Хятад гаралтай Америкийн уран бүтээч Loraiya буюу Lauren Auyeung 2024 оны 12-р сарын 20-нд “Genghis Kunt” (орчуулбал Чингис Я*хан) хэмээн нэрлэсэн анхны цомгоо танилцуулжээ. Тэрээр цомгийн нүүр болон суртчилгаандаа монгол эмэгтэйн толгойн гоёлыг хуулбарлан зүүж, хагас нүцгэн зургаа авахуулан цацаад байна. Тэрээр цомгийнхоо тухайд өгсөн ярилцлагадаа “I don’t stan the Mongolian Empire, if anything this was imagining if we didn’t have an empire like that but instead we had like queer cunty revolution” буюу “Би Монголын эзэнт гүрнийг дэмжихгүй, харин оронд нь бид ижил хүйстэн энергитэй хувьсгал хийсэн сэн бол…” гэж хэлжээ.
Энэхүү цомгийн сурталчилгаа цацагдсаны дараа Монголын соёл, уламжлалыг санаатай болон санаандгүйгээр гутаан доромжилсон гэж Монгол дижитал сэтгүүл @Serenity.Magazine үзэж байгаагаа илэрхийлэв. Монгол эмэгтэй толгойн гоёл нь зөвхөн гоёл чимэглэл төдийгүй бидний түүх болон өвөг дээдэстэйгээ холбогдох, санан дурсах түүхийн чухал тодорхойлолт юм гэсэн мэдэгдлийг тус сэтгүүл инстаграм хуудастаа оруулсан нь олны анхаарлыг татаад байна.
Тэгвэл бид эсэргүүцлээ хэрхэн илэрхийлэх вэ?
Монголчууд бидний түгээмэл гаргадаг алдаа нь хэн нэгэн ёс бус үйлдэл хийсэн тохиолдолд хараалын үг хэрэглэн давших, гадаад төрх, гоо үзэмжээр нь гутаан доромжлох, заналхийлсэн сэтгэгдэл бичих, мессеж илгээх зэрэг хувийн амьдрал руу нь хэт халдах үйлдлүүд хийдэг. Энэхүү үйлдлүүд нь нөгөө хүнээ эсрэгээр нь хохирогч мэт харагдуулах, цаашлаад тухайн флатформын алгоритмд төөрөгдөл үүсгэж анхаарлын төвд оруулах буюу түүнийг хэт “алдаршуулах” зэрэг эрсдэлтэй. Тиймээс тухайн уран бүтээлчийг цаашид ийм зохисгүй үйлдэл гаргахыг эсэргүүцэж байгаа бол ашиглаж буй сошиал медиад “report” буюу ёс бус зүйлийг мэдэгдэх товчийг дарж сурах нь хавьгүй үр дүнтэй арга юм.