UBLife Logo
Нийгэм
Залуус яагаад утсаар ярихаас зайлсхийдэг болсон бэ?

Залуус яагаад утсаар ярихаас зайлсхийдэг болсон бэ?

Ub.life
Ub.life

Сүүлийн жилүүдэд Gen Z болон Millennial үеийнхэн буюу 18-34 насныхан утсаар ярих соёлоос бага багаар хөндийрч, мессеж, чат, цахим зурвас зэрэг бичгэн харилцааг таашаах болжээ. Залуустай холбогдох гээд хариуд нь “Уучлаарай, таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна, та дараа дахин залгана уу” гэх өгүүлбэрийг сонсох нь элбэг. Энэ үзэгдэл анзаарагдахуйц даамжирсан тул судлаачид, бизнесийн байгууллагууд үүний шалтгаан, үр дагаврыг судалж байна. 

‘’Robert Walters’’ агентлагийн 2024 онд явуулсан судалгаагаар, 1997-2012 оны хооронд төрсөн Gen-Z болон 1981-1996 оны Millennials үеийн хүмүүсийн 59 хувь нь ажил дээрээ цахим шуудан болон мессежээр харилцахыг илүүд үздэг бол, 50 хувь нь ажлын харилцааг утасны дуудлагаар явуулахаас зайлсхийдэг гэжээ. Харин ‘’BankMyCell’’ платформын 2023 оны судалгаагаар тандалтад оролцсон Z үеийнхний 75 хувь нь утасны дуудлагыг стресс төрүүлэм, эсвэл төвөгтэй гэж үздэг байна. 

Утсаар ярих бол Boomer-үүдийн хийдэг зүйл гэнэ үү?

2024 оны гуравдугаар сард хийгдсэн судалгаагаар, Gen X, Baby boomers буюу 1946-1980 онд төрсөн хүмүүсийн 49 хувь нь утсаар бага ярих, цөөн дуудлага болон дүрст дуудлага хийх нь тэдний ажил хэргийн болон хувийн харилцаанд сөргөөр нөлөөлнө гэж боддог. Судалгаанд оролцогчдын ердөө нэг хувь нь л мессеж, бичгэн харилцааг дуудлагаас илүүд үзжээ. Өмнөх үеийнхэн (Gen X, Baby Boomers) утсаар ярихыг хэвийн харилцаа гэж үздэг бол шинэ үеийнхэн бичгээр харилцахыг таашааж, хоорондоо харилцах арга барил нь өөрчлөгдөж байна.

Залуус яагаад утсаар ярихаас зайлсхийх болов?

Ихэнх залуусын хувьд утсаар ярих нь гэнэтийн нөхцөл байдал үүсгэж, түгшүүр, сандрал төрүүлдэг. Ялангуяа ярих зүйлээ бэлдэх, бодож бичих боломжгүй, шууд хариулах гарцаагүй нөхцөлд оруулдаг тул утсаар ярихаас санаа зовох нь их. Мөн яг тухайн мөчид цаг зав гаргах шаардлагатай болдог бол мессеж, и-мэйл нь завтай үедээ хариулах боломжийг олгодог тул илүү уян хатан байдаг. Үүнтэй холбоотой Phone Anxiety буюу “утсаар ярихаас түгших айдас” гэх нэр томъёо ч шинээр үүсчээ.

Phone Anxiety гэж юу вэ?

Шинэ үеийнхний дунд түгээмэл үзэгдэх болсон Phone Anxiety гэх зүйл нь утсаар ярихаас зайлсхийж, гэнэтийн дуудлагаас айх, утсаар ярьсны дараа сэтгэл зовних гэх мэтээр илэрдэг байна. Утсаар ярихаас өмнө ярих зүйлсээ удаан бодох, хойшлуулах, зарим тохиолдолд огт хариу өгөхгүй байх, ярианы дараа “Би буруу зүйл хэлчихсэн үү” гэж санаа зовних зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж байвал утсаар ярихаас айх эмгэг үүсч буйн илрэл болдог. Мөн ихэвчлэн Social Anxiety Disorder буюу нийгмийн харилцаанд орохоос айх эмгэгтэй хүмүүст түгээмэл тохиолддог бөгөөд утсаар ярих нь гэнэтийн асуултад хариулах шаардлага үүсгэдэг тул дээрх эмгэгтэй хүмүүст илүү дарамттай санагддаг байна. 2022 онд UK National Health Service байгууллагын явуулсан судалгаагаар нийгмийн харилцаанд орохоос айх эмгэгтэй хүмүүсийн 80 хувь нь утсаар ярихаас зайлсхийдэг бөгөөд тэдэнд бичгэн харилцаа илүү тухтай санагддаг гэжээ. 

Яаж даван туулах вэ?

Энэ эмгэгийг даван туулахын тулд багагүй хугацаа шаардагддаг. ‘’VeryWell Mind’’ сайтын санал болгосноор ийм төрлийн эмгэгтэй хүмүүс эхлээд хамгийн ойр дотны хүмүүстэйгээ өдөрт дор хаяж 2 удаа утсаар ярих замаар бусад хүмүүстэй утсаар ярихад өөрийгөө дасгаж бэлдэх нь хамгийн үр дүнтэй арга болдог. Ажил хэргийн шаардлагаар хэн нэгэнтэй амжилттай ярьж дууссаныхаа дараа өөрийгөө шагнах, дуудлага хийхийнхээ өмнө өөр зүйлээр өөрийгөө сатааруулж, тайвшруулах байдлаар утсаар ярихаас айх эмгэгээ даван туулж чадах юм.

Утсаар ярих, нүүр тулан ярилцах харилцаа нь зарим хүнд айдас түгшүүр болж байхад харин энэ харилцааг илүүд үздэг хүмүүс ч цөөнгүй. Учир нь тэд ярилцахыг бичгэн харилцаанаас илүү хүмүүсийн дунд дараагийн удаа харилцах итгэлийг төрүүлдэг, и-мэйл, мессежээр харилцахаас хурдан хугацаанд олон зүйлийг ярилцаж хэлэлцэх боломж олгодог гэх байр суурийг чухалчилдаг. 

Утсаар ярихаас зайлсхийх үзэгдэл хэдийгээр олон хүний хувьд бэрхшээл болж байгаа ч зарим тохиолдолд утсаар ярих нь илүү үр дүнтэй, харилцааг гүнзгийрүүлж, итгэлцэл тогтоох ач холбогдолтой тул Phone Anxiety-г даван туулах нь чухал юм. 

Танд утсаар ярих, мессеж бичихийн аль нь аятай вэ?

Бэлтгэсэн Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
1
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.