Их Британийн BBC 2024 оны бусдад урам зориг хайрласан, нөлөө бүхий 100 эмэгтэйг шалгарууллаа. Тэдний дунд Нобелийн Энх тайвны шагналт Надя Мурад, нийгмийн идэвхтэн, хүчирхийллийн хохирогч Жизель Пелико, жүжигчин Шэрон Стоун, олимпын тамирчин Ребека Андраде, Эллисон Феликс, дуучин Рэй, зураач Трейси Эмин, цаг агаарын өөрчлөлттэй тэмцэгч Аденике Оладосу, зохиолч Кристина Ривера Гарса нарын эрхмүүд багтжээ. Украин, Газын зурвасын дайн, Ливаны хямрал гээд 2024 он эмэгтэйчүүдийн хувьд тун хүнд жил байлаа. “Оны 100 эмэгтэй” төсөл энэ бүх хүндрэлийн эсрэг эмэгтэйчүүд мятрашгүй тэмцсээр байгааг илтгэн харуулж байгаа юм. Энэ удаад бид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч эмэгтэйчүүдийг танилцуулж байна.
Наоми Чанда, Замби
Фермер, багш
Чанда малчид, тариаланчдыг газарт ээлтэй аргаар аж ахуй эрхлэхийг уриалдаг. Ялангуяа цаг агаарын өөрчлөлтийг бодолцсон арга буюу ус бага хэрэглэх, хөрсийг дахин сэргээх хэрэгслийг илүүд үзэхийг зааж өгдөг байна. “Camfed” байгууллагын тусламжтайгаар Чанда 150 залуу бүсгүйг Замбигийн гантай нутагт хэрхэн ажиллах талаар сургалтад хамруулж байна.
Инна Можа, Мали
Дуучин, модель, олон нийтийн идэвхтэн
Инна Можа охидын эрүүл мэндээс эхлээд жендерийн асуудал, тогтвортой хөгжил гээд олон салбарт үйл ажиллагаа явуулж байна. Африкийн газар нутгийн цөлжилт, хөрсний доройтлын эсрэг “Агуу ногоон хана” баримтат киноны продюсероор ажиллаж, өөрөө тоглосон. НҮБ-ын элч төлөөлөгчийн хувиар цаг агаарын өөрчлөлтийн хохирогчдын дуу хоолойг эрх мэдэлтнүүдэд хүргэх ажил хийдэг. Code Green олон нийтийн байгууллагын үүсгэн байгуулагч.
Шилшила Ачарья, Балба
Тогтвортой хөгжлийн салбарт бизнес эрхлэгч
Шилшила Ачарья Балба дахь хуванцар дахин боловсруулах сүлжээ үйлдвэрийн эзэн. Түүний “Avni Ventures” компани эдийн засгийг ногооруулах салбарт эмэгтэйчүүдийг татан оролцуулах зорилготой. 2014 онд тэрээр “Уучлаарай, би цүнхтэй” гэсэн гялгар уут ашиглахын эсрэг ажил зохион байгуулж байв. Мөн Гималай ууланд уулчдын орхисон хог хаягдлыг цэвэрлэх ажил хийдэг. 2019 оноос хойш сайн дурынхан 119 тонн хогийг уулнаас буулгаад байна. Тэр хогоороо сагс, гоёл чимэглэл хийж, орлогыг нь нутгийн иргэдэд хандивладаг.
Брижит Батист, Колумби
Эколог
Трансжендер, биологч Батист арван жилийн турш Александр фон Гумбольдтын хүрээлэнгийн захирлаар ажилласан. Одоо Боготагийн EAN их сургуулийг удирддаг. Бэлгийн цөөнхийн төлөөллүүдэд дээд боловсрол эзэмшихэд нь туслах төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн төлөө тэмцдэг. Батист ургах хугацаандаа “хүйсээ” хэд хэдэн удаа сольдог Колумбийн үндэсний Quindío wax palm хэмээх модоор жишээ аван, тэдний эрх ашгийг хамгаалж байлаа.
Роса Васкес Эспиноса, Перу
Химич-биолог
Роза Васкес Эспиноса Перугийн Амазон мөрний сав газрыг хамгаалахад шинжлэх ухааны сүүлийн нээлт, ололтыг ашиглах ажилд амьдралаа зориулсан хүн. Түүний байгуулсан “Amazon Research International” байгууллага нутгийн уугуул иргэдтэй хамтран, хүний хөл хүрээгүй жунглийн байгалийг судалдаг. Перугийн зөгийн балны химийн бүтцийг судлаж, Амазонд шинэ бактер нээсэн. Тэрээр Перугийн ашанинка омгийн уугуул.
Энас Аль-Гуль, Палестин
Инженер-агроном
Газын зурваст дайн эхлэсний дараа гарсан ундны усны хомсдлын асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Шил, брезент, мод зэрэг материалыг дахин ашиглаж, тэнгисийн усыг цэнгэг болгох төхөөрөмж зохион бүтээсэн. 2023 онд эхэлсэн дайны дүрвэгчдийн амь насыг аварсан чухал нээлт байлаа.
Махедер Хайлеселасси, Этиоп
Гэрэл зурагчин
Түүний зургуудын ар талд ширгэсэн гол мөрөн, хатсан хээр тал байнга гардаг. Цөлжилт, ган гачгийн улмаас ард түмэн төрсөн нутгаа орхин нүүж, охидоо бага насанд нь нөхөрт гаргахаас өөр аргагүй болж байгааг харуулах зорилготой. Энэ сэдэв түүнд өнгөрсөн жил “Contemporary African Photography Prize” шагнал авчирсан юм.
Саша Луччони, Канад
Хиймэл оюун ухааны мэргэжилтэн
Хиймэл оюун ухаан хурдан хөгжихийн зэрэгцээ хүлэмжиййн хий нэмэгдэж байгааг тогтоох төхөөрөмж зохион бүтээсэн. Цаг агаарт хиймэл оюун ухааны стартапууд хэрхэн нөлөөлж байгааг судалдаг.
Розмари Видлер-Вельти, Швейцар
Багш, экологийн идэвхтэн
Ахмад эмэгтэйчүүдийн байгалиа хамгаалах “KlimaSeniorinnen” байгуулллагын тэргүүн тэрээр цаг агаарын өөрчлөлттэй холбоотой хэргээр Швейцарын Засгийн газартай есөн жил шүүхдэлцээд түүхэнд анх удаа ялсан эмэгтэй. Цаг агаарын өөрчлөлтөөр хэт халуун болсноос ахмад настай эмэгтэйчүүдийн эрүүл мэнд хохирч байгааг Засгийн газар хэрэгсэхгүй байна гэж заргалдаж байлаа.
Аденике Титилопе Оладосу, Нигери
Байгаль орчны идэвхтэн
Эмэгтэйчүүд, залуучуудын байгаль хамгаалах “I Lead Climate Action” байгууллагын үүсгэн байгуулагч. Нигери, Нигер, Чад, Камерун улсуудын хил дээр орших Чад нуурын экологийн байдлыг дэлхий дахинд мэдээлэх ажил хийдэг. Тэрээр экологиос гадна африк эмэгтэйчүүдийн нийгмийн байдлын төлөө тэмцдэг. Эмэгтэйчүүдэд газар тариалан эрхлэх эко арга хэрэгслийг зааж өгч, сургалт явуулдаг.
Нежла Ишик, Турк
Тосгоны ахлагч, ой хамгаалагч
Тэрээр саяхан Туркийн баруун хэсэгт орших Икизкёй тосгоны тэргүүнээр сонгогдсон. Ишик сүүлийн таван жил ой мод хамгаалах ажил хийж байна. Нүүрсний уурхай байгуулах төслийн хүрээнд Акбелен ойг хяргах болсныг эсэргүүцдэг. Хэд хэдэн удаа цагдаа нартай мөргөлдсөн ч нутгийн эмэгтэйчүүд бууж өгөөгүй.