АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп засгийн эрхэнд гарснаасаа хойш Украинд үзүүлж байсан тусламжаа зогсоож, Жо Байдены үед буцалтгүй тусламжаар өгсөн 350 тэрбум ам.долларын хөрөнгийг эргүүлэн авна гэж мэдэгдсэн билээ. Үүний тулд юуны өмнө Украины газрын ховор металл, байгалийн хийн орд газруудад АНУ орно гэж анхааруулсан. Хариуд нь Украины тал 350 тэрбум ам.доллар нь тусламж байснаас зээл байгаагүй гэж мэдэгдэж байсан ч гол түншээ алдахгүйн тулд буулт хийхээс өөр аргагүй болжээ.
Барууны Financial Times, Reuters, Bloomberg, AFP зэрэг том хэвлэл мэдээллийн агентлагууд хоёр тал Украины байгалийн баялгийг хамтран олборлох, ашиглах гэрээг батлахад бэлэн болсон гэж мэдээллээ. Тус гэрээний анхны хувилбарт АНУ-ын тал газрын ховор металл болон бусад ашигт малтмалаа Америкт нийлүүлэхийг шаардсан байсныг хассан гэнэ. Ямар ч гэсэн Украины тал газрын ховор элемент төдийгүй нефть, байгалийн хийн салбарт АНУ-д давуу эрх олгох нь тодорхой болжээ. Харин үүнийхээ хариуд ямар баталгаа авах болсон талаар мэдээлэл алга.
Украины Ерөнхийлөгч В.Зеленский ирэх Баасан гарагт Вашингтонд айлчилж, гэрээнд гарын үсэг зурж магадгүй болоод байгааг эх сурвалжууд мэдээллээ. Цагаан Ордноос энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй ч Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд “Зеленский АНУ-д ирэх төлөвлөгөөтэй байгааг би сонссон. Мэдээж би эсэргүүцэхгүй” гэж хэлсэн байна.
АНУ-ын Үндэсний Геологийн албанаас маш чухал 50 элементийн жагсаалт гаргасан байдаг. Үүнээс 22 нь Украинд байдаг байна. Жишээ нь, титан, литий, графитийн баялаг ордтой. Литий, графит нь цахилгаан машинд хэрэглэгддэг зайны гол элемент бол титан нисэх онгоц, хөлөг онгоц, сансрын пуужин үйлдвэрлэлд юугаар ч орлуулж болохгүй ховор материал. Ураны нөөц ч Украинд хангалттай бий гэж шинжээчид үздэг байна.