UBLife Logo
Нийгэм

Ц.Баатархүү: Монгол Улсын хувьд хиймэл оюун ашиглан бүтээмжийг нэмэгдүүлж, инновацыг тэтгэх нь хамгийн чухал

Ж.Хулан
Ж.Хулан
Ц.Баатархүү: Монгол Улсын хувьд хиймэл оюун ашиглан бүтээмжийг нэмэгдүүлж, инновацыг тэтгэх нь хамгийн чухал

Энэ сарын 13-нд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулганыг зохион байгуулах гэж байна.

Манай улсын хувьд “Oxford Insights”-аас жил бүр гаргадаг Хиймэл оюуны бэлэн байдлын үзүүлэлтээр хангалттай хүртээмжтэй өгөгдөлтэй, засаглал, хүлээн авах байдал, дижитал чадамж зэрэг үзүүлэлтээр 50-аас дээш оноотой боловч хүний нөөц, технологид дадсан төлөвшил зэргээр тааруу үнэлгээтэй байгаа юм. Түүнчлэн хиймэл оюуны алсын хараа, стратегийн хувьд “0” оноотой байгаа нь төрөөс энэ чиглэлд баримтлах бодлого, чиглэлээ тодорхойлоогүй байгаагийн илрэл энэ хэрээр уг чуулган ач холбогдолтой юм.

Тиймээс энэ талаар тодруулахаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүтэй ярилцлаа.

-Хиймэл оюуны стратегийн судалгаа хийж, урьдчилсан танилцуулгыг та бүхэн хийх гэж байна. Манай улсын хувьд энэ стратеги хааш чиглэх, ямар гол үзэл баримтлалтай байх вэ?

-Хиймэл оюуны бэлэн байдлын индексийг жил бүр зарлаж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ нь бидэнд дэд бүтэц хангалттай байна уу, өгөгдлөө нээлттэй болгож чадсан уу, эргэлтэд оруулж чадаж байгаа юу, эрчим хүчний дутагдлаас сэргийлж чадах уу зэрэг олон талаас статистик мэдээллийг гаргаж өгч байна. Монгол Улсын хувьд хиймэл оюуныг хөгжүүлэх санаачилга хувийн хэвшилд болон төр засгийн эрмэлзэл байгаа ч дэд бүтцийн дутагдал байна гэж харж байгаа юм. Энэ үүднээсээ стратегиа боловсруулахдаа бусад улстай адил маш хүчтэй, тооцоолон бодох чадвартай процессорыг олноор нь ажиллуулж чадах лаборатори парк байгуулах шаардлагатай юм байна. Энд хиймэл оюуны судалгаа, шинжилгээний компаниуд ажиллах ёстой юм байна гэж үзэж байна.  

Хоёрдугаарт, энэ төрлийн судалгаа, шинжилгээг эргэлтэд оруулдаг экосистемийг Монгол Улсад бий болгох шаардлага үүсээд байна. Тухайлбал, одоогоор их сургууль, хувийн хэвшил, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг нэг экосистемд оруулах шаардлагатай байна.

Гуравдугаар, докторын цалинтай хөтөлбөр явуулах санаачилга гаргасан. Эхний ээлжид бид 300 дотоод, гадаадын докторын цалинтай судлаачдыг Монголд ажиллуулъя, тэрхүү судалгааг эргэлтэд оруулах, хамтарсан хөтөлбөр хийх чиглэл барьж байна.

Үндэсний стратеги гаргахын тулд олон байгууллага, багууд хамтран ажиллаж байна. Монголд юу байгаа вэ, бидэнд ямар боломж байна вэ, бидэнтэй түншлэх, бидний бүтээгдэхүүнийг худалдаж авах ямар зах зээл байгаа юм бэ гэхчлэн олон талаас харж байна. Ер нь судлаачдын хамгийн түрүүнд нэгдэж байгаа санал бол Монгол Улсад уул уурхайн өгөгдөл маш их байна. Үүнийг бид сургаад, уул уурхайн чиглэлд хиймэл оюуныг хөгжүүлэх юм бол боломж байна гэдэг дүгнэлт эхний байдлаар гарч байна. Ингэх юм бол Монгол Улс датагаа ашиглаад өргөн уудам нутаг дэвсгэртэйн хувьд энэ чиглэлд хиймэл оюунаа хөгжүүлэх юм бол дэлхийн бусад улсад энэ төрлийн бүтээгдэхүүн экспортлох боломжтой.

Мөн эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн салбарт ямар боломж байна вэ гэдэг судалгааг хийж байна. Зарим салбарт технологийн компаниуд болон эдийн засгийн хувьд хүчирхэг улс орнууд хэдийн ороод, судалгаа хийгээд түрүүлээд алхчихсан байна. Тэгэхээр бид заавал тэр салбарууд руу хүчтэй хөрөнгө оруулалт хийх үү, үгүй юу гэдгийг ч бас энэ стратегийн хэлэлцүүлгийн үеэр ярилцах юм.

-Таны ярианаас сонсоход манай эдийн засгийн үндсэн салбарууд буюу уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт салбараа хүчитгэх зорилгоор хиймэл оюуныг хөгжүүлэх төлөвтэй байгаа юм байна гэж ойлголоо.

-Бид одоо дэлхийд эдийн засгийн тоглогч болоод гарч ирж болох салбарууд юу вэ, үүнд бид хиймэл оюуны дэвшлийг нэгтгэх юм бол нэгдүгээрт бүтээмж илүү нэмэгдэнэ. Ер нь хиймэл оюун бол хоёр зүйлийг тод харуулж байна. Нэг нь бүтээмжийг эрс нэмэгдүүлнэ. Хувийн хэвшилд ч тэр, төрд ч тэр. Хоёрдугаарт шинэ бүтээгдэхүүн гаргахад тусалдаг гол зүйл болсон. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт вакцин, эм зохиоход хиймэл оюуны алгоритмыг ихээр ашигладаг болсонтой адил бид тариалалтын гарцаа нэмэгдүүлэх, органик хүнсийг Монгол Улсад илүү тариалах боломж байна уу гэхчлэн тооцоолж ажиллаж байна.

Нэг ёсондоо бид одоо байгаа боломжоо илүү өргөн болгох чиглэлд хиймэл оюуныг нэвтрүүлье гэж байгаа юм.

-Залуучуудын хувьд өргөн хэрэглээ, өдөр тутмын хэрэглээ нь хиймэл оюунаас салшгүй болчихлоо. Бид өмнө нь цахим шилжилт гэхээр дэд бүтцэд хэт анхаараад хүнээ буюу хэрэглэгчээ хойно нь тавьчихсан. Хиймэл оюуны тал дээр ч хэрэглэгчдээ болон хүний нөөцөө бэлтгэхэд яаж анхаарах вэ?

-Хэрэглээний асуудал дээр монголчуудын технологи хэрэглэх чадвар бол маш хурдтай, шуурхай хүмүүс. Харин өөр нэг чухал асуудал бол ёс зүйн асуудал хөндөгдөнө. Хиймэл оюун гэдэг бол та асуух тоолонд тэр бүрийг дата болгож цуглуулж, сурдаг зүйл шүү дээ. Тиймээс ёс зүйн кодууд гаргах шаардлагатай. Хиймэл оюуныг бүтээх түвшинд бол бид шинэ талентуудыг буюу өндөр авьяас, чадвартай мэргэжилтнүүдийг төрүүлэх ёстой. Энэ чиглэлээр хамтарсан хөтөлбөрүүд бий болгох нь чухал. Үүнд их сургуулиуд, их сургуулиудын хамтын ажиллагаа гол үүрэгтэй. Ер нь бид Боловсролын зээлийн сан гэхчлэнгээр нэг сан үүсгээд хүмүүсээ гадагшаа явуулахаас илүүтэй байгаа боломж дээрээ хамтарсан олон улсын хөтөлбөр Монголд явуулах нь үр дүнтэй гэж үзэж байгаа. Казахстан болон бусад улсын жишгийг харахад дэлхийн топ сургуулиудын хамтарсан хөтөлбөрүүдийг боловсруулаад явчхаж байгаа. Тиймээс бид MIT, Stanford гэхчлэн шилдэг сургуулиудтай хамтарсан хөтөлбөрийг зайлшгүй, түргэн явуулах хэрэгтэй.

-Таны өмнө дурдсан Хөрөнгө оруулалтын үндэсний сан энэ чиглэлд ажиллах уу?

-Энэ сан бол инновацын экосистем бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Манайд хувийн хэвшил старт-апуудыг дэмжихэд эрсдэлтэй байна гэж үзээд тэр соёл төлөвшихгүй байна. Тийм учраас залуусын санаачилгад хөрөнгө оруулалт хийх нь бага байна л даа. Тэгэхээр хувийн хэвшил болон залуучуудын эрсдэлийг хуваасан экосистем бүрдүүлэхэд хөрөнгө оруулалтын эрсдэлийн сан тусална гэж үзэж байгаа. Нөгөөтээгүүр старт-апуудыг хөгжүүлнэ гэдэг бол цаанаа судалгаа, шинжилгээ хөгжүүлнэ гэсэн үг. Монгол Улс бол судалгаа, шинжилгээндээ зарцуулдаг санхүүжилтийн хэмжээгээр ДНБ-тэй харьцуулахад хамгийн бага улс орнуудын нэг. Уг нь цөөн хүн амтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй манайх шиг улсын дэлхийд гарах гарц бол судалгаа, шинжилгээнд мөнгө зарцуулах, тийм соёлыг төлөвшүүлэх нь зайлшгүй чухал.

-Кибер аюулгүй байдлын хувьд манай улс “Эрсдэлтэй” ангилалд байгаагаас “Дэвшиж буй” ангилалд орох зорилт тавьсан. Үүний тулд яг ямар бодитой алхмууд хийх вэ?

-Нэгдүгээрт бид төрийн байгууллагууд ашиглаж байгаа технологиудаа албан ёсны лицензтэй ашиглах, худалдан авах шаардлага үүсэж байна. Хоёрдугаарт үүний эрсдэлийг илүү сайн ойлгуулах хэрэгтэй, ингэж байж үүнд УИХ ч тэр төсөв батлахдаа шаардлагатай төсвийг боломжийн хэмжээнд тавьж өгнө өө гэсэн үг. Бид зардлын зүйлийн дагуу хүртэл өөрчлөх санаачилга гаргаад Сангийн яамтай ажиллаж байна. Мэдээллийн технологийн зардал гээд нэг багц тавьчихдаг, цаана нь юу байгаа нь мэдэгддэггүй биш яг Монгол Улсын кибер аюулгүй байдлын төрийн зардал гэж тодорхой төсөвлөдөг, хэрэгжүүлдэг болно.   

Харин хувийн хэвшлийн мэдээллийн аюулгүй байдал хариуцагч байгууллагын хувьд яах вэ гэвэл кибер аюулгүй байдлын эрсдэлийн аудитын үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллага, нэгж бий болох ёстой. Ингэснээр хувийн хэвшил хувийн хэвшлээ хамгаалдаг, эсрдэлийн үнэлгээ хийж тогтоодог тогтолцоог бий болгож байна.

Хамгийн сүүлд олон улсын хамтын ажиллагаа. Монгол Улс аль улсуудтай кибер аюулгүй байдлын чиглэлд илүү нягт хамтын ажиллагаа хийх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Ер нь аюулгүй байдлын тал дээр бид шуугиад өнгөрдөг биш эрсдэлээсээ суралцаад, түүнийг бууруулах чиглэлд арга хэмжээ аваад явдаг болох нь зүйтэй.

-Та хэвлэлийн хурлын үеэр Хуурамч мэдээлэлтэй тэмцэх төв байгуулна гэлээ. Ердөө хоёр жилийн өмнө хуурамч мэдээлэл хамгаалах нэрээр эрх чөлөөг хумих хууль батлагдах гэж байлаа шүү дээ. Энэ удаа юугаараа өөр, өмнөх жишгийг давтахгүй гэх баталгаа нь юу вэ?

-Бид ШУА болон шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг гаргаад явж байна. Ер нь хуурамч мэдээллээс нийгмээ хамгаалахад гол нь хүмүүст үнэн бодит, зөв мэдээлэл хүргэдэг байх нь чухал. Тийм учраас шинжлэх ухааны байгууллагууд, институтийн оролцоо хамгийн чухал. Энгийн жишээ хэлэхэд, вакцинтай холбоотой маш их хуурамч мэдээлэл явах болсноор монголчууд вакциндаа хамрагдахгүй үлдээд байна шүү дээ. Үүнийг ямар нэг хэвлэлийн байгууллага өөрөө биш шинжлэх ухааны байгууллага залруулж, мэдээлэл өгөх ёстой. Тэгэхээр шинжлэх ухааны байгууллагуудыг илүү оролцуулах, тэдний судалгааг яаж эргэлтэд оруулж, нийгэм талцаад байгаа мэдээлэл дээр хариулт өгүүлдэг болох вэ гэдгийг л анхаарч судалж байна. Гол асуудал, чиглэл энэ учраас хэн нэг сайд, цагдаагийн дарга мэдээллийг үзэмжээрээ худал, үнэн гэж хэлж болохгүй.

-Ажиллах бүтэц нь ямар байх вэ? Өмнөх хуулийн төсөлд Сайдын дэргэд ажлын хэсэг байдлаар ажиллана гэж тусгасан байсан.

-Бид ажлын хэсгийн түвшинд ярилцах шатандаа явж байна. Ямартай ч үүнийг хийхдээ шинжлэх ухаан, мэргэжлийн институтийг л түшиглэх учиртай. Тэгэхгүй бол сонгуулийн үе, эсвэл нийгмийг хувааж, талцуулсан мэдээлэл нь цаашлаад үндэсний аюулгүй байдалд, улс орны нийгэм, эдийн засагт үлэмж нөлөөлөх болоод байна. Дэлхийн эдийн засгийн чуулганаас ч тэр хуурамч мэдээлэл бол ойрын 10 жилийн хамгийн том эрсдэл гэдгийг зарлачихлаа. Тиймээс энэ эрсдэлийг бууруулахын тулд яах вэ гэдгийг л ярилцаж байна. Тэрнээс биш Ц.Баатархүү юм уу, манай яам “Энэ бол муу бодол” гэсэн тамга дарахгүй ээ гэдгийг дахин хэлье.

Үндэстэн дамнасан томоохон корпорацууд, монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг Facebook л гэхэд мэдээллийн үнэн, бодит байдалд хариуцлага хүлээхгүй, тэр бүү хэл баримт шалгагчидтай цаашид ажиллахгүй ээ гэдгээ зарлачихлаа. Одоо үүнийг яах вэ гэдэг асуудал. Үүнийг ямар нэг, хэн нэг дарга хийж болохгүй юм байна. Гол нь эрдэмтэн, судлаачид мэргэжлийн байх, улмаар институтийг түшиглэх л зам байна. Мэргэшсэн нягтлан бодогчдын зөвлөл л олон улсын нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр хамгийн зөв мэдээллийг өгч чадна шүү дээ. Энийг л холбох үр дүнтэй зам бий болгох ёстой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дүлзэн\13.229.205.151
Попроод л том том баагаад явцгаах юм даа. Өнөө хошногоо арчиж чадахгүй байж гэдэг шиг. Хиймэл оюун чинь өртөг ихтэй. Хэдэн системээ цахим болгох зардал гаргаж ч чадаагүй байж юун хиймэл оюун нэвтрүүлэх. GPU байгаа юм уу? Тог цахилгаан байгаа юу?