Өнөөдрөөс яг 10 жилийн өмнө ОХУ-ын сөрөг хүчний том удирдагч Борис Немцовыг алуурчид буудан хороосон билээ.

2015 оны хоёрдугаар сарын 27-нд Москва голын гүүрэн дээр алхаж явсан түүнийг машинтай хүмүүс зургаан удаа буудсанаас дөрөв нь оносон байна. Немцов газар дээрээ амиа алдсан бөгөөд 55 настай байлаа.

Борис Немцов 27 настайдаа экологийн эсэргүүцлийн хөдөлгөөнөөр улстөрчийн замналаа эхэлсэн. 30 настайдаа Ардын депутат болж, 32 насандаа Нижегородскийн амбан захирагч болсон байлаа.

1997 онд 38 настай Немцов ОХУ-ын Шадар сайд болсон ч жилийн дараа Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход ажлаа өгсөн. 1998 онд “Залуу Орос” хөдөлгөөн байгуулж, нэг хэсэг Владимир Путиныг дэмжиж байв. Харин 2004 оноос сөрөг хүчинд шилжиж, засгийн газрыг шүүмжилдэг болсон билээ.

2013 онд Ярославскийн Думд сонгогдож, авлигачдын эсрэг тэмцсэн.

“Надад ямар ч албан тушаал хэрэггүй. Миний албан тушаал бол Борис Немцов. Энэ надад хангалттай” гэж ярьдаг байлаа.

Немцовын амь насыг хөнөөсөн хэргээр 2017 онд Заур Дадаев, Анзор болон Шадид Губашев, Темирлан Эскерханов, Хамзат Бахаев нарын 5 хүнийг баривчилж, 11-20 жилийн ял оноосон.

Харин захиалагчийг одоо болтол олоогүй байна.
