UBLife Logo
Дэлхий

В.Зеленский ярилцлага өгч, дайны эхний өдрүүдийг дурслаа  

В.Зеленский ярилцлага өгч, дайны эхний өдрүүдийг дурслаа  

BBC

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын блогчин Лекс Фридманд дэлгэрэнгүй ярилцлага өгч, дайны эхний өдрүүдийг дурсан, энх тайван тогтоох арга замын талаар ярьсан байна.

ОХУ халдан довтлохын өмнөх АНУ болон Барууны улсуудын амлалтын талаар ярихдаа Зеленский хараалын үг хэрэглэж, дайн эхлэсний дараа Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой утсаар ярихад Лукашенко түүнээс уучлал гуйсан талаар анх удаа ам нээлээ.

Фридман оросоор ярихыг хүссэн ч бараг гурван цаг үргэлжилсэн ярилцлагадаа Зеленский украинаар ярихыг илүүд үзсэн байна. Ярилцлагын өмнө Лекс Фридман Москвад очиж, В.Путинтай ярилцах төлөвлөгөөтэй байгаагаа хэлж, нэгдүгээр сарын 25-нд тангараг өргөх ёслолын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нартай уулзаж, дайныг зогсоохоор тохиролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Украинд онгоцоор нисэж ирэх анхны дэлхийн том лидер болж болох юм гэсэн ч зөвхөн дайны дараа л ийм зүйл боломжтой гэж хэлжээ.

Хориг арга хэмжээний талаар

ОХУ-ын цэрэг нэвтрэн орж ирэхийн өмнөх үеийн талаар ярихдаа Зеленский Барууны холбоотнуудтайгаа юу ярилцаж байснаа дурслаа. “Би АНУ-аас тэр үед ОХУ манайд довтолно гэсэн баталгаатай баримт байгаа бол, хэрэв та нар Путинтэй ярилцаад тэр дайрна гэж хэлсэн бол би заавал баталгаа шаардахгүй, надад хоёр л зүйл өгчих  гэж гуйсан. Юуны өмнө бидэнд зэвсэг өг, гэхдээ дайн гаргахгүйн тулд бүхнийг хийвэл илүү дээр. Зэр зэвсэг гэхээсээ илүү эдийн засгийн хориг арга хэмжээ аваач гэж би хүссэн. Түүнийг айлгаад өгөөч гэж гуйсан. Харин тэд “Хэрэв Путин дайрвал, хэрэв оросууд хил давбал, тэд алаад эхлэвэл хориг тавья” гээд л” гэж тэр хэллээ.  

Фридман “Украинд цаг тухайд нь тусламж үзүүлээгүй гэж та үзэж байгаа хэрэг үү” гэж асуухад “Тиймээ, бид тусламж аваагүй. Зүгээр нэг үг, амлалтыг тусламж гэж тооцох юм бол зөндөө авсан” гэж хариулжээ. Оросууд Украины хилийг давсаны дараа л Барууны орнууд хориг арга хэмжээ авч, зэвсэг нийлүүлж эхэлсэн билээ.

Лукашенкогийн уучлал гуйсан талаар

Зеленский дайны эхний өдрүүдэд Беларусын тэргүүн Александр Лукашенкотой ярьснаа эргэн саналаа. Тэр үед Беларусын нутаг дэвсгэрээс орос цэргүүд довтолж, Киевийг эзлэх гэж оролдоод чадаагүй билээ.

“Би Лукашенкотой утсаар ярихад тэр уучлал гуйсан. Лукашенко “Манай нутгаас пуужин харваж байгаа ч би биш шүү. Путин харвасан. Чи надад итгэ. Би хянаж чадахгүй байна” гэж хэлж байлаа. Би түүнийг алуурчин гэхэд тэр “Оросуудтай дайтаж болохгүй гэдгийг ойлго” гэж байсан”

Мөн Лукашенко түүнд Беларуст цохилт өгөхийг санал болсогосон гэнэ.

“Дайны хоёр дахь өдөр байх, Лукашенко надад “За яах вэ, чи манай нефть боловсруулах үйлдвэрийг бууд л даа. Энэ үйлдвэрүүд надад ямар чухал болохыг чи мэднэ” гэсэн. Мозырскийн үйлдвэрээ хэлж байгаа юм. Би түүнд юу яриад байгаа юм бэ гэж байснаа санаж байна”

Лукашенкотой ингэж ярьсан талаараа Зеленский өмнө нь огт дурсаж байгаагүй билээ.

ОХУ-ын армийг түлшээр хангагч Мозырскийн нефтийн үйлдвэр өнгөрсөн жилийн долоодугаар сарын 15-нд хар салхины улмаас үйл ажиллагаагаа зогсоосон. Гэхдээ албан бус мэдээгээр бол Украины дроны довтолгоонд өртжээ.

Энхийн гэрээний талаар

ОХУ-тай энхийн гэрээ байгуулах боломжийн талаар Зеленский ярихдаа 2019 оныг эхлээд дурссан. Тэр үед тэрээр Путинтай Донбасст энхийг тогтоохоор тохиролцоод байсан ч ОХУ сарын дараа л гэрээгээ зөрчсөн гэнэ.

“Би оросууд руу залгасаар байгаад сүүлдээ тэд утсаа ч авахаа больсон. Дахин уулзалт хийх хэрэгтэй гэхээр тэд татгалзсан. Гадаад улсуудаар зуучлуулан холбогдох гэж оролдсон ч оросууд хүсээгүй”

Энэ сард энхийн гэрээ байгуулахын төлөө Трамп, Путин хоёртой уулзаж чадах уу гэж Фридман асуухад Зеленский “Эхлээд Трамптай уулзахыг хүсэж байна. Бид дайныг зогсоох, Путиныг зогсоох талаар ярилцаж, тохиролцоно. Хэрэв Трамп аюулгүй байдлын баталгаа гаргаж чадах юм бол дараа нь оросуудтай ярилцаж болох юм. Түүнээс биш гурвуулаа суугаад ярилцахгүй. Европыг ч гэрээнд оруулах ёстой. Трамп Европ хамтарч байж, Украины аюулгүй байдалд  найдвартай баталгаа гаргаж чадна. Трамп гал зогсоогоод харин гурван сарын дараа Путин дахиад шинэ дайн эхлүүлбэл Трамп яах вэ? Украин яах вэ? Яагаад Путин дахиад эхлэнэ гэж үү? Яагаад гэвэл тэр одоо Трампаас айж байна. Найдвартай баталгаагүйгээр Трамп дайныг зогсоовол Путин юу ч хийж болно. Түүний толгойд Трамп, бид хоёрыг муудалцуулах л бодол байгаа. Путиний хүслийг хүлээх ёсгүй. Хүчээр түүнийг дайнаас татгалзахад хүргэх хэрэгтэй” гэж хариулсан байна.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.