UBLife Logo
Дэлхий

Дурласан Байден, дураараа израилчууд: Ройтерсийн оны Шилдэг гэрэл зургууд

Дурласан Байден, дураараа израилчууд: Ройтерсийн оны Шилдэг гэрэл зургууд

Жил бүрийн 12 дугаар сард дэлхийн том агентлагуудын нэг Reuters жилийн ажлаа дүгнэж, оны Шилдэг гэрэл зургуудаа танилцуулдаг билээ. 2024 онд харамсалтай нь бусад он жилүүдийн нэгэн адил дайн дажин, байгалийн гамшиг гол сэдэв байлаа. Ингээд өнгөрч буй оны онцлох гэрэл зургуудыг танилцуулж байна.

Байдены сүүлийн жил

АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд хүндхэн жил байлаа. Эрүүл мэндийн асуудалтай нь ард түмэнд ил байсан ч Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг оролдсон. Гэвч телевизийн халз мэтгэлцээнд Дональд Трамптай өрсөлдөөд үнэхээр дорой байгаа нь харагдсан тул замын голоос гарсан. Дэд Ерөнхийлөгч Камала Харрисийг орондоо сойсон ч ялагдсан билээ. Энэ бол Жо Байдены Цагаан ордон дахь сүүлийн үдшийн зоог дээр авсан зураг. Тэрээр намынхаа нөхдөд талархал дэвшүүлээд тавин жил хамт амьдарсан гэргийдээ хайраа дахин дахин илчилж байлаа. “Би бол Жилл Байдены эр нөхөр. Энэ бол миний хамгийн их бахархдаг хэргэм минь. Жилл бол манай гэрийн багана. Тэр бол түүхэн дэх хамгийн шилдэг Тэргүүн хатагтай. Жилли, би чамд хайртай. Хайртай” гэж хэлсэн юм.

Фото: Annabelle Gordon / Reuters

Гал дундах Газын зурвас

2024 онд Израил Ойрх Дорнодын өрсөлдөгчиддөө ээлж дараалан цохилт өгсөн. Сүүлийн хэдэн арван жил тэдэнтэй сөргөлдсөн бараг бүх зэвсэгт бүлэглэл хүнд хохирол хүлээлээ. Газын зурвас, Ливан, Сирийн хил орчмын бүс гээд Израилын довтолгоо энгийн иргэн, цэргийн албан хаагч ялгалгүй устгаж байна. Дайн тулаантай байгаа ч израил цэргүүд зугаацах, амрах цаг олсоор байсан. Газын зурвасын хил дээр израил цэргүүд хөлбөмбөг тоглож байгаа нь Reuters агентлагийн дуранд буужээ.

Фото: Amir Cohen / Reuters

Дахиад л дайн

Ямар ч дайн гэдэг энгийн амьдралд нөлөөлдөг. Фронтын шугамаас хол Израилын Тель-Авив хотын энгийн нэгэн кафе. Израилын эмэгтэй цэрэг юу ч болоогүй юм шиг худалдан авалт хийж, худалдагч, үйлчлүүлэгчид ч түүний бууг огт тоохгүй байгаа нь бас нэгэн эмгэнэл гэлтэй.

Фото: Marko Djurica / Reuters

Цэрэгт явахгүй

Израилын ихэнх иргэд Палестин, Ливан, Сирийн эсрэг дайнд идэвхтэй оролцсон бол нэг хэсэг нь Засгийн газрын эсрэг жагсаал, цуглаан хийсэн. Дээд шүүхээс Ешива сургуулийнхныг цэрэгт татахыг зөвшөөрсөн шийдвэр гаргасны дараа тэд цагдаа нартай гудамжны тулаан хийсэн юм.

Фото: Ronen Zvulun / Reuters

Энэ зууны гамшиг

Есдүгээр сарын сүүлээр АНУ-ыг “Хелен” хар салхи дайрлаа. Салхины хурд цагт 80 км хүрч, удалгүй 130 км, эцэст нь 220 км/цаг болж ширүүссэн. Нийт 234 хүн амиа алдаж, 113,5 тэрбум ам.долларын хохирол амссан нь 2005 оны “Катрина” хар салхинаас хойших хамгийн том гамшиг байлаа.

Фото: Jonathan Drake / Reuters

Нисэх буудал живлээ

Өмнөд Америкт болсон үер сүүлийн 80 жилд тохиолдоогүй том үер байлаа. 181 хүн үрэгдэж, 3,7 тэрбум ам.долларын хохиролтой. Бразилын Риу-Гранди-ду-Сул муж усанд автаж, нийслэл Порту-Алегриг хоёр метр өндөр давлагаа дайрсны улмаас нисэх буудал живжээ.

Фото: Adriano Machado / Reuters

Газар доорх хот

Байгалийн гамшгийг олон зуун жил амсаж ирсэн Японы Засгийн газраас үер, цүнамигаас хамгаалах газар доорх ус дамжуулах сувгийг 2006 оноос байгуулж байгаа. Газар доорх хот, ордон хэмээн нэрлэгддэг энд гадаад, дотоодын жуулчин их ирдэг. Токио хотын энэ сувгийг 13 жил барьж, 1,6 тэрбум ам.доллар зарцуулсан. Наймдугаар сард хар салхи ирэхэд энэ “хот” үр дүнгээ харуулсан юм.

Фото: Issei Kato / Reuters

Африкийн төвд түймэр

Кенийн нийслэл Найроби хотын зах дээр нэгдүгээр сарын 30-нд гарсан түймэр. Худалдагч нар гал унтраах хэрэгсэл олж чадаагүйн улмаас хотын цэнгэлдэх хүрээлэн, хорооллууд галд автсан. Зургаан цагийн дараа түймрийг унтрааж чадсан. Зах дээр хууль бус түлш, хийн наймаа явагддаг нь түймэр гарах шалтгаан болжээ.

Фото: Thomas Mukoya / Reuters

Халимын эмгэнэл

Энэ зураг дээр халимын зулзагын цогцос харагдаж байна. Рио-де-Жанейро хотын наран шарлагын газарт аравдугаар сарын 9-нд түүнийг олоход хэдийн амьсгал хураасан байлаа. Үүнээс арав хоногийн өмнө мөн нэг халим эрэг дээр гарч үхсэн байв. 2024 он гарснаас хойш гурван халим ямар нэг шалтгаанаар эрэг дээр гарч, “амиа хорлосон” байна.

Фото: Pilar Olivares / Reuters

Наргүй хэдэн минут

Энэ жил нар бүтэн хиртсэн. Дөрөвдүгээр сарын 8-нд болсон тус хиртэлтийг АНУ, Канадын иргэд тун тод харж чадсан юм. Зураг дээр, Нью-Йорк хотын иргэд.

Фото: Eduardo Munoz / Reuters

Сартай бүтэн шөнө

Энэ бол сар, Эйфелийн цамхаг, зуны олимпын бамбрыг нийлүүлсэн гэрлийн шоу. Хаалтын ажиллагаанаас хоёр хоногийн өмнөх зураг. Парисын олимпын нээлтийн ёслолыг Христийн шашинтнуудыг доромжилсон гэж олон хүн шүүмжилсэн билээ.

Фото: Christian Hartmann / Reuters

Хятадын загвар дэлхийд

Загварын ертөнцөд сүүлийн үед Хятадын Загварын 7 хоног хамгийн чухалд тооцогддог болоод байна. Шинэ залуу хятад дизайнерууд зоригтой, шилдэг шийдэл гаргасаар дэлхийн тавцанд уригдаж эхэлжээ. Тэдний нэг нь Янг Чунлинь. 35 настай энэ загвар зохион бүтээгч гудамжны мухлагаас загварын тайзанд гарсан эрхэм. Уламжлалт загварыг орчин үеийн аргаар шийдэж, ихэнх хятад оддыг “хувцасладаг” болжээ.

Фото: Tingshu Wang / Reuters

Цагаан баясгалан

Цав цагаанаар гялалзах чихрийн нишингэ. Бангладешийн нийслэл Дакка хотын ойролцоо авсан зураг.

Фото: Mohammad Ponir Hossain / Reuters

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.