Газрын ховор металлын талаар урьд өмнө зөндөө ярьж бичдэг байсан ч Дональд Трамп Ерөнхийлөгч болсноос хойш дэлхий даяараа хэлэлцдэг боллоо. Учир нь Трамп Украинаас газрын ховор элемент, металлаа нийлүүлэх, өгөхийг шаардаж байгаа билээ.
Газрын ховор металл гэдэг нь Менделеевийн үелэх хүснэгтийн 17 элемент бөгөөд ихэнх нь хүнд металл. Яагаад ийм нэртэй болсон түүх алс тэртээ XVII зууны үед хамаарна. 1694 онд Иттербюгийн ойролцоох уурхайд ажилладаг Шведийн уурхайчин Юхан Гадолин үл мэдэгдэх хар орд газар олж илрүүлжээ. Тэгээд хотдоо зориулан иттриев гэж нэрлэсэн байна. Ташрамд дурдахад, энэ хотын нэрээр тербий, эрбий, иттербий гэсэн ховор элементүүд нэрлэгджээ. Энэхүү металлуудыг газрын хөрсөнд бараг байдаггүй гэж үздэг байсан тул тэр үед газрын ховор металл гэж нэрлэдэг болсон байна. Харин XX зуунд тийм ховор металл биш гэдэг нь ойлгомжтой болсон ч нэрийг солиход оройтсон байлаа. Гэхдээ энэ металлууд олборлоход үнэхээр хэцүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь тэд бие даасан ордод байдаггүй, бусад ордтой холилдсон байдаг байна.
Газрын ховор металлууд: Скандий, Иттрий, Лантаноиды: Лантан, Церий, Празеодим, Неодим, Прометий, Самарий, Европий, Гадолиний, Тербий, Диспрозий, Гольмий, Эрбий, Тулий, Иттербий, Лютеций.
Хөнгөхөн ховор металлуудыг цөм, машин барилга, хими, нефть - хими, батлан хамгаалах салбарт ашигладаг. Хүнд металлыг сансар, цахилгаан, лазер, оптикийн салбарын маш чухал, үнэтэй хэсгүүдэд хэрэглэнэ. Хэрэв олборлохоо зогсоовол дэлхийн бараг бүх чихэвч, өсгөгч, гар утас, компьютер алга болно гэсэн үг.
Хамгийн их ховор металлын ордтой орон бол Хятад. Дараа нь, Бразил, Энэтхэг, Австрали, ОХУ ордог байна. Хятадын газрын ховор металлын нөөц 44 сая тонн гэж байгаа. ОХУ 28,5 сая тонн, Бразил 21 сая тонн, Энэтхэг 6,9 сая тонн, Австрали 4,2 сая тонн нөөцтэй. Гэхдээ ОХУ жилд ердөө 2000 тонн ховор металл олборлодог бол БНХАУ 270 мянган тонныг жилд гаргадаг байна. АНУ-ын газрын ховор металлын хэрэгцээ их ч Хятадын импортын хамааралд байдаг тул Трамп энэхүү хамаарлаас гарах гэж хичээж байгаа юм. Ер нь энэ салбарын 80 хувь нь Хятадын гарт байдаг.

Украины хувьд 4 том газрын ховор металлын ордтой байсныхаа хоёрыг нь дайнаар ОХУ-д алдчихсан. Донецкийн Шевченкогийн орд, Запорожийн Крутая Балка ордыг Оросын цэрэг эзлэн авсан.