TikTok, Facebook, Youtube гэхчлэн цахим орчинд чөлөөт цагаа өнгөрөөх асар өргөн боломжууд хүн төрөлхтний өмнө нээгдсээр байна. 2020 онд дэлхий дахиныг хамарсан цар тахлаас үүдэн дэлхий нийтийн ном унших хэмжээ, дадал ч өөрчлөгджээ. Дэлхий нийт 2020 онд өмнөх жилүүдээс даруй 35 хувиар цөөн ном уншжээ.

2020 оны арваннэгдүгээр сард олон улсад явуулсан "Дэлхий нийтийн унших дадал" нэрт судалгаагаар улс орнуудын ард иргэдийн долоо хоногт ном уншдаг цаг, унших дадал зэргийг судлахад энэтхэгчүүд хамгийн их ном уншдаг улс үндэстнээр шалгарсан байна. Энэтхэгчүүд 2020 онд долоо хоногт 10 цаг 42 минутыг ном уншихад зарцуулжээ. Уг судалгааг хүн амын тоогоор бус хүн амын ном унших дундаж цагаар гаргасан юм.

2020 оны дэлхий нийтийн ном унших дадал:
2020 онд дэлхий нийтийн уншсан номын хэмжээ өмнөх жилээс даруй 35 хувиар буурчээ.
Хэвлэмэл номын эрэлт одоо ч аудио болон цахим номд гүйцэгдээгүй хэвээр байна.
Хөл хорионы улмаас дэлхий нийт урт зузаан роман унших нь эрс нэмэгджээ. Тэр дундаа хол газар тусгаарлагдсан хосууд романтик хайрын зохиолд шимтэх болов.
Одоогоос 200 жилийн өмнө буюу 1820 онд дэлхийн хүн амын дөнгөж 12 хувь нь л уншиж, бичиж чаддаг байсан бол одоо 86 хувь нь ийм чадвартай.
Дэлхийн номын зах зээл 2020 онд 119 тэрбум ам.долларын хөрөнгөөр эргэлджээ. Одоогоор 16,395 гаруй аж ахуй нэгжийн 315,579 гаруй ажилчид номын зах зээлд ажиллаж байна.
Ном худалдан авагчдын 3 хүн тутмын 1 нь романтик роман сонгодог бөгөөд дундаж нас нь 42, тэдний 16 хувь нь л эрэгтэй.
Нийт уншигчдын 70 гаруй хувь нь хатуу болон зөөлөн хавтастай номыг илүүд үздэг бол 10,4 хувь нь цахим ном, 7 хувь нь аудио ном сонгож байна.
Хятад улс жил дунджаар 440,000 ном хэвлэдэг тоогоор хамгийн их ном хэвлэн нийтлүүлдэг улсын жагсаалтыг тэргүүлжээ. АНУ 304,912 ном хэвлэдэг тоогоор удаалав.
Хамгийн их мэдээ мэдээлэл уншдаг улсаар Швед улс тодорсон бөгөөд тэдний 85 хувь нь өдөрт дор хаяж нэг удаа мэдээ уншдаг.

Шинжлэх ухаанаар батлагдсан ном уншихын ач тусыг мөн уг судалгаанд хавсаргажээ. Үүнд:
Ном унших нь стрессийг 68 хувиар бууруулдаг;
Дүгнэлт хийх чадварыг хүчтэй хөгжүүлдэг;
Ой санамж, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг;
Алцхаймер зэрэг тархины өвчлөлд өртөх эрсдэлийг багасгадаг;
Үгсийн сан, ярих, бичих чадварыг хөгжүүлдэг.
Хөл хорионы үед аль үеийнхэн хамгийн их ном уншсан бэ?
15-23 насныхны 34 хувь нь;
23-38 насныхны 40 хувь нь;
39-54 насныхны 31 хувь нь;
54-өөс дээш насныхны 28 хувь нь тус тус энгийн үеээс илүү их ном уншжээ.

2020 онд хамгийн их ном уншсан 10 улс үндэстэн /долоо хоногт ном уншдаг цаг/:
Энэтхэг - 10 цаг 42 минут
Тайланд - 9 цаг 24 минут
Хятад - 8 цаг
Филиппин - 7 цаг 36 минут
Египет - 7 цаг 30 минут
Чех - 7 цаг 24 минут
Швед - 7 цаг 6 минут
Франц - 6 цаг 54 минут
Унгар, Саудын Араб - 6 цаг 48 минут
Хонгконг - 6 цаг 42 минут
Эх сурвалж: Geediting.com