Таиландад кино зураг авалтад оролцохоор явсан хятад жүжигчин Ван Син сураггүй алга болсон талаар түүний найз бүсгүй Weibo-д энэ сарын 5-нд бичиж, анх түгшүүр зарласан билээ. Түүнтэй жүжигчдийн нэгэн чатаас холбогдож, Таиландад кинонд тоглохыг урьсан байна.
Ван Шанхайгаас энэ сарын 2-нд гарч, 3-нд Бангкок хотод очсон. Найз бүсгүйтэйгээ байнга холбоотой байсан ч 3-наас эхлэн сураггүй болсон байна. Ингээд бүсгүй Чиангмае дахь БНХАУ-ын Консулын газарт хандаж, Азийн алдарт жүжигчдээс тусламж хүссэн. Үүний ачаар Таиланд, БНХАУ-д жүжигчнийг эрэн сурвалжлах ажил маш эрчтэй өрнөж, түүнийг 6-нд Мьянмараас олжээ.
Таиландын хилээс холгүй газар нэгэн байшинд Синийг хорьж байсан бөгөөд тэнд нь мөн хулгайлагдсан зуугаад хятад иргэн байсан байна. Хэрэгтнүүд түүний үсийг хусаж, хаа нэгтэй боолын хөдөлмөр эрхлүүлэх гэж байжээ. Харин тэр найз бүсгүйнхээ шуурхай ажилласны ачаар суллагдаж, удахгүй эх орондоо харих гэж байна.
Хятадын жүжигчдийн холбооноос нийт жүжигчдэд хандан, гадаадаас ирсэн ажлын саналыг маш сайн хянаж шалгах, эргэлзээтэй урилгаар гадаад оронд очихгүй байхыг уриалсан байна.