Нэгдүгээр сарын 10-12-ний өдрүүдээр Бөхийн өргөөнөө жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн явагдаж өндөрлөв.
Энэ нь 2025 он гарснаар зохиогдсон дотоодын анхны томоохон тэмцээн юм. Түүнчлэн энэхүү наадаанаар 2028 он хүртэлх спортын шинэ мөчлөг эхэллээ.
Эрэгтэйчүүдийн:
60 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Б.Сүхбат түрүүлж, Б.Энэбиш үзүүрлэлээ. Б.Сүхбатын тухайд өсвөрийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай тамирчин төдийгүй өнөө жил Монгол улсын аваргаар дөрөв дэх удаагаа тодорсон нь энэ.
Энэ жингийн хүрэл медалийг ДАШТ-ий үзүүр бөх Э.Ариунболд, Цагаанбаатар академийн тамирчин Н.Мэндсайхан нар зүүв.
66 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Ё.Басхүү таамгын дагуу цойллоо. Тэрбээр өнөө жил Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа түрүүлэв. Хэнтийн Ө.Бямбасүрэн Улсын АШТ-д хоёр жил дараалан финалдсан ч хоёуланд нь үзүүрлэлээ. Хүрэл медалийг Азийн аварга, Их дуулга ангиллын иж медальт Б.Эрхэмбаяр, өнгөрсөн оны Монгол улсын аварга Л.Сумъяа нар хүртсэн юм.
73 кг-ын жинд Б.Эрдэнэбаяр Монгол улсын аваргаар хоёр дахиа тодров. Энэ жингийн үзүүр бөхөөр Л.Энхдөл шалгарсан бол хүрэл медалийн тавцанд А.Өсөхжаргал, О.Уранбаяр нар зогслоо.
81 кг-д залуучуудын ДАШТ-ий VII байрын шагналт О.Шинэбаяр анхны түрүүгээ дархлав. Харин Парисийн Их дуулга тэмцээний хүрэл медальт энэ жингийн шилдэг бөх Г.Болор-Очир мөнгөн медаль зүүсэн юм.
Хүрэл медалийн тавцанд Н.Мөнхбаяр, Г.Батсугар нар эгнэн зогслоо.
90 кг-ын жинд 22 настай Ц.Ган-Эрдэнэ түрүүлж, Н.Дагвасүрэн үзүүрлэлээ.
Энэ жингийн хүрэл медалийг “Алдар”-ын Ц.Дагвадорж, Б.Мөнхбаяр нар гардсан юм.
-100 кг-д “Алдар”-ын тамирчин А.Энхбаяр Монгол улсын аваргаар тодров. Үзүүр бөхөөр А.Мөнх-Эрдэнэ шалгарсан бол хүрэл медалийг Г.Пунцагцэрэн, Б.Хүдэрчулуун нар зүүлээ.
+100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн сүүлийн дөрвөн жилд дараалан түрүүлснээр түүхэн амжилтыг дархлав.
Энэ жингийн үзүүр бөхөөр улсын заан Б.Серик тодорсон бол хүрэл медалийг Л.Энхболд, Г.Хангарьд нар гардлаа.
Эмэгтэйчүүдийн:
48 кг-ын жинд өсвөр үеийнхний Азийн аварга Ж.Анударь түрүүлсэн бол Их дуулга ангиллын иж медальт Г.Наранцэцэгийг эл тэмцээнд дөрөв дэхиэ үзүүрлэв. Хүрэл медалийн тавцанд өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх Ж.Энхбулаг, өсвөр үеийнхний ДАШТ-ий үзүүр бөх Т.Отгонжаргал нар зогслоо.
52 кг-д өсвөр үеийнхний Ази тивийн аварга М.Нандин-Эрдэнэ насанд хүрэгчдийн ангилалд анх удаагаа түрүүлэв.
“Алдар” спорт хорооны бөх Ц.Гал-Од Улсын АШТ-д дөрөв финалдаж, бүгдэд нь үзүүрлэлээ.
“Хилчин”-ий Н.Баярмаа улсын аваргаас гурав дахь хүрэл медалиа зүүсэн бол Б.Уранзаяа улсын АШТ-ий мөнгө, хүрэл медальтан болов.
57 кг-ын жинд М.Ичинхорлоо гурав дахиа түрүүлсэн бол өсвөр үеийнхний дэлхийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний хүрэл медальт Т.Ариунзаяа үзүүрлэлээ.
Хүрэл медалийг “Монголын жүдо академи”-ийн Г.Ундрал, “Женко” клубийн бөх Э.Номинтуяа нар хүртсэн.
63 кг-д жин өгсөж зодоглосон ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн босоо түрүүлэв. Тэрбээр Улсын АШТ-ээс гурав дахь алтан медалиа гардсан нь энэ.
Харин “Женко” клубийн Ц.Сүнжидмаа улсын аваргын хошой мөнгөн медальтан боллоо.
Азийн аварга Б.Ганхайч хүрэл медаль зүүсэн бол нөгөө хүрлийг Х.Маралмаа энгэртээ гялалзуулав.
70 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ хоёр дахиа түрүүлсэн бол “Женко” клубийн 19 настай У.Анужин үзүүрлэлээ.
Хүрэл медалийг өсвөр үеийнхний Азийн АШТ-ий үзүүр бөх Д.Есүй болон Б.Анужин нар зүүв.
-78 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт О.Хүслэн хошой аваргаар тодорсон бол өсвөр үеийнхний Ази тивийн аварга Э.Буян-Өлзий эл наадамд хоёр дахиа үзүүрлэв.
Хүрэл медалийг “Хилчин”-ий А.Дуламсүрэн, “One Team” клубийн бөх Б.Тэргэлнаран нар зүүлээ.
Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +78 кг-д Азийн АШТ-ий үзүүр бөх, Азийн наадмын хүрэл медальтай А.Адъяасүрэн дөрөв дэх түрүүгээ тунхаглав.
Эл жингийн үзүүр бөхөөр Улаанбаатарын Их дуулга тэмцээний хүрэл медальт Д.Номинзул шалгарлаа. Тэрбээр улсын АШТ-ий нэг түрүүтэй төдийгүй гурван мөнгө, дөрвөн хүрэл медалийг атгаад байна.
“Хангарьд”-ын Э.Энхзул дөрөв дэх оролдлогоороо анхны медалиа гардсан бол “Алдар”-ын Э.Жаргалмаа УАШТ-д дөрвөнтөө зодоглож бүгдэд нь хүрэл медаль хүртсэн өвөрмөц амжилтыг дархлав.