UBLife Logo
Хөгжим

Нэгэн зургийн түүх: Оззи Осборн сарьсан багваахай “идлээ”

Нэгэн зургийн түүх: Оззи Осборн сарьсан багваахай “идлээ”

“Түн харанхуйн ноён” Оззи Осборн өнөөдөр 76 насныхаа  төрсөн өдрийг тэмдэглэж байна. Хэдий тэгш ой биш ч гэсэн тэмдэглэлт баярыг нь тохиолдуулаад түүний түүхэнд үлдээсэн хамгийн агуу гэрэл зургийн түүхийг толилуулж байна.

1982 оны нэгдүгээр сарын 20-нд Айова мужийн Де-Мойнд болсон тоглолтын үеэр дэлхийн рок хөгжмийн түүхэн дэх хамгийн галзуу үйл явдал болсон юм. Рок хөгжмийн түүхэнд олон “аймшигтай” дуучин, хөгжимчин байсан ч түүнийг хэн ч энэ олон жилийн турш даван гарч чадаагүй билээ. Наяад оны үеийг урлагийн түүхэнд “Satanic Panic” гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Бараг бүх хүнийг чөтгөр шуламтай холбоотой хэмээн сэжиглэж байсан үе. Тиймээс Оззи Осборны энэ явдлын тухай мэдээ гэрлийн хурдаар дэлхийд тарж байжээ.

Оззи Осборн хар тамхинд хэт донтсоны улмаас 1979 онд “Black Sabbath” хамтлагаа орхихоос өөр аргагүйд хүрсэн байв. Гэвч гандан буурсангүй, ганцаар дэлхий тойрон аялан тоглолт хийнэ. Дээр дурдсан тэрхүү алдарт тоглолтын зарлал дээр тэр өөрийгөө цув нөмөрсөн эвэртэй чөтгөр болгож дүрсэлсэн байв. Тэр үед хүнд рок хөгжмийн концерт дээр фэнүүд ан амьтны хүүр, сэг зэм авчирч, тайзан дээр хаядаг, шиддэг уламжлал байлаа. Цэнгэлдэхийн дэргэд үхсэн муур, нохой, хэрээний дүрстэй резин тоглоом худалдаалдаг, тэрийг нь шиддэг байсан хэрэг.

Ингээд Оззи ид дуулж байтал тайзан дээр үхсэн сарьсан багваахай байж байх нь тэр. Онгод нь орж, үсэрч дэвхцэж байсан Оззи резин тоглоом гэж бодоод, үзэгчдийг хөөргөхийн тулд шүүрч аваад хүзүүнээс нь хазлаа. Сарьсан багваахай тоглоом биш жинхэнэ байсан тул фэнүүд үнэхээр сэтгэл нь хөөрөв. Харин амьд, үхсэн байсан эсэх нь тодорхойгүй. Хэн нэг нь Оззид зориулан авчирсан “бэлэг”. Осборн өөрөө сарьсан багваахай аман дотор нь сэргээд хэлийг нь хазсан гэж дараа нь ярьсан. Түүнийг халдварт өвчин туссан гэсэн цуурхал ч гарч байв.

“Сарьсан багваахай ямар амттай вэ гэж үү? Шорвог, маш шорвог гэж би хэлнэ” Оззи Осборн

Энэхүү агуу үйл явдлынхаа 37 жилийн ойд зориулан, Оззи толгойг нь салган идэж болдог, сарьсан багваахайны тоглоом худалдаанд гаргаж байлаа. Ер нь Оззи галзуурлын үедээ юу ч хийж мэдэх хүн. Хар тамхи сорж буй мэт шоргоолж цувуулан тавьж байгаад сордог байсан. Mötley Crüe хамтлагийн Никки Сиксийн шээсийг газар дээр долоосон гээд олон яриа гарч байсан удаатай.

2010 оны зургаадугаар сард Оззи биеэ шинжлэх ухааны хөгжилд хандивлаж байгаагаа зарласан.

“Би бол анагаах ухааны гайхамшиг. Бүтэн 40 жил мансуурч, архи уулаа, яагаа ч үгүй. Тасраад, зодолдоод сэргээд дахиад тасарна. Миний энэ бие шинжлэх ухааны судалгаанд хэрэгтэй тул нас барсан хойно минь задлан шинжилгээ хийгээрэй” Оззи Осборн

“Knome” компаниас түүний генийн судалгааг нарийн хийжээ. Гэтэл Оззи неандерталчууд болон 79 оны наймдугаар сард Везуви галт уулын дэлбэрэлтээр амиа алдсан эртний ромчуудын үр удам болох нь батлагджээ. Мөн Оросын Николай II, Их Британийн Георг I эзэн хааны холын хамаатан төдийгүй XIX зууны Америкийн хамгийн алдартай гэмт хэрэгтэн Жесси Жеймстэй цусан төрөл болж таарав. Ийм хүн сарьсан багваахай идээд байхаас өөр яах билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.