Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД | Нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийх нь хууль бус болохыг шүүхээр тогтоожээ


Ub.life сайт “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран орон нутагт хууль бусаар ашигт малтмал олборлохыг зогсоон, сумын удирдлагууд эрх мэдлээ урвуулан ашигласныг шийдвэрлүүлж, байгаль орчноо нэмж сүйтгүүлэхээс сэргийлсэн “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” НҮТББ болон “Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөн” ТББ-ыг энэ удаагийн дугаартаа онцолж байна.

“Өөрчлөлтийн түүхүүд” цуврал нийтлэлийнхээ энэ дугаарт Баянхонгор аймгийн Жаргалант суманд болсон үйл явдлын хүрээнд "Нөхөн сэргээлт нэрээр давхар олборлолт хийлгэх" эрх хэмжээ орон нутгийн удирдлагуудад олгогдоогүй болохыг шүүх тогтоож, ИТХ-аас баталсан нөхөн сэргээлтийн гэх журмыг хүчингүй болгож, нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийлгэх тухай Засаг даргын байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн түүхийг хүргэнэ. Мөн нөхөн сэргээлт хийлгэх нэрээр аж ахуйн нэгж, компаниудтай гэрээ байгуулан орон нутгийн хөгжлийн санд 50-100 сая төгрөг авч байсан орон нутгийн удирдлагуудын үйлдэл нь хууль бус болохыг шүүх тогтоожээ.



Баянхонгор аймгийн Жаргалант сумынханд ямар асуудал тулгарсан бэ?

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөг хэмээх газарт “Буян цэцэн” компани 2014-2016 оныг дуустал нөхөн сэргээлт нэрээр ашигт малтмал олборложээ. Гэтэл сумын ИТХ-аас 2016 оны зургаадугаар сарын 9-нд 2/11 дугаартай “Эвдэгдсэн газрыг нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд хяналт тавих” тогтоолыг баталсан. Тогтоолын дагуу Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг нь 2016 оны зургаадугаар сарын 10-нд “Буянцэцэн” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан олборлолт хийлгэсэн бөгөөд олборлолт хийсэн талбай нь одоог хүртэл /2019 он/ эвдрэлтэй, нөхөн сэргээлт хийгдээгүй байна. Техникийн нөхөн сэргээлтийн дагуу хийж, биологийн нөхөн сэргээлтийг огт хийгээгүй байгаа нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ. Мөн дахин боловсруулалт хийх буюу хаягдал нөөц эфель, гааль, шалам угаах, олборлох эрхийг аливаа этгээдэд олгосноор байгаль орчин нэмж эвдэгдэх, байгаль орчинд хохирол учрах шалтгаан нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх эрхийг зөрчиж байгаа төдийгүй цаашид дахин ийм зөрчил гарч болзошгүй нөхцөл үүссэн юм.


Энэ асуудалд ямар шийдэл олсон бэ?

2018 оны намар “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” НҮТББ болон “Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөн” ТББ-аас Жаргалант сумын ИТХ-ын 2/11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, дээрх тогтоолыг үндэслэн Жаргалант сумын Засаг дарга болон “Буянцэцэн” ХХК-ийн хооронд 2016 оны зургаадугаар сарын 10-нд байгуулсан хамтран ажиллах гэрээг илт хууль бус болохыг тогтоолгохоор Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

Бичил уурхайгаар буюу тусгай зөвшөөрөл ашигт малтмал олборлох харилцааг гагцхүү Засгийн газраас баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-аар зохицуулахаар заасан байхад сумын ИТХ нь Засгийн газрын баталсан журмаас өөр процедур бүхий журмыг дур мэдэн батлах, Засгийн газрын журам батлах эрхэд халдах үндэслэлгүй аж. Сумын Засаг дарга нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлуулахаар холбогдох этгээдтэй гэрээ байгуулах эрхтэй боловч энэ тохиолдолд уг гэрээг Засгийн газраас баталсан биил уурхай эрхлэх журмын дагуу байгуулаагүй, харин “дахин боловсруулалт хийх замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлэх тухай” сумын ИТХ-ын тогтоолын дагуу байгуулсан. Энэ нь Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 3.3-д заасныг зөрчсөн байна.

Хуульч, өмгөөлөгч Б.Төрболд “Ашигт малтмалын хуульд тусгай зөвшөөрөлтэй буюу А лицензтэй компани эсвэл бичил уурхайн журмаар ашигт малтмал олборлоно гэж заасан байдаг. Харин Баянхонгор аймагт аль алийг нь хэрэглэхгүйгээр нөхөн сэргээлт нэрээр оруулчихдаг. Нөхөн сэргээхэд зардал гарна. Зардлыг нь тухайн хэсэг талбайг буюу овоолгыг ухаж, угааж байгаад гаргана гэсэн үг. Жаргалант суманд ИТХ-ын тогтоол, сумын Засаг даргын гэрээгээр ашигт малтмал ухаж байгаа юм л даа. Хуульд байхгүй. Нөхөн сэргээлт нэрээр орчихоод газрыг нь улам томсгоод ухчихдаг. Гар аргаар алт олборлогчид гүндээ 4 метр, өргөөшөө шоо дөрвөлжин хоёр хоёр метр ухдаг. Ийм талбайг нөхөн сэргээх нэрийдлээр том техниктэй ирээд 11 метрийн гүн, уурхай шиг бүгдийг нь ухаж угаагаад буцаагаад дардаг. Гэтэл А лицензтэй компаниуд хайгуулын лиценз, ашигт малтмалын ашиглалтын лиценз авна гээд л маш олон бичиг баримт бүрдүүлдэг. Хэрвээ дээрхийн адил “идэж” болдог бол Байгаль орчны яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагаар явж бичиг цаас бүрдүүлж, улсад хэдэн мянган тэрбумын татвар төлөх хэрэггүй болно. Алт олборлох газраа очоод л сумын Засаг дарга юмуу иргэдийн хурлынхантай нь яриад шууд ухчихна. А лицензтэй компани Ашигт малтмалын тухай хуулийн 35.3-т зааснаар долоон төрлийн бичиг баримтыг уурхай дээрээ байлгах ёстой. Гэтэл нөхөн сэргээлтийн компаниудад юу ч байхгүй. Зөвхөн сумын Засаг даргатай байгуулсан гэрээ л бий. Тэгэхээр хяналт байхгүй байна гэсэн үг” гэлээ.  


Ямар үр дүнд хүрсэн бэ?

Орон нутгуудад 2012 оноос хойш өдийг хүртэл нөхөн сэргээлт нэрийн дор олборлолт хийлгэх, байгаль орчинд нэмж хохирол учруулах, орон нутагтаа хууль бусаар мөнгө авах, хууль бусаар төсөв бүрдүүлэх тохиолдол байсаар ирснийг өдгөө шүүх дэнсэлж, иргэдийн талд шийдвэрлэлээ. Ашигт малтмалын хуульд зааснаар ашигт малтмал олборлох эрхийг Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрөл олгох эсвэл Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн дүгнэлттэй талбайд “Бичил уурхайн нөхөрлөл” ажиллуулах гэсэн хоёрхон гарц бий.

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.04-ны дөрийн 0012 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхийн 2019.09.06-ны өдрийн 0467 дугаартай магадлалаар нөхөн сэргээлт нэрээр давхар олборлолт хийлгэх эрх хэмжээ орон нутгийн удирдлагуудад олгогдоогүй болохыг шүүх тогтоож, ИТХ-аас баталсан нөхөн сэргээлтийн гэх журмыг хүчингүй болгож, нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийлгэх тухай Засаг даргын гэрээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Мөн Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхийн 2019.01.10-ны өдрийн 0027 дугаартай магадлалаар орон нутгийн удирдлагууд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа ОНХС-даа мөнгө авахаар заасан заалтыг хууль бус болохыг тогтоосон. Учир нь, Ашигт малтмалын тухай хуульд уг гэрээг байгуулахдаа ОНХС-д шууд мөнгө авна гэсэн агуулга огт байхгүй, мөн Төсвийн тухай хуульд ОНХС-ийн орлого юу юунаас бүрдэхийг нэг бүрчлэн заасан бөгөөд уурхайн компаниас мөнгө авч бүрдүүлэх заалт огт байхгүй. Харин ч хууль бусаар төсөв бүрдүүлэхийг хориглосон. Баянхонгор аймаг ОНХС-даа 50, 100, 200 сая төгрөг авна гэсэн заалт бүхий гэрээг байгуулж, зарим компаниас мөнгө авчээ.

Иймд орон нутгийн удирдлагууд хууль бусаар төсөв бүрдүүлэх, бичиг баримт бүрдсэн компаниас хууль бусаар мөнгө шаардах, ОНХС-даа мөнгө авах нэрээр тусгай зөвшөөрөлгүй, бичиг баримт дутуу компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж олборлолт хийлгэх зэргээр хуулийг зөрчиж албан тушаалаа урвуулан ашиглаж байсныг таслан зогсоосон юм.

Дээрх шүүхийн шийдвэр нь өдгөө Монгол Улсын хэмжээнд тогтсон буруу жишгийг залруулсан чухал шийдвэр болсон төдийгүй Ашигт малтмалын тухай хууль, Төсвийн тухай хуулийг агуулгаар нь тайлбарлан хэрэглэсэн анхны тохиолдол болсноороо онцлогтой.

ЗурагТайлбар















ТББ-ууд уг хэрэгтэй холбоотой ямар мэдээ мэдээллийг иргэдэд өгч байгаа вэ?

Хуульч, өмгөөлөгч Б.Төрболд “Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бөөрөг хэмээх газарт “Буян цэцэн” компани 2014-2016 оныг дуустал нөхөн сэргээлт нэрээр газрыг ухсан. Тухайн үед шүүхдсэн зүйл байхгүй. 2018 онд сумын ИТХ-аар дахиад нөхөн сэргээлтээр олборлуулж болно гэсэн журам батлагдах яриа гарсан. Ингээд 2018 оны намар “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” НҮТББ болон “Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөн” ТББ шүүхэд хандаад 2019 оны зургаадугаар сард Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх журмыг нь хүчингүй болгож, гэрээг нь илт хууль бус байна гэж шийдвэрлэсэн. Ингээд давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Тэгээд сумын удирдлагууд Дээд шүүх рүү гомдол өгөлгүй, хоёр шатны шүүхээр нутгийн иргэд ялаад дууссан. Бөмбөгөр, Галуут, Бууцагаанд яг ийм хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг бүгдийг нь болиулах шийдвэр гарсан. Хэрэв нөхөн сэргээлт нэрээр ухаж болдог бол Монгол улсад Ашигт малтмалын газар, БОАЖЯ ч хэрэггүй болно шүү дээ” гэв.


Энэ асуудал бидэнд яагаад хамаатай вэ?

Нөхөн сэргээлт хийлгэх нэрээр аж ахуйн нэгж, компаниудтай гэрээ байгуулан орон нутгийн хөгжлийн санд 50-100 сая төгрөг авч байсан орон нутгийн удирдлагуудын үйлдэл нь хууль бус болохыг шүүх тогтоолоо. "Нөхөн сэргээлт нэрээр давхар олборлолт хийлгэх" эрх хэмжээ орон нутгийн удирдлагуудад олгогдоогүй болохыг шүүх тогтоож, ИТХ-аас баталсан нөхөн сэргээлтийн гэх журмыг хүчингүй болгож, нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийлгэх тухай Засаг даргын байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.

Цуврал №1 ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД | Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон байгаль орчноо хадгалж үлдэх нь

Цуврал №2 ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД | Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал олборлосныг зогсоожээ

Цуврал №3 ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД | Хууль бусаар ажлаасаа халагдсан иргэд хохирлоо барагдуулсан нь

Цуврал №4 ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД | 800 иргэний газар өмчлөх эрхийг хамгаалахаар ажилласан нь

Цуврал №5 ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД | Баялгийн эздэд ээлтэй хуулийн зохицуулалтын төлөө ажилласан нь

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.05
UB.LIFE-ийн түүхүүд | Хаврын хайрын баяртай, гунигтай 8 ТҮҮХ
3
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.