Хайр дурлалын тухай кино бүхэнд өөрийн гэсэн ид шид оршдог. Зарим нь сэтгэл догдлом гал халуун учралын тухай үзүүлж догдлуулж, зарим нь магадгүй адармаатай хайрын түүхийг өгүүлж хагацал гунигийг бидэнд мэдрүүлэх нь ч бий. Гэгээн Валентины өдөр хайртай хүнтэйгээ, эсвэл ганцаараа романтик, сэтгэл хөдлөм кино үзэж, энэ өдрийг халуун дулаан өнгөрүүлэхэд тань дараах кинонуудыг санал болгож байна.
ANYONE BUT YOU
“Euphoria” цувралын од Сидни Свини болон Глен Пауэлл нарын гол дүрд тоглосон романтик инээдмийн кино бөгөөд бие биеэ үзэн яддаг хүмүүс нэгэндээ дурлаж байгаа талаар өгүүлнэ. Хөнгөн, хөгжилтэй гэхдээ бас догдлом 2000-аад оны ром-ком кинонуудад дуртай бол энэ кино танд таалагдах нь гарцааагүй.
CRAZY, STUPID LOVE
Хамгийн шилдэг романтик инээдмийн кинонуудын нэгт зүй ёсоор багтдаг энэ киног үзэж амжаагүй яваа бол энэ Валентины өдрөөр үзэхэд хамгийн зөв сонголт болно. Зөвхөн ганц хосын түүх биш, нас насны олон хосын сэтгэл хөдөлгөм, адал явдлаар дүүрэн түүх таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Дүрүүдэд Райн Гослинг, Эмма Стоун нарын хослол, Стив Карелл, Жулиан Мур зэрэг алдартнууд тоглосон нь киног улам ч үзүүштэй болгожээ.
HE'S JUST NOT THAT INTO YOU
Үлгэр бүхэн сайхан төгсдөггүй. Уг киноны хайр дурлалын сэдэвтэй бусад киноноос ялгарах нэгэн онцлог нь хайр дурлал, хосын харилцаанд тулгардаг сорилтууд, асуудлуудыг бодитоор харуулдаг бөгөөд хэд хэдэн өөр хосын түүхийг өгүүлнэ. Үзэгчдийн хэзээний танил болсон Скарлетт Иохансон, Бредли Купер, Женнифер Анистон зэрэг холливудын А зэрэглэлийн жүжигчид уг кинонд тоглосон гэдгээрээ онцлогтой. Гол дүр тус бүрийн амьдрал, зөрчил нь энгийн нэг романтик кино биш болохыг батлах болно.
HOW TO LOSE A GUY IN 10 DAYS
Энэ бол 2000-аад оны романтик комеди төрлийн кинонууд дундаас өдгөө 20 гаруй жилийн дараа ч алдартай хэвээр байгаа классик бүтээл юм. Нэрийг нь харахад хайрын баяраар үзэх кино мөн эсэхэд эргэлзэж магадгүй ч гэгээлэг, хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн энэ киног харин ч энэ өдөр тухлан сууж үзэхийг санал болгож байна.
LA LA LAND
Хөгжим, гол дүрийн хосын хоёр өөр ертөнц, нүд баясгам өнгө дүрслэлээр дүүрэн сэтгэл хөдөлгөм түүх. Жазз хөгжимчин Себастиан, жүжигчин болох мөрөөдөлтэй Миа нарын гэнэтийн учралаас эхлээд тэдний мөрөөдөл, амжилт уналтын талаарх энэ гайхамшигт бүтээл таныг уярааж, догдлуулах гайхалтай хоёр цагийг бэлэглэнэ. Хайр дурлал ч, карьер ч биднээс хичээл зүтгэл, золиос шаарддагийг тодхон харуулах бөгөөд хайртай хүнтэйгээ заавал үзэх кинонуудын нэг юм.
SERENDIPITY
Та хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг үү? “Serendipity” кино үүний хариултыг хайж, таныг зүрх догдлуулам романтик аялалд хөтөлнө. Жон, Сара хоёр Нью-Йоркийн нэгэн үдэш санамсаргүй учирч, дурлалын оч тэдний дунд гайхалтай үсэрсэн ч бүхнийг хувь тавиландаа л даатгажээ. Хэрвээ үнэхээр тэд бие биедээ зориулагдсан бол, хувь тавилан тэднийг заавал дахин учруулах болно.
TANGLED
Валентины баяраар юун хүүхэлдэйн кино вэ гэж гайхахаа түр азнаарай! “Tangled” бол Диснейн шилдэг хайрын түүхүүдийн нэг. Рапунзел болон Южин нарын төгс хослол, үзүүштэй анимейшн хийц, гэрэлт дэнлүүтэй нүд баясгам хэсгийг онцлохгүй байхын аргагүй. Хүүхэд насныхаа дурсамжийг сэргээж, магадгүй хайрттайгаа багынхаа хөгтэй явдлуудыг хуваалцан инээлдэн суух сайхан оройд “Tangled” төгс тохирох болно.
THE IDEA OF YOU
Бэстселлер зохиолоос сэдэвлэсэн уг кинонд бид Энн Хэтэуэйг 40 настай ганц бие ээжийн дүрээр харах нь. Хамгийн сонирхолтой нь гол дүрийн дурлалт залуу маань 24 настай поп од аж. Тэд Coachella наадам дээр танилцсанаар түүх эхлэх болно. Бидний өдөр тутмын амьдралд тохиолдож л байдаг, ач холбогдол ч өгдөггүй зүйлс заримдаа гүн гүнзгий зүйлийн эхлэл болж байдаг, мөн хайрлахад нас, нийгмийн байр суурь огтхон ч хамаагүй гэдгийг батлах үзүүштэй кино юм.
THE PROPOSAL
Ажил хэрэгч, хатуу чанга зангаараа алдартай Маргарет гэнэтийн байдлаар өөрийн туслах Эндрютэй гэр бүр болохоор тохиролцоно. Адал явдлаар дүүрэн эхэлсэн тэдний хурим гэрээтэйгээ зэрэгцээд дуусах болов уу эсвэл жинхэнэ хайр болох болов уу?
WE LIVE IN TIME
Өчигдөр эсвэл маргаашийн талаар боддоггүй, зөвхөн өнөөдрөөрөө л амьдардаг хосын санаандгүй учрал яаж эргэх бол? Хайр, цаг хугацаа, хувь тавилангийн тухай ээдрээтэй боловч үзэсгэлэнтэй түүх. Зарим хайрын түүхүүд эхлэл, төгсгөл гэсэн зүйл үгүй зүгээр л амьдарсаар, оршсоор байдаг.
Хайртай хүнтэйгээ байхад өдөр бүхэн Валентин гэдгийн адил бидний амьдрал өөрөө хамгийн сайхан кино билээ. Заримдаа хар цагаан, заримдаа өнгө алагласан энэхэн амьдралдаа хайрынхаа түүхийг, өөрсдийнхөө романтик киног өөрийнхөөрөө бүтээгээрэй. Валентины энэ өдөр зүрх сэтгэлийг тань догдлуулж, баярын өнгийг улам тодруулах кинотой сайхан үдшийг өнгөрүүлэхийг уншигчдадаа хүсье.
Бэлтгэсэн: Б.Цагаандалай