“Монсудар” хэвлэлийн газрын Жангар редакцаас “Эх орон” танин мэдэхүйн зурагт номыг бүтээж, тун удахгүй нээлтээ хийхээр зэхэж байна. Эх орон гэж юу вэ гэдэг асуултад хариулахын тулд эрт галавын үеэс өнөөдрийг хүртэл бидний туулсан замыг дэлгэн харуулж, сонирхолтой түүхүүдийг уншигчдадаа хуваалцах юм. Уг номын тухай “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбаттай ярилцлаа.
-Эх оронч гэх ойлголт ард түмний эв нэгдлийг хуваагаад ч байх шиг үнэхээр барьцгүй, эмзэг зүйл санагддаг. Орчин үеийн залууст энэ үзэл санааг тулгах тусам хий дэмий, сүржин санагдуулах болж уг сэдвээс улам хөндийрүүлээд байна. Тэгэхээр эх оронч үзлийг хүүхэд, залууст шууд тулгах нь зөв үү?
-Ер нь бид эх орон гэдэг үгийг хоосон бахархал, шүтээн л болгочхож. Хүн ямар нэгэн юмыг шүтэхээрээ тухайн зүйлийн утга учрыг нь эрэлхийлэхгүй, харин ч түүнээс холдож хөндийрдөг. Жишээлбэл, монголчууд шүтлэгтэй уул руу ойртдоггүй шүү дээ. Шүтэх гэдэг ойлголт мухар сүсгийн шинжтэй. Орчин үеийн залуусын тухайд учир нь үл мэдэгдэх, ойлгогдохгүй зүйлээс холдох, зугтах хандлагатай байна. Үүнийг би зөв гэж боддог.
-Орчин үеийн хүний эх оронч үзэл санаа хэдийд яаж илэрдэг юм бол?
-Улс төрчдийн хувьд эх орон гэдэг үгийг сонгууль ойртоход уриа лоозон байдлаар хэрэглэдэг. Голцуу л дов, жалганы үзлээр илэрдэг юм. Эх орон гэдэг чинь аль нэг аймгийнх гэдгээрээ гайхуулах явдал биш, дэлгэсэн тэрлэг шиг Монгол нутаг бүхэлдээ минийх гэж хандах тийм уудам сэтгэл юм шүү дээ, угтаа.
Хаант засгийн үед эх орон гэх ойлголт байгаагүй. Тэр үеийн хүмүүс бүхий л нутаг дэвсгэрийг зөвхөн хааны өмч гэж ойлгодог байсан. Ардын засаг мандсанаар монголчууд “Эх орон” гэдэг үгийг хэлэх эрх чөлөөтэй болсон юм. Хүүхдэд эх орны тухай ойлголтыг эзэмшүүлснээр “нийгэмд би ганцаараа биш учир хувиа хичээж болохгүй юм байна” гэдгийг ойлгуулах учиртай.
“Эх орон” номд өнөөгийн Монгол нутагт эрт цагаас нааш ямар хүн, амьтад оршиж байсан, хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа өнөөдрийг хүртэлх хугацаанд юуг туулав гэдгийг бүхэлд нь зураглаж харуулсан.

-Хэвлэлийн газраас түүхийн ном бүтээхэд аль судлаачийн, эсвэл судалгааны институтийн үзэл санааг голчлох вэ гэдэг сорилт тулгардаг болов уу. “Монсудар” хэвлэлийн газрын хувьд энэ асуудлыг хэрхэн шийддэг вэ?
-Монголын түүхийг олон талаас нь нээж, судлах нь буруу биш. Гэвч хэн, юу бичсэн нь хамаагүй, харин нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн түүхийн нэг л агуулгыг ЕБС-иудын сургалтын агуулгад оруулах ёстой. Аль нам эрх мэдлийг атгаж байна, зөвхөн тэдэнд таалагдсан түүхийг хүүхдэд заах нь хориотой зүйл. “Монсудар” хэвлэлийн газраас “Монголчууд” цувралын хүрээнд Монголын түүхийн зургаан боть номыг бүтээсэн. Хэвлэлийн газраас түүхийн агуулгыг боловсруулна гэдэг нь өөрсдөө үзэг шүүрч аваад бичихийн нэр биш. Харин хувийн үзэл санаанаас ангид, янз бүрийн “изм”-гүй, туйлшралгүй агуулгыг бичиж чадах хүмүүсийг олоод тэднээр түүх бичүүлж чадсан юм, манайх. Бид агуулга бүтээдэг газар төдийгүй агуулгыг хэнтэй хамтарч боловсруулах вэ гэдэгтээ чухалчлан ханддаг.
-“Монсудар” хэвлэлийн газраас бэлтгэсэн “Эх орон” зурагт ном монгол уншигчдад юугаараа үнэ цэнтэй вэ?
-Хүүхдэд зориулсан ном хамгийн түрүүнд сонирхолтой байх ёстой. Хүүхэд ном уншихдаа томчуудын адилаар “Энэ ном ямар ач холбогдолтой юм бол оо” гэж боддоггүй. Харин сонирхлоороо өдөөгдөн тухайн номыг анхаарч эхэлдэг. Эцэг эхчүүдийн зүгээс чи үүнийг цээжлэх ёстой, одоо ойлгохгүй бол хожим ойлгоно гэх тулгасан, сургамжилсан байдлаар ном сонгох нь хүүхдийг уншихаас улам зугтаахад хүргэдэг. Цээжлэх, ойлгох гэдэг хоорондоо ялгаатай. Ойлгоно гэдэг нь тэрхүү агуулгыг бие, сэтгэлдээ шингээж, өөрийн амьдралыг баяжуулах тухай яриа юм. Харин цээжилнэ гэдэг түр зуурхан тогтоож, шалгалт өгсөн хойноо мартахын нэр.
“Эх орон” бол зурагт ном. Хүүхдүүд сургуульд орохоосоо ч өмнө харж, сонсож, мэдрэх байдлаар хорвоо ертөнцтэй танилцаж ирсэн. Тэгэхээр хүүхдийн хувьд тухайн ном нь зургаар хэдий хэр баялаг байна төдий чинээ сайхан санагддаг. Иймд “Эх орон” танин мэдэхүйн номын агуулга нь асар олон зургаас бүтсэн.
-Хүүхдийн ном эцэг эхийн шалгуурыг давж уншигчдадаа хүрдэг. Тэгвэл сонгох эрх мэдлийг гартаа атгаж буй эцэг эхчүүдийн хандлага өдгөө ямар байдалтай байгаа гэж дүгнэх вэ?
-Эцэг эхчүүд зурагт номыг хүүхэд саатуулах хэрэгсэл гэж ойлгодог. Хавтсыг нь шинжиж байгаад нүд булаасан зурагтайг сонгочихно, харин доторх агуулгыг нь тоодоггүй. Зүй нь мэдээж аав ээж нар хүүхэдтэйгээ тухайн номын талаар сайтар ярилцах хэрэгтэй. “Эх орон” бол гэр бүлийн ном. Аав ээжүүд ч гэсэн эх орон гэж юу байдгийг ойлгож, таних ёстой.

-Эх орноо танин мэдсэнээр юунд хүрэх вэ?
-Эх орны хамгийн жижиг хувилбар нь айл гэр юм. Айл гэр өөрсдийгөө хэр сайн ойлгоно төдий чинээ орон гэрээ өөд нь татахын төлөө хамтдаа хичээнэ, зүтгэнэ.
-Энх тайван улс оронд амьдарч буй хүнд эх оронч үзэл санаа гэж байдаг уу?
-Үнэхээр ч эх оронч үзэл санааг бид дандаа л дайн байлдаантай холбож ойлгодог. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний генералуудыг цуглуулаад та нар эх оронч үзэл санааг дэлгэрүүлэх ажлыг удирдан зохион байгуул гэсэн даалгавар өгч байсан. Энэ үйл явдал бидэнд “Эх орон” зурагт номыг бүтээх сэдэл төрүүлсэн юм.
Энх цагийн хүмүүс бид ажил хөдөлмөртөө хэрхэн эх оронч байдлаар хандах вэ? Монголчууд ажил хайгаад хил давж байгаа нь улс төрийн хувьд эх оронч бус бодлоготой байгаагийн үр дүн шүү дээ. Эх оронч үзлийг хүүхдүүдэд нэг өдрийн дотор төлөвшүүлэх боломжгүй. Харин бага наснаас нь эхлэн цэцэг тарих лугаа системтэй сургах ёстой юм.
Ер нь эх орон гэдэг сэдвийн талаар хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон агуулга бүтээх нь тэдэнд ч уншихад сонирхолтой. “Эрт урьдын цагт” гэж хэзээ ч юм бүү мэд, “эмгэн өвгөн хоёр” гэх нь хэний ч өвөө, эмээ юм мэдэхгүй, эхлэл төгсгөл нь дандаа адилхан байдаг нэг хэвийн үлгэрүүдээр өнөөгийн хүүхдүүд тархиа дүүргэж болохгүй. Өнөөдөртэйгөө харьцаж амьдрах ёстой юм, хүүхэд. Тийм учраас энэ ном зайлшгүй хэрэгтэй.
-“Жангар” редакцаас Эрик Карл, Маурис Сендак тэргүүтэй дэлхийн шилдэг зохиолчдын зурагт номуудыг эх хэлнээ орчуулан хэвлэж байсан. Монгол үлгэрийн баатрууд мангастай байлддаг бол Сендакийн “Мангасуудын оронд” номын баатар мангасуудтай уулзаад хамтдаа тоглодог шүү дээ.
-Тийм. Монгол үлгэрийн баатрууд бүгд мангасыг хөнөөдөг. Гэтэл “Мангасуудын оронд” номын гол дүр мангасуудтай тоглож, тэднийг айлгана. Сендакийн номыг уншсан хүүхдүүд зохиолчид нь хандан “Мангасуудын оронд яаж очих вэ. Зуны амралтаараа дүүгээ дагуулаад очмоор байна” гэж захидал бичсэн байдаг. Хүүхэд мангасуудад дуртай, этгээд зүйлсэд хайртай. Ер нь хүүхдийн хувьд шинэ зүйлийг турших, айх, цочих нь өөрсдөд нь баяр баясгалан авчирдаг гэдгийг бид ойлгох цаг болсон. Тэгэвч “Мангасуудын оронд” номыг хүн худалдаж авдаггүй юм.
