсоор мэдэгдсэн хэрэг болно” гэж анхааруулж байсан билээ.

ATACMS (Army Tactical Missile System) - HIMARS төхөөрөмжөөс харвадаг баллистик пуужин. 305 км хол газарт хүрэх хүчин чадалтай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.