Марафон бол тэсвэр тэвчээр хамгийн их шаардагддаг спортын төрлийн нэг. 42 км 195 м замыг зогсолтгүй гүйж туулна гэдэг амаргүй. Тэгвэл энэ зайг туулахдаа хөл нүцгэн, бүүр олимпийн наадам дээр гүйсэн, зүгээр ч үгүй аварга болсон хүн бол Этиопийн Абебе Бикила юм.
Абебе Бикила уг нь 1960 онд Италийн Ромд болсон зуны олимпийн XVII наадамд оролцох ёсгүй байж. Этиопоос марафон гүйлтийн төрөлд оролцохоор шалгараад байсан Вами Бирати олимпийн наадмын өмнөхөн гэмтэл авсан тул түүний оронд Абебе Бикила Ромыг зорьжээ.
Гэнэтийн энэ өөрчлөлтөд Этиопийн тамирчдын хувцас хэрэглэлийг хариуцаж байсан "adidas" компани бэлэн байсангүй. Бикилад гүйлтийн хэд хэдэн пүүзийг санал болгосон ч яг таарах , хөлд нь эвтэйхэн пүүз байсангүй. Ингээд Бикила хөл нүцгэн гүйхээр шийдэж. Гүйхээр барахгүй түрүүлж. Бүүр түрүүлээд зогсохгүй 2 цаг 15 мин 16 сек амжилтаар дэлхийн рекордыг шинэчилжээ. Мөн Африк тивээс тодорсон анхны хар арьст Олимпийн аварга болж.
Ингээд хөл нүцгэн аварга дэлхий дахинд алдаршсан байна. Дөрвөн жилийн дараа Бикила "Токио-1964" олимпийн наадамд мөн л марафон гүйлтийн төрөлд аварга болсон, мөн л дэлхийн рекордыг шинэчилсэн ( 2:12.11), гэхдээ харин энэ удаа "аsics" фирмийн пүүзтэй гүйжээ.
Бикила анх удаа олимпийн олимпийн хошой аварга болсон марафон гүйгч бөгөөд өнөөг хүртэл энэ амжилтыг ганцхан тамирчин л (БНАГУ-ын Вальдемар Церпински 1976,1980 оны олимпийн марафон гүйлтийн аварга болсон) давтаад байгаа билээ.
1968 оны Мехикогийн олимпод Бикила гурав дахиа түрүүлэх зорилготой байсан ч зүүн өвдөгтөө бэртэл авсан тул уралдааны замын 17 дахь км-т замаас гарсан байна.
Бикила 1969 онд автомашины осолд орж, улмаар ахин гүйх нь бүү хэл хэзээ ч хөл дээрээ дахин босохооргүй гэмтжээ.
Цэргийн алба хааж, ахмад цол хүртэж явсан, эр зориг, тэсвэр хатуужилтай Бикилаг энэ золгүй явдал зогсоосонгүй ээ. Бикила байт харваа, ширээний теннисээр хичээллэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын наадамд оролцож байв.
1973 онд дөнгөж 41- хэн настайдаа домогт Бикила ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 75 000 хүн цуглаж, Этиопийн эзэн хаан Хайле Селассие I үндэсний гашуудал зарлаж байсан гэдэг.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин