UBLife Logo
Спорт

“Монголын бүх ёкозүна дутагдалтай” гэж хэлсэн хүнтэй уулзжээ

“Монголын бүх ёкозүна дутагдалтай” гэж хэлсэн хүнтэй уулзжээ

Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, озэки Хоошёорюүд санал нэгтэйгээр ёкозүна цол олгохоор шийдвэрлэсэн билээ. Хэдийгээр зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар аварга болгосон ч зарим гишүүн шүүмжлэл хэлсэн. Үүний нэг нь Зөвлөлийн гишүүн Токүра Шюничи байлаа. Тэрээр “Монгол ёкозүна нар бүгд ёкозүна хүний нэр хүндэд халтай зүйл хийж байсан биз дээ? Бүгд шүү. Өрсөлдөн тэмцэх чадвар сайн ч сүмо бол үндэсний спорт. Үүнийг сайн ухааруулах хэрэгтэй. Тацүнами оякатад энэ талаар үүрэг өгөх хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Японы “Friday Digital” сэтгүүлийн газраас дээрх эрхэмтэй уулзаж, тодруулга авчээ. Орчуулан хүргэж байна.

Аварга хүний эрхэм чанар, ёс зүй

Сүмо бөхийн 74 дэх ёкозүна болсон Хоошёорюүгийн талаар эргэлзсэн яриа, мэдээ гарсаар байна. Нэгдүгээр сарын 28-нд болсон ёкозүна зөвлөлийн хурал дээр бүгд санал нэгтэй ёкозүна цол олгосон билээ. Гэхдээ Нэгдүгээр сарын тэмцээнд тун тогтворгүй барилдаж, 12 давж, 3 унасан. Маэгашира цолтой Оохо, Кинбозан хоёртой нэмэлт барилдаан хийж байж, түрүүлсэн. Илт илүү, тасархай зүйл харагдаагүй юм. Сүүлийн 3 башёд нийт 33 даваатай байх гэсэн ёкозүна цол олгох дүрэмний доод хэмжээнд ямар ч гэсэн хүрсэн. Гэхдээ холбооны ояката нарын дотор дахиад нэг башё харья гэсэн бодол, санал байжээ. Харин ёкозүна Тэрүнофүжи нэгдүгээр сард зодог тайлж, ёкозүнагүй болсон тул Хоошёорюүд цол өгөхгүй бол 32 жилийн дараа сүмо бөх дахин аваргагүй болох аюултай байлаа.  

“Ирэх дөрөвдүгээр сард Осакад эхлэх “Expo 2025” үзэсгэлэнгийн үеэр наймдугаар сарын 3-нд сүмо башё зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ башёгийн хамгийн гол зүйл нь ёкозүнагийн дохёнд гарах ёслол байдаг. Яаж ч байсан ёкозүнатай байх ёстой гэсэн нөхцөл байдал, шаардлага байлаа” Спортын сэтгүүлч

Нэг талаас тун энэрэнгүй, зөөлөн хандсан гэж хэлж болох. Гэхдээ хурлын дараа Ёкозүнагийн зөвлөлийн гишүүн, хөгжмийн зохиолч Токүра Шюничи “Монгол ёкозүна нар бүгд ёкозүна хүний нэр хүндэд халтай зүйл хийж байсан биз дээ? Бүгд шүү. Өрсөлдөн тэмцэх чадвар сайн ч сүмо бол үндэсний спорт. Үүнийг сайн ухааруулах хэрэгтэй. Тацүнами оякатад энэ талаар үүрэг өгөх хэрэгтэй” гэж хэлсэн.

Цахим сүлжээнд энэ үгний талаар “Монгол ёкозүна нарын дотор аваргын эрхэм чанар, ёс зүйгүй хүн байсан байж болох ч Хоошёорюүгийн цолон дээр хэлээд байх хэрэг юу байна”, “Тэгэд Ёкозүнагийн зөвлөлийн гишүүдийн ёс зүй ямар байх ёстой вэ”, “Эрхэм чанар, ёс зүй гэдэг зүг утгаа алдсан” гэх зэрэг шүүмжлэл өрнөлөө. Мөн “Энэ чинь зүгээр л үзэн ядсан, ялгаварлан гадуурхсан үг байна” гэж хүртэл бичжээ. 

Хоошёорюүгээс ёс зүйн талаар асуухад...

Ёкозүна цолоо хүлээн авсан шинэ аварга Хоошёорюүгээс “Ёкозүна хүний эрхэм чанар, ёс зүйг хэрхэн ойлгож байна вэ” гэж сэтгүүлч асуухад “Эрхэм чанар гэж яг юу гэсэн үг вэ? Утгыг нь ойлгохгүй байна” гэж хариулж байлаа.

Ингээд Ёкозүнагийн зөвлөлийн гишүүн, хөгжмийн зохиолч Токүра Шюничид “Ёкозүнагийн эрхэм чанар, ёс зүй гэж юу вэ”, “Таны хэлсэн ёс зүйд нийцсэн ёкозүна хэн байсан бэ” гэсэн асуулт илгээж үзлээ.

“Монголын уугуул ёкозүна нарын дунд ёс зүйтэй сайхан аварга ч байгаа. Сүүлийн жишээнээс хэлэхэд Тэрүнофүжи зодог тайлах хүртлээ энэ их гэмтэл бэртэл дунд эрүүл зүйлгүй болтлоо барилдлаа, тэмцлээ. Ёкозүна хүний үүрэг хариуцлагыг бүрэн биелүүлсэн. Гэхдээ бүх хүн мэдэж байгаачлан урьд өмнө асуудал үүсгэдэг ёкозүна бас байсан. Шинэ аварга Хоошёорюүтэй ярилцаж үзсэн, үнэхээр шударга, сайн залуу байна лээ. Цолны найр дээр би “Японы үндэсний бөхийн оргилд гарсан хүн Японы соёл, уламжлалыг сайн ойлгоорой. Ояката ч сайн зааж сургаарай. Хэчнээн олон давж, түрүүлсэн ч тэр бол зүгээр л нэг тоо. Харин Хоошёорюүг бид бүхний зүрхэнд үлдсэн ёкозүна болосой гэж хүсэж байна” гэж хэлсэн”

Өөрөөр хэлбэл Токүра Шюничигийн ёс зүйтэй ёкозүна гэж тооцдог аварга нь Тэрүнофүжи бөгөөд Хоошёорюүд ч гэсэн ижилхэн итгэл хүлээлгэж байгаа юм байна. Үүний тулд л хатуу ширүүн үг хэлж байгаа биз ээ. Энэ бүхний талаар өмнө нь ёкозүнагийн зөвлөлийн гишүүн байсан манга зураач Якүмицүригаас асууж тодрууллаа.

Ёс зүй гэдэг бол зөв байх гэсэн үг

“Тэрүнофүжиг нэрлэсэн ч гэсэн Токүра Шюничи үнэхээр буруу үг хэлсэн. “Монгол аваргууд бүгд, бүгд” гэдэг нь алдаатай байлаа. Ёс зүйгүй монгол ёкозүна байсан уу гэвэл байсан нь үнэн. Гэхдээ ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй гэж бодож байна. Хоошёорюү ёкозүна болсон тал дээр би эсэргүүцэхгүй. Хувьдаа ойлгож байгаа ч ойлгохгүй хүн байгаад арга байхгүй. Би өөдрөг хүн болохоор угаасаа хүч чадал нь өсөн нэмэгдэж байгаа Хоошёорюүг дахиад нэг башё харсан ч санаа зовох зүйлгүй гэж бодож байлаа. Харин зөвлөлийн гишүүдийн ихэнх нь тун болгоомжтой улсууд. “Ирэх тэмцээнд Хоошёорюү ялагдаад байвал баларна. Одоо л цол олгоё” гэж бодсон хэрэг” Якүмицүри

Хоошёорюүгээс яг юу хүсэж байгаа талаараа “Юм л бол авга ах Асашёорюүтэй нь харьцуулдаг болохоор хүмүүст Аса шиг хүн мэт харагддаг тал бий. Үнэндээ бол огт өөр. Тэр бүгдийг бужигнуулаад байдаг хүн биш. “Эрхэм чанар гэж яг юу гэсэн үг вэ? Утгыг нь ойлгохгүй байна” гэж хариулсан нь шударга хариулт. Япон хэлийг төгс сайн сурсан хэрэг биш дээр нь япон залуучууд ч өөрсдөө сайн ойлгодоггүй үг. Токүра Шюничи “Зөв сайн байгаарай” гэж л хэлэх гэсэн байх. Ёс зүй гэдэг нь зөв байх л гэсэн утгатай үг. Зөв байх гэдэг нь үг хэл, дохён дээрх барилдаан дээр зөв байх. Хоошёорюү шударга, сайн залуу. Зөв ёкозүна байж чадна гэдэгт би итгэдэг” Якүмицүри

Сүүлийн үед гарсан ёкозүна нар гэмтэл бэртэл ихтэй, өнжсөөр байгаад удалгүй зодог тайлдаг болоод байгаа. Хоошёорюүд Ёкозүнагийн зөвлөлийн гишүүдийн сэтгэлд хоногшсон сайхан амжилт гаргаж, зөв зүйтэй ёкозүна байна гэдэгт итгэж байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
20
1
1
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
258\52.77.220.167
Эхнээсээ л, барын зулзагыг бага дээр нь гэдэгчлэн дарамтанд байлгаж зовоох, ялих шалихгүй шалтгаанаар дөнгөж сая өгөөд, түүнээ дуудуулж дэвжээнд ч гараагүй байгаа их аварга цолоо бушуухан буцааж хурааж авах гэсэн, японоосоо л чанаргүй, үлбэгэр аварга цолтныг гаргаж ирэх гэсэн гадуурхлын далд санаанаас өөр юу ч биш. Аса аварга алдаа мадаг гаргасан байж болно. Гэхдээ Япончууд яаж ч чадахгүй бүхэл бүтэн 25 түрүүгээ түүнд алдсан шүү дээ. Монголын их аваргууд л түүнтэй өрсөлдөж байлаа. Их хүнийг ингэж муулж, авга дүүг нь түүнтэй холбож шалтаг хайхаа зогсоогооч. Хоошорюү их аварга өөрийн үзэл бодол ухаантай хүн. Түүнд алсын бодол, том зорилго байгаа. Аварга хүний ном ёсыг судалж байгаа нь лавтай. Түүнийг янз бүрээр дарамтлах хэрэггүй ээ.
Зочин\13.214.148.90
Атаархсан хүний л үг бна, япончууд үндэсний спортыг нь гадаад бөхчүүд эзэлчихээд тэр дундаа Монголчуудад атаархаад аваргуудыг нь гадуурхаж гоочлоод бгааг сумо үздэг хүн бүр мэдэж л бгаа ш дээ, тэгсэн мөртөө өөрсдийгөө ёс зүйтэй ард түмэн гэчихжээ
Сумо сонирхогч . Япончууд өөрсдөө аварга болж чадахгүй болохоор өө сэв хайж эхэлж байна. Монгол сумочид анхаарч улам сайн баридаад өөлөх үг хэлэхээргүй болгоод өгөөрэй\13.212.227.206
Сумо сонирхогч\52.77.242.98
Сумо сонирхогч\52.77.242.98
Сумо сонирхогч\52.77.242.98
Сумо сонирхогч\52.221.212.52
Сумо сонирхогч\13.212.227.206