Тунаж барилддаг бөх наадмын чимэг ээ. Архангай аймгийн бөхчүүдээс цэргийн заан Ө.Батсуурь өнгөрсөн жилийн турш заалны барилдаануудад удаа дараа тунаж, улсын цолтнуудтай аваа, өгөөтэй дүүрэн сайхан барилдсан. Харин энэ зун аймгийн арслан цолонд хүрсэн Хайрхан сумын уугуул Галбадрахын Мөнхбаяр арваннэгдүгээр сард заалнаа явагдсан чансаа өндөр дөрвөн ч барилдаанд хэнд ч амлуулалгүй туналаа. Цахилж барилддаг, ассан зоригтой энэ залууг дийлж зогсооно гэдэг үнэхээр амаргүй бололтой.
Тэрбээр 17 настайдаа сумын заан, 20 насандаа аймгийн харцага, 24 настайдаа аймгийн заан цолыг гуядаж авсан бөх. Харин өнөө жил бүх цэргийн наадамд тав давж шөвгөрөөд, Архангайн наадамд түрүүлж аймгийн арслан цолонд хүрсэн төдийгүй Говьсүмбэр аймагт тав давж чимэг нэмээд байна. Түүнчлэн энэ намар “Даншиг наадам-Хүрээ цам”-д үзүүрлэж, даншгийн заан цолны болзол хангасан билээ.
Үнэн хүчийг үзье л гэсэн
-Та өнөө жил бүх цэргийн наадмаар арслан Д.Алтанцоож, А.Нармандах нарыг гурав, дөрвийн даваанд давж, Өмнөговийн заан Б.Баянсүхтэй тунаж барилдаад чимэг нэмсэн. Зургаагийн даваанд нутгийнхаа начин Д.Төрбаяртай мөн л тунаж барилдаад өвдөг шороодоно лээ. Нутгийн ахтайгаа барилдахад тань өгчхөв үү, яав гээд л хүмүүс харддаг байх?
-Би өгөөгүй ээ. Тэр үед Д.Төрбаяр ах аймгийн нэмэх начин, би аймгийн заан цолтой байлаа шүү дээ. Хоёулаа л энэ наадамд түрүүлнэ гэсэн бодолтой барилдсан байж таарна. Хамаг хүч тамираа шавхагдтал барилдаад би яах ч аргагүй унасан. Тухайн үед хэн хэндээ найр тавиагүй, үг ч солиогүй. Төрөө ахыг долоогийн даваанд Н.Өсөхбаяр амлаж аваад, амархан давчихсан шүү дээ.
Хожим нь бодоход харамсдаг л юм билээ. Унах л байсан юм бол эртхэн уначихгүй яав даа, тэгсэн бол ах маань долоогийн даваанд илүү тамиртай ч барилдах байсан юм болов уу гээд л. Одтой нь дараагийн даваанд хүч үзье гээд барилдахгүйгээр хуруудчихдаг ч байж үү гэж хүртэл бодно шүү дээ.
-Бөхчүүд нутаг нутгийнхаа галд наадмын бэлтгэлээ базаадаг. Гэхдээ аймгийн наадамд очоод галынхаа бөхчүүдтэй л цолны төлөө барилдахад хүрнэ. Таньдаг хүмүүстэйгээ хариуцлагатай наадамд таарлаа гэхэд үнэхээр үнэн хүчийг үзэж, харгүй сайхан барилдаж чаддаг уу?
-Барилдана. Сэтгэл хүрсэн газар бие хүрнэ гэдэг үг бий. Хэнтэй таарах, хэн юу ярих ерөөсөө хамаагүй. Барилдаж байгаа зорилго маань тодорхой шүү дээ, цолоо ахиулахын төлөө л. Багш маань хэлдэг. “Зөвхөн л өөртөө итгэ. Өөртөө найд. Тэгээд сайн барилд” гэж. Том, жижиг аль ч наадамд барилдаж байхад “танилын нүүр халуун”-ы жишгээр хүн ярих, уулзъя гэх тохиолдол байдаг л юм. Гэхдээ би тийм ярианд автдаггүй, ер автахгүй ч гэж боддог.
-Энэ зун одтой сайхан наадаж, бүх цэргийн наадамд тав даваад, Архангайн наадамд түрүүлснээр аймгийн арслан цолонд хүрлээ. Дараахан нь Говьсүмбэрт шөвгөрч чимэг нэмлээ, Даншиг наадамд үзүүрлэж даншгийн заан цолтой ч болсон. Аймгийн арслан цолондоо “хурц” чимэг нэмчихье гэх бодол санаанд тань байсан л байлгүй?
-Энэ жил үнэхээр одтой сайхан наадлаа. Дөрвөн наадмаар цолны даваанд хүрч барилдаад бүгдэд нь шөвгөрсөн. Хавар Бүх цэргийн наадмаар тавын даваанд Өмнөговийн заан Б.Баянсүхтэй тунаж барилдаад шөвгөрөхөд л “Би энэ зун аль ч аймагт очсон, түрүүлнэ” гэсэн бүрэн итгэлтэй болсон. Наадмын бэлтгэл ч маш сайхан таарсан. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн наадмуудад барилдах гээд бүртгүүлж чадаагүй. Дарханаас хасагдаад, Сэлэнгэд очиж хасагдаад, шөнө 01:00 цаг болж байхад Архангай руу давхисан. Намайг бүртгэж, барилдуулах ганцхан газар бол миний нутаг Архангай юм байна гэж бодсон л доо. Давхисаар шөнийн 04:00 цагт Төв аймгийн Лүн суманд ирж хоносон юм. Өглөө нь танил ах маань залгаад Багануур дүүргийн наадамд бүртгүүлээд өгье, ойрхон юм чинь тэнд барилдчих гэлээ. А.Алтанхуяг багш руу ярьж асуутал “Үгүй ээ, чи анх зорьсон Архангай руугаа яв. Энэ жил нутагтаа түрүүлнэ” гэж хариулсан. Өмнө нь Архангайд гурван удаа очиж барилдаад бүгдэд нь уначихсан юм, тэгээд бага зэрэг халшрангуй байсан л даа. Гурав, дөрөв, тавын даваанд унахдаа “Нутгийн маань дэвжээ ер нь л надад зохихгүй байгаа юм байна даа” гэж бодсон ч багш харин “Чи гурван жил унасан шүү дээ. Энэ удаад түрүүлэх цаг чинь болчхоод байна” гэсэн юм. Багшийнхаа зөвлөснөөр Архангай аймагтаа сайхан барилдаж түрүүлсэн.

-Аймгийн арслан цолонд хүрэхэд тайвшрах, амсхийх мэдрэмж төрсөн үү. Цолны тэмдгээ гардах мөчид юу бодогдож байв?
-Хавар Хайрхан уулынхаа овооны наадамд очиж барилдсан юм. Тэр үеэр манай сумын 100 жилийн ойд зориулсан баримтат киног бэлтгэж байгаа хүмүүс таараад ярилцлага авахаар нь “Энэ жил сум маань 100 жилийн ойтой. Надад бодсон юм байгаа. Чадвал сумынхаа ойд бэлэг барина аа” гээд хэлчихсэн чинь үнэхээр арслан болчихсон. Дараа нь хүмүүс ярилцлагаас маань энэ хэсгийг нь таслаад миний барилдааны бичлэгтэй эвлүүлчихсэн байна лээ /инээв/. Санаснаа гүйцээж, наадамд түрүүлчхээд гүйж байхад сэтгэл хөнгөрнө л дөө. Сайхан ч барилдаж түрүүлсэн. Долоон барилдааны маань нийлбэр хугацаа 15 орчим минут л болсон шүү.
-Лав золгохгүй, гарын үзүүрийн мэхээр л хаяад байсан хэрэг үү?
-Наадмын бэлтгэл дээр элэг бүсний барьцнаас хонгодох мэхийг давтаад л байсан юм. Яг тэр хонгодох мэхээрээ бүх өрсөлдөгчөө хаяж түрүүлсэн. Миний барилдааны гол зарчим бол задгай барьцнаас амсхийхгүй ажиллаж, өрсөлдөгчөө цуцаах, зай олдвол мэх хийгээд давахыг хичээдэг.
-Сая та “Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн наадмуудад барилдахаар очсон ч бүртгээгүй” гэлээ. Энэ зун Булганы наадмаас арслан О.Баярбаасанг хассан явдал хэсэг зуур шуугиулсан. Нутаг усаар нь ялгаварлаж барилдуулахаас татгалздаг нь цол горилж байгаа бөхчүүдийн хувьд халгамаар биз?
-Бөхчүүдийг “өөр аймгийнх” гэж ялгаад наадамд барилдуулахгүй байгаа нь дэмий санагддаг. Хоёрт, улсын цолтой бөхчүүд аймгийн наадамд барилдах бас дэмий зүйл. Улсын цолтнуудын оронд хасагдаж байгаа залуучуудыг оруулаасай гэж хүсдэг юм. Ер нь би олон аймгийн наадмаас хасагдаж үзсэн. Зориод очиход “Барилдуулахгүй ээ” гэнэ, нэг бол бүртгэж авчхаад нэрсийн жагсаалтыг Бөхийн холбоо руу явуулахдаа дундаас нь хасчихдаг юм. Энэ асуудалд дорвитой арга хэмжээ аваасай л гэж боддог. Наадамд зодоглоно гэдэг бүтэн жилийн хөдөлмөрийн үр шим гэж ярьдаг. Энэ бол нэг жилийнх биш, асар олон жилийн хөдөлмөр юм. Би сүүлийн зургаан жилийн хугацаанд тасралтгүй бэлтгэл хийхдээ цолоо ахиулах гэсэн нэг л зорилгын төлөө зүтгэж байна.
-Үндэсний их баяр наадмыг улс даяар нэгэн зэрэг хийдэг болчихвол аль ч газар бөхийн тоо хэтрэхгүй нь сайхан. Гэхдээ цуварч болбол зарим бөхчүүдэд дутуугаа гүйцээх боломж юм даа. Аймаг, сумдын наадам дамжиж бааварлаад байдаг улсын цолтнууд ч цөөнгүй шүү.
-Өнөө жил Архангайн наадам ихэнх аймгуудынхтай нэгэн зэрэг болсон. Би аймагтаа түрүүлчхээд Говьсүмбэрийн наадамд очсон юм. Говьсүмбэрийн наадам, Дорноговийнхтой нэг өдөр болж таарсан. Тэгэхэд улс, аймгийн цолтой бүх л бөхчүүд оччихож байгаа юм. Шуудхан хэлэхэд, онцгүй л санагдсан. Улсын цолтнууд гар хүндрүүлэх юм аа бодоод л, доогуур нь аймгийн цолонд зүтгэж яваа сумын заанууд, арслан болохоор зүтгэж яваа аймгийн цолтой бөхчүүд нь хоорондоо алалцаад л дуусдаг юм байна лээ. Иймд, улсын цолтой бөхчүүдийг аймгийн наадамд барилдуулахгүй гээд харин сум, аймгийн цолтнуудыг гарал, угсаа хамаарахгүй нээлттэй барилдуулчих нь шударга.
Өнгөрсөн жил Говьсүмбэрийнхэн наадмаа их сайхан зохион байгуулж, би үзүүрлэсэн. 128 бөх барилдахад аймгийн харцага цолтой би нэгийн даваанд аймгийн манлай начинтай оноолтоор таарч байгаа юм. Тийм наадам чинь л өрсөлдөөнтэй, өгөөжтэй, ер нь их урамтай юм билээ.
-Тэр наадмаар та гурав, дөрвийн даваанд нутгийнхаа бөхчүүдтэй таарсан шүү дээ. Цэргийн заан Ө.Батсуурьд амлуулж, арслан Б.Батсайхантай оноолт таараад барилдсан. Шуудхан асуухад, нутгийн бөхчүүд тань гар амар давуулсан уу?
-Үгүй. Үнэн хүчийг үзье л гэсэн. Чойрын богд хайрханы энгэрт их гоё амралтын газар байдаг юм билээ. Дээхнэ үедээ томоохон хийд байсан гэдэг. Архангайн бөхчүүд тэр амралтад байрлаад байтал орой нь Хөвсгөлийнхөн ирэв ээ. Ингэж бүгдээрээ нийлж аваад тэндхийн лам дээр очтол сайн барилдах бөхчүүд нь энэ дотор л байна даа гэж хэлсэн. Тэнд надаас гадна цэргийн заан Ө.Батсуурь, Хөвсгөлийн П.Хүрэлбаатар, жүдогийн Б.Гончигсүрэн нарын арваад бөхчүүд байлаа. Маргааш нь өнөөх амралтын газар хоносон бөхчүүдээс гурав нь Их шөвөгт шалгарсан.
Тавын даваанд гурван бөхөөс Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарыг сумын заан цолтой байхад нь, зургаагийн даваанд Хөвсгөлийн П.Хүрэлбаатарыг амлаж даваад, үзүүр түрүүнд арслан Л.Энхтүвшин ахад унасан.
-П.Хүрэлбаатар Говьсүмбэрт аймгийн начин болоод дөрөв хоногийн дараа Орхоны наадамд түрүүлж арслан цолонд хүрсэн гэхээр тэр зун аргагүй л өнгөлөг барилдсан шүү дээ. Барилдааны эв таарна гэж бодсон уу, яагаад түүнийг амлав?
-Бид хоёрын барилдаан таарна. П.Хүрэлбаатартай хавар нь зааланд таарахдаа давчхаад байсан юм. Багш ч “Хүрэлээг амла” гэж зөвлөсөн. Ноднин Говьсүмбэрийн наадамд барилдсан 128 бөхөөс 11 нь тэр зунаа аймгийн арслан цолонд хүрсэн байна лээ. Тэгэхээр яах аргагүй том наадам болсон байгаа биз.
Өдгөө миний сайн барилдаж байгаа нь багшийн маань л сайных

-Танай сумаас өдгөө улсын харцага О.Мөнх-Эрдэнэ ид сайн барилдаж байна. Ер нь ч олон сайчууд төрсөн нутаг шүү дээ?
-Манай сумаас даян аварга Ц.Чимэд-Очир, улсын арслан Д.Лувсанжамц, Ц.Содов нарын зэрэг улсын цолтой 13 бөх төрсөн төдийгүй гурван хувилгаан, 21 гавжтай учир улсын хэмжээнд алдартнуудынхаа тоогоор эхний тавд жагсдаг.
-Бөхийн өлгий нутгаар овоглон барилдаж байгаа залуучуудыг алсдаа өндөр цолонд хүрэх нь гарцаагүй гэж монголчууд итгэл дүүрэн хардаг. Нутгийн уул ус буян заяаг тань түшдэг гэдэгт итгэдэг үү?
-Би нутгийнхаа уул ус, аав ээждээ л их залбирч барилддаг. Ингэж барилдах нь намайг шууд давуулахгүй ч гэсэн сэтгэл зүйд маань их дэмжлэг болдог.
Архангай аймгийн шүтээн уулсын нэг нь Хайрхан. Их сүрлэг, босоо эгц хадан цохионуудтай. Өвөр бэлд нь байх Дуут нуурын толион дээр Хайрхан уулын сүрлэг цохионууд толь мэт буудаг нь харахад хэчнээн сайхан гэж санана. Ер нь нутгийн маань уул ус намайг түшдэг л гэж сэтгэлдээ бодож өөрийгөө хурцалдаг. Намайг мэдээ орох үеэс л манайх Хайрхан уулын өвөр бэлээр, суварганых нь хажууханд нутаглаж байсан, одоо ч хэвээрээ.
-2015 оноос Даншиг наадмыг сэргээж, цол олгох болсноос хойш голцуу Архангайн бөхчүүд дийлж барилдаад байгаа. Улсын арслан Р.Пүрэвдагва эхний дөрвөн жилд дараалан түрүүлсэн бол улсын харцага Б.Зоригтбаатар, улсын заан С.Сүхбат нар сүүлийн хоёр Даншигт манлайлж барилдлаа. Та энэ наадмыг цаашид үнэ цэнээ хадгална гэдэгт итгэдэг үү?
-Би Даншиг наадамд анх удаагаа барилдаж, улсын заан С.Сүхбаттай түрүү булаалдсан. Өргөн дэлгэр, том наадам болдог юм билээ. Миний хувьд, буриад, өвөрмонгол, тува бөхчүүд ирж барилдаасай гэж боддог. Үндэсний бөхөөс илүүтэй өвөрмонгол, тува бөхийн барилдааныг гадаадын иргэд их сонирхож, шохоорхож үздэг юм билээ.
-Энэ намрын Даншиг наадмаар тавын даваа эхлэхийн өмнөхөн цол чимэг олгохгүй хэмээн зарлаж, бөхчүүд үүнийг эсэргүүцэн барилдахгүй гэж зогссоноор үзэгчид ч багагүй чилсэн болов уу. Наадам сунжирч, аргагүйн эрхэнд сүүлчийн удаа даншгийн цол олгох шийдвэрт хүрнэ лээ. Тавын давааны өмнө танд юу бодогдож байв?
-Тавын давааны өмнөхөн бөхчүүд “Цол өгөхгүй гэнэ. Тэгвэл ч гарахгүй ээ” л гэсэн. Би том цолтнуудаа л дагана шүү дээ. Бөх чинь эрэмбээрээ сайхан. Цол өгөөсэй л гэж бодсон. “Начин цолонд хүрчих юмсан” гээд сайхан юм бодоод байтал гэнэт “Өө, цол өгөхгүй ээ” гэхээр сэтгэлд эвгүй л байдаг юм байна лээ. Тав давчхаад “Даншгийн начин цолны болзол хангалаа” гээд дуудуулахад сайхан санагдана шүү дээ. “Хүй долоон худгийн дэнж сайхан ивээлээ. Ирэх жил Төв цэнгэлдэхэд ингээд гүйвэл бүүр сайхан даа” гэж эрхгүй боддог юм байна лээ.
-Үндэсний бөхөд бага цолтнуудыг гар амар давуулах нь нэлээд түгээмэл. Энэ цаашид байх ёстой жишиг үү?
-Байх ёстой гэж боддог. Хүлээлтэд хүрчихсэн бөх гэж байдаг. Цолондоо дүйх хэмжээний, энэ залуу сайн барилддаг гэж хүмүүст ам дүүрэн яригдах бөхчүүдэд нутгийн том цолтой ах нарын дэмжлэг чухал. Хэрвээ намайг ямарваа нэг аймгийн наадмаар дөрөв давчхаад байхад манай нутгийн юм уу, цаашдаа дээш зүтгэж барилдах сайн дүү начны даваанд тулчихсан байх юм бол би дэмжинэ л гэж боддог. Өөрөө аймгийн арслан цолыг авчихсан юм чинь “Ахын дүү, начин бол доо” гээд тахим буулгахад юу нь буруу байх вэ? Тийм ээ.
Нөгөөтээгүүр, энэ байдал бусад бөхчүүдэд хор хөнөөлтэй үзэгдэл болчхоод байна. Бөхчүүд чинь бусдынхаа хэм хэмжээг мэднэ шүү дээ. Цолонд хүрэх чансаагүй бөхчүүд дээшээ өгсөх тусам цол горилж байгаа бага цолтнуудад үнэхээр халгаатай. Сайн залуучууд хоорондоо таарч барилдаад нэг нь л цолонд хүрнэ гэхээр дэндүү хайран санагддаг.
-Ид сайн барилдаж байгаа бөхчүүдийг хооронд нь тунаадаг, эсвэл тэднийг амлаж бааварлачихаад, болоогүй хүүхдийг цолны даваа гэтлүүлдэг үзэгдэл үнэхээр л хаа сайгүй нийтлэг харагддаг?
-Улсын начин А.Алтанхуяг багш маань Үндэсний их баяр наадамд олон жил зодоглож, гурван удаа дөрөв даваад начны даваанд унаж байсан. Их хөдөлмөрч хүн. Саяхан л гэхэд мастеруудын ДАШТ-д оролцоод сонгомол болон чөлөөт бөхийн төрлөөр барилдаж, хоёуланд нь түрүүллээ.
А.Алтанхуяг багшийн маань шавь нар бүгд хэнээс ч гуйгаагүй, багшаараа хэнтэй ч яриулаагүй, өөрийнхөөрөө чадлаар цолонд хүрсэн гэдгийг би хаана ч нүүр бардам хэлнэ. Миний хувьд ч гэсэн бүх л цолоо тунаж барилдаад авсан.
Энэ жил Говьсүмбэр аймгийн наадамд тав давсан маань ч Улсын наадмын энтэй чансаа өндөр барилдааны амжилт юм шүү дээ. Дөрвийн даваанд улсын начин Э.Сумъяабаттай оноолтоор таараад, тавын даваанд Сүхбаатар аймгийн хурц арслан Н.Өсөхбаяртай, зургаагийн даваанд Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож ахтай тунаж барилдсан. Бүх цэргийн наадам ч гэсэн ямар чансаа өндөр барилдаан болдог билээ дээ. Аймгийн заан ч гэсэн миний хувьд чансаа өндөр 128 бөхийн барилдаанд үзүүрлэж авсан цол.

-Монгол хүн бүр л гэрт нь хүү төрвөл бөх болоорой гэж ерөөдөг. Аав, ээжийн тань тухайд бөх, морь хэр сонирхдог вэ?
-Бариа руу дөтөлж буй уралдааны морьдыг хараад, цувж өрөөд засуул руугаа шавж буй олон сайхан бөхчүүдийг хараад сэтгэл нь хөөрдөггүй монгол хүн байдаггүй байх, ер нь байх ч үгүй биз. Хэдий бөх, морь сонирхдоггүй ч гэлээ энэ бүхнийг харахад цаанаасаа л хамаг бие нь чангардаг тухай ч олонтоо сонсож байлаа.
Манай нутагт адуучин залуу ч аманд гараад тачигнатал барилдана шүү дээ. Энд тэндээс ногт ганзагалж ирсэн бөхчүүд хөдөөгийн адуучинд унах явдал цөөнгүй харагддаг юм. Тэгээд ч хөдөөгийн ах нар шөрмөстэй, гар хуруу нь жигтэйхэн чанга болохоор барилдахад эвгүй байдаг.
Сүхбаатарынхан эр унага гарвал хурдтай боллоо гэж бэлгэшээдэг шиг Архангай нутагт эрэгтэй хүүхэд болгон л барилдаж өсдөг. Аав маань 190 см орчим өндөр, 120-130 кг жинтэй том биерхүү ч барилдаж байгаагүй. Миний өвөө “Нотод хар” хочит Дончинбуугийн Галтай аймгийн заан цолтой.
Ээжийг Сүхбаатарын Лхагвасүрэн гэдэг. Ээжийн талд бөхийн удам байхгүй ч гарын ур дүй их сайтай, уран дархчуул олонтой. Аав, ээж маань хоёулаа Хайрхан сумын уугуул.
-Бөхөөр тууштай зүтгэхэд тань юу голлон нөлөөлж байв?
-Хөдөөгийн хүүхдүүдийн жишгээр үе тэнгийнхэнтэйгээ ноцолдож, ноололдоод л өссөн. Үеэлүүд маань болох Амгаланбаатарын Буянбаатар, Буяннэмэх, Буянбадрах гээд ах дүү гурвуул сумын заан цолтой. А.Буянбаатар ахыг “Аварга” дээд сургуульд оюутан болж хот ороод амралтаараа ирэхэд нь хэрхэн өөрчлөгдсөнийг харчхаад “Ер нь бөх л болъё” гэж бодсон. “Энэ Буянбаатар их сайхан залуу болжээ” гэж нутгийн хүмүүс ч шуугиад л. Миний хувьд “Бөх болбол өв тэгш хүн болох нь ээ” гэж санаад ахыгаа дагаж явсаар бөхөд их дуртай болсон.
Би чинь багадаа жижигхэн, туранхай хүүхэд байлаа. Арваннэгдүгээр ангидаа А.Буянбаатар ахыг дагаж нэлээн бэлтгэл хийсэн юм. Тэр жилийнхээ Хүүхдийн баярын өдөрт зориулсан барилдаанаас есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нутгийнхаа овоо тахилгын наадам, ургийн баяр, сумдын наадам тойрч хүүхдийн барилдаанд 13 удаа зодоглосноос 11 түрүүлж, хоёрт нь үзүүрлэсэн байдаг. Тэгээд л надад сайн бөх болчих боломж байгаа юм байна гэж шийдээд намар нь хотод ирсэн.
-Та арван жилээ төгссөн зунаа шууд сумын заан цолонд хүрсэн байх аа?
-Арваннэгдүгээр ангиа төгсөөд ахынхаа зөвлөснөөр “Аварга” лицей сургууль руу шилжсэн юм. Тэнд бүтэн жил бэлтгэл сургуулилалт хийхэд барилдаан маань ч сайжирсан. Арванхоёрдугаар анги төгссөн зунаа Дундговь аймгийн Дэрэн сумын наадамд очиж барилдаад сумын заан болж байлаа шүү дээ. Өмнөхөн нь сумандаа барилдаад дөрвийн даваанд аймгийн арслан О.Баярбаасан, аймгийн заан О.Баяржаргал нарын аав аймгийн начин Отгонбат ахад унасан юм. Тэгэхэд би 17 настай байсан.
Зайрмаг, кола барьчихсан бөх харагдахаар соньхон санагдсан болов уу, зарим нь өхөөрдсөн ч байх

-Зарим аймаг, сумдын наадамд өөр нутгийн бөх зодоглох гэхээр гадуурхах хандлага ажиглагддаг талаар дээр ярьсан. Дэрэнгийнхэн таныг хэрхэн хүлээж авсан бэ?
-Өө, намайг чинь дуртай нь аргагүй бүртгэж байгаа юм. Яагаад гэхээр, 17-хон настай хүүхэд болохоор түрүүлчихнэ гэж тооцоолоогүй. Үзүүр, түрүүнд үлдэхэд Дэрэн сумын харьяат аймгийн начин Дондов ах “Дүү, энэ наадамд үнэхээр сайхан барилдлаа. Сайн бөх болоорой” гээд тахим өгч байлаа. Тэгэхэд надад их гоё санагдсан.
-Ер нь л бөхчүүд сумынхаа наадмын түрүүг алдахгүй л гэж боддог. Хор нь гарчихсан, сайхан сэтгэлтэй ах таарч л дээ. Тэрнээс хойш Дэрэнгийн наадамд ахиж зодоглосон уу?
-Очоогүй. Ер нь нэг очиж барилдах бодол бий. Энэ зун 100 жилийнх нь ойн наадам болсон юм билээ. Манай сумын барилдаантай давхцаад очиж чадаагүй. Ер нь их өгөөжтэй нутаг.
-Арваннэгдүгээр сард Бөхийн өргөөнд явагдсан дөрвөн барилдаанд хэнд ч амлуулалгүй туналаа. Улс, аймгийн цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаанд тунаж барилдах хэр сайхан мэдрэмж байдаг вэ?
-Их гоё санагддаг юм билээ. Бас хичээх хэрэгтэй гэдгийг сайн ойлгосон. Хэрвээ сайн барилдаад байвал би ахиад л тунана, тунасан барилдаандаа давж улсын цолонд хүрнэ. Харин муу барилдах юм бол намайг гурван хүнээс, дараагийн удаад таван хүнээс, тэгээд долоон хүнээс амлана гээд хэдийчинээ муу барилдана төдий хэрээрээ олон хүн амлана.
-Улсын арслан М.Мөнгөний нэрэмжит барилдаанд улсын харцага Л.Лха-Очир, аймгийн арслан Б.Ганбаяр, Я.Бумбаяр, Д.Дэмиддорж, аймгийн начин Б.Батзориг нарыг давж анх удаагаа заалны барилдааны Их шөвөгт шалгарсан. Улс, аймгийн цолтнуудын барилдаанд шөвгөрөхөд хэр урамтай санагдаж байв?
-Гоё юм билээ. Би өмнө нь нэлээд хэдэн удаа шөвгийн наймд шалгараад байсан. Их шөвөгт анх удаагаа үлдсэн маань энэ.
-Энэ наадмын гурав, тав, зургаагийн даваанд бас л хэнд ч амлуулалгүй тунасан. Улмаар Их шөвөгт улсын уран барилдаант начин Д.Амарсайханд тахим буулгасан. Түүнтэй барилдахад хэр санагдав, хөндлөнгөөс харахад барьцгүй бөх мэт харагддаг?
-Д.Амарсайхан начинтай барилдаж үзэхсэн гэж их хүлээсэн. Барилдахад үнэхээр л эвгүй начин байна лээ /инээв/. Би ухарч гишгээгүй, дандаа л ажиллаж барилдсан. Мэдрэмжтэй, нарийн булчин сайтай шиг санагдсан.
-Бөхчүүд хурдтай, салхилж барилдаад байгаа хүнийг тэр өдөр одтой байна гэж тооцоолоод аль болох таарахгүйг л хичээдэг. Таны тунаж барилддаг нь уран, хурц мэхийг уралдуулдагтай холбоотой юм болов уу?
-Магадгүй л юм. Би хөлөөрөө ч, гараараа ч мэх хийнэ. Энэ миний том давуу тал гэж боддог. Одтой гэхээс илүү надад нерв, биеэ барих, сандрах зүйл байдаггүй. Заавал эцсийг нь үзэж салах битүү шартай, гэхдээ дотроо л доо.
-Цаг үргэлж л санасан мэхээ хийхийн төлөө давшиж барилдаж байгаа харагддаг. Энэ зан чанар тань юунаас үүдэлтэй вэ?
-Би бөхөд тууштай зүтгэе гэж шийдээд 2016 онд хот руу ирсэн. Тэр хавар аав, үеэл ах Мөнхтогтох хоёр хойноос маань ирээд Дундговь аймгийн харьяат улсын начин А.Алтанхуяг багшид намайг шавь оруулж өгсөн юм.
Би чинь анх хотод ирэхдээ нэг бол өөрөө гэмтчих гээд, нөгөө бол өрсөлдөгч бөхөө гэмтээчих гээд орооцолдож барилддаг тийм муухай хатуу, тачигнасан хүүхэд байсан юм. Багш маань шавийн барилдлагатай болсны дараах хоёр жилд намайг ер барилдуулаагүй, би тэр хугацааг мэх давтаж л өнгөрүүлсэн. Өдгөө миний сайн барилдаж байгаа нь багшийн маань л сайных.

-Нэг үйлдлийг олон хийлгэхээр ямар ч залуу хүүхэд залхах биз ээ. Тэр үед барилдах юмсан гэж хэр их боддог, тэмүүлдэг байв?
-Хоёр талдаа тоотой мэх давтаад л заалны буланд өнжинө. Маргааш нь бэлтгэлдээ ирэхэд “Ахиад мэхээ давт” л гэнэ. Тэгэнгүүт хүн үнэхээр их залхаж, уйдна. Багшийнхаа нүдийг хариулж байгаад хажуугийн хүүхдэдээ гялс нэг барилдчихъя гээд нэг хоёр ноцолдчихно оо. Сумын заануудын, эсвэл хүүхдийн барилдаанд оролцуулах ч нэг, хоёрын даваанаас хэтрэхгүй. Маргааш нь бэлтгэлдээ ирэхэд “Ахиад мэхээ давт” л гэж хэлдэг. Залхах ч, тэгсхийгээд дасчихдаг юм /инээв/.
-Та бөхийн хэчнээн төрлөөр барилдаж байсан бэ?
-Би чөлөөт, самбо, жүдо, сүмо бөхөөр барилдсан. Чөлөөт бөхийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн. Самбо бөхийн Улсын АШТ-ээс иж медальтай. Сүмо бөхийн насанд хүрэгчдийн Улсын АШТ-д нэг түрүүлээд, сонирхогчдын Ази тивийн аваргад мөн нэг түрүүлсэн. Эдгээрээс гадна жюү жицү, кураш гээд ер нь бөхийн бүхий л төрлөөр барилдсан даа.
-Үндэсний бөхөөр дагнаж барилдъя гэж хэдий үеэс шийдэв?
-Чөлөөт бөхийн залуучуудын Улсын АШТ-ээс 2018 онд мөнгөн медаль хүртэж, дараа жил нь 79 кг-ын жинд түрүүлснээр намар нь болох залуучуудын ДАШТ-д оролцох эрхтэй болсон. Уг нь чөлөөт бөхөөр тууштай барилдъя гэж төлөвлөөд байсан ч, тахлаас болж тэмцээн ч завсардаад, зундаа үндэсний бөхийн бэлтгэл хийх болсноор жин ч нэмэгдсэн.
Би 2019 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын наадамд очиж барилдаад сумын заан цолоо баталсан. Тэгэхэд 128 бөх зодоглосон юм.
Түүнээс хоёр хоногийн дараа Дундговь аймгийн наадамд барилдаад гурвын даваанаа Өмнөговийн арслан Т.Төгсдөлгөөн ахад унасан. Тэр даруйдаа Архангайн наадам руу явах гэтэл унаа олдоогүй. Бөхийн тайлбарлагч С.Гантөр ах “Багануур дүүргийн наадам болох гэж байна. Тэнд очиж барилд” гээд өөрийн төрсөн дүү, аймгийн начин С.Дашдондов ахтай хамт явуулсан.
Багануур дүүргийн наадмаар гурав, тав, зургаа, долоогийн даваанд тунаж барилдаад аймгийн харцага болж байлаа.

-Ямар бөхчүүдтэй тунаж барилдсан бэ?
-Гурвын даваанд Дорноговийн арслан Б.Бадралтай, тавын даваанд Говь-Алтайн начин М.Балжиннямтай, зургаагийн даваанд Сэлэнгийн начин Г.Мөнхсайхантай тунаж барилдаад давсан. Долоогийн даваанд Архангайн арслан Б.Чинбат ахтай тунаж барилдаад унасан.
-Та гэр бүлийн хүнээ танилцуулаач?
-Эхнэрийг маань Ш.Мөнх-Ундраа гэдэг. Бид одоохондоо хурим, найраа хийж амжаагүй байгаа. Манай эхнэр МУИС-ийг санхүүч, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Танилцаад дөрвөн жил болж байна.
-Архангайнх уу?
-Бусад хүмүүс ч гэсэн ингэж асуудаг юм /инээв/. Хадам аав маань Сүхбаатар аймгийн Халзан сумынх, хадам ээж болохоор Дорноговь аймгийн харьяатай. Эхнэр маань анх танилцахад бөхийн талаар төдийлэн сонирхдоггүй байсан. Ноднингоос л зовлон, жаргалыг маань ойлгож мэдчихээд бөх үзэх их дуртай болоод байгаа.
-Наадмаар барилдахад тань хэр их сандардаг бол?
-Сандардаг гэсээн. Зүрх нь өвдөж, салгалдаг гэнэ лээ /инээв/. Тиймээс цол горилж буй хариуцлагатай наадмуудад дагуулж явдаггүй юм. Цолны төлөө барилдахааргүй наадамд л цугтаа явдаг. Энэ зун Н.Жанцандамба гэдэг найзтайгаа хамт наадамд явсан юм. Тэр найзын маань зүрх нь бас их өвддөг гэсэн. Би найзаараа тоглоод “Чи надтай цуг наадамд явбал зүрхний эм, долоогоны ханд авахаа мартав аа. Зүрх чинь өвдөөд сандаргавал долоогоны хандаар аргалахгүй юу” гэдэг юм /инээв/. Намайг сэтгэлээсээ дэмжиж байгаа нь мэдрэгддэг хүмүүс олон бий.
-Бөхчүүд цолны төлөөх хариуцлагатай даваанд барилдахынхаа өмнө аль болох чимээгүй байж, төвлөрөхийг хичээх нь нийтлэг. Үүнийг ойлгохгүй хөндлөнгийн хүн харвал гайхах биз?
-Тийм ээ. Зарим хүн яагаад юм ярихгүй болчхов оо, уурлачихсан юм уу гэдэг /инээв/. Тэр чинь оноолтоо харчхаад өрсөлдөгчийнхөө тухай, хэрхэн барилдахаа бодож, төлөвлөж байгаа үе.
-Та Үндэсний их баяр наадамд хэдийнээс зодоглох вэ?
-Ирэх жилээс л Төв цэнгэлдэхэд барилдана даа. Одоо ерөөсөө л ганцхан том зорилго маань тэр том цэнгэлдэх рүү орж, Үндэсний их баяр наадамд барилдана гэж бодохоор сэтгэлд сайхан байна. Бөх гэдэг нэг ёсондоо миний ажил юм. Нэгэнтээ бөхөд сэтгэлээ зориулж байгаа юм хойно, ямар хэм хэмжээнд барилдах нь уу, ямар цолтой дуусах нь уу тултал нь зүтгээд үзье л бодож байгаа.
-Дэмжлэггүй бол тууштай барилдахад бэрх биз дээ?
-Ер нь бүх л салбарт тухайн хүн эхлээд өөрөө дээшилж, дэвшиж байж л бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөнө, тэгснээрээ дэмнүүлж, туслуулах боломж нээгддэг. Өдгөө би Зэвсэгт хүчний 189 дугаар ангид харьяалагдаж байна. Мөн “Нэгдэл” клубийн захирал Зоригтбаатар, “Арвин үр үндэс” компанийн захирал С.Алтаншагай ах нар маань надад тусалж, дэмждэг. Би эдгээр компаниудад ноднингоос л орсон. Түүнээс өмнө бол мөнчгөрөөрөө л зүтгэдэг байлаа.
Багш маань “Бөхийн цагаан буян арвин. Тийм болохоор өөрөө зөв, олны дунд нэр хүнд сайтай яв. Сайхан, муухайг ялгаж, салгаж сур” гэж хэлдэг. Би эрэгтэй хүүхдүүдийг заавал бөх гэлтгүй ер нь спортоор хичээллээсэй гэж боддог юм. Спорт хүнийг бие бялдраа өв тэгш хөгжүүлэхэд нь тусалж, цаг баримтлахад, бие даах чадварт, дуртай зүйлийнхээ төлөө тууштайгаар биеэ дайчлахад сургадаг. Харин бие бялдрын өв тэгш хөгжил эр хүнийг сайхан харагдуулдаг. Зарим бөхчүүдийн буруу үйлдэл, алдаанаас үүдээд Үндэсний бөхийн нэр төр унаж байна. Нэг хүний буруу үйлдлийг бүх бөхчүүдэд нялзаадаг сөрөг бодолтой хүн олон дотор байгаа л биз ээ. Энэ ярилцлагыг уншиж буй хүмүүст хандаж хэлэхэд, бөхчүүдийг гаднаас нь битгий өнгөцхөн дүгнээрэй. Зөвхөн тамирчин, бөх гэдэг талаас нь харах биш, хувь хүнийх нь дотоод руу өнгийвөл сайхан хүмүүс ч олон байдаг юм шүү. Та бүхнээс нэг удаа ч гэсэн Үндэсний бөхөө сонирхоод үзээрэй гэж хүсье. Бөхийг ойлгодог болчихвол наадмын тэр сайхан мэдрэмжийг бусад хүнээс дутуугүй авна шүү дээ.
Наадмын шимтэй барилдаан нь тунааных байдаг

-Хээр хөдөө тааралдахад бөхчүүд их гүндүүгүй. Баргийн юмыг тоохооргүй уужуу тайван хүмүүс дийлэнх байдаг?
-Энэ үнэн. Манай бөхчүүд чинь хээгүй, хэнэггүй зантай. Хэнтэй ч яриа нийлчихдэг. Хошин мэдрэмжтэй, нэгнийгээ цагаахнаар наргианд хавчуулчихна. Бөхчүүд бүдүүн баараг л гэдэг. Хээгүй, хэнэггүй л болохоос бүдүүлэг, боловсролгүй, соёлгүй хүмүүс биш шүү дээ. Ялангуяа залуучууд бол зэгсэн сайн соёл, боловсролтой.
-Дүүтэйгээ ноцолдож байгаа бичлэгийг тань цахим сүлжээнээс харсан. Г.Очирбатын тухайд хэр сайн барилдах шинжтэй байна?
-Г.Очирбат надаас гурван насаар дүү юм. Бид эхээс хоёулхнаа. Дүү маань бөхөд үнэхээр их дуртай. Ноднин Хөдөө аж ахуйн Их сургуулийг агрономич мэргэжлээр төгссөн. Аав, ээж маань дүүг төдийлэн барилдуулах гэж дэмжээгүй. Одоо бэлтгэл хийхээ больсон.
-Бага байхад том цолтны аманд гарах үе бишгүй л олон. Өрсөлдөгч бөхөө жаахан удаан торгоочихвол “Өө, чи давах тун ч дөхлөө шүү” гээд л урмын үг сонсох нь хэчнээн сайхан байдаг билээ дээ. Тийм бага залуу насанд тань ямар бөхчүүд биширмээр том санагддаг байв?
-Ээ дээ, энгэр нь бага зэргийн задгайдуухан, дээл малгайгаа хэнэггүйхэн өмсчихсөн, наадмаар хуушуур үмхлээд л явж байдаг хөдөөгийн сумын заан ах нарыг харахаар хэчнээн гоё санагддаг гээч. Өдгөө ч гэсэн сумын наадамд очоод ийм ах нарыг харах биширмээр сайхан санагддаг. Нас ахиад төдийлэн олон барилдахаа больчихсон тийм заанууд жаахан улаа бутарсан үедээ тааралдаад “Дүү, сайхан барилдаж байна шүү” гээд л шилэн хүзүүнээс атгана шүү дээ. Овоо тахилгын наадам байна уу, ураг садны баяр байна уу хамаагүй, сумынхантайгаа наадах л хамгийн сайхан байдаг. Ахимаг заануудын дэвж шавах нь хүртэл цаана аа л нэг гоё санагддаг аа, надад.
-Залуу байхад овоо зэгсэн сайн барилддаг болчихлоо гэж санахдаа бушуухан л нутагтаа очиж гайхуулахсан гэж яарах нь бий. Танд тийм хөөрүү явсан үе бий юү?
-Байлгүй яах вэ. Хот руу орж бэлтгэл сургуулилалт хийгээд үеийнхээ ганц, хоёр хүүхдийг даваад эхлэхээр “Нутагтаа очиж, сумынхаа ах нартай барилдахсан” гэж эрхгүй бодогддог. Сумынхан бие биеэ таньдаг учраас тэдний хүүхэд сайхан барилдаж байна, тэр заантай их удаан, сайн барилдлаа гээд л яриа салхилахаар чинь хүн үнэхээр их урамшдаг. Ганц, хоёр сумын заан хаячихвал бүүр ч их урамшина аа. Хааяа хөдөө гэр рүүгээ очно, тэгэхэд сумын заан ах нар мотоцикль, морь уначихсан түнтийсэн улаан хүмүүс давхилдаж байдаг юм. Наадмаар дэвээд гарахад нь тэднийгээ хөдөөгийхөн маань их хайрлаж, хүндэлдэг. “Өө, манай энэ заан сайхан даа. Хөдөөдөө байж л байдаг” гээд л Давахад нь “Харих болоогүй байна шүү, чи” гэж бие биеэ хөөргөөд л хөдөөгийнхөн чинь хөгжилтэй хүмүүс шүү дээ /инээв/.
-Өнгөрсөн жил Төв аймгийн 100 жилд зориулсан барилдаанд зодоглоод тав давж шөвгөрсөн тань санаанд тодхон байна. Зургаагийн даваанд улсын арслан Э.Оюунболдод унасан байх аа?
-Улс, аймгийн цолтнуудын барилдаанд анх удаагаа шөвгөрсөн маань энэ. Гурвын даваанд улсын начин Б.Батжаргалыг, дөрвийн даваанд улсын заан Б.Батмөнхийг, тавын даваанд улсын гарди Ө.Бат-Оршихыг даваад, зургаагийн даваанд улсын арслан Э.Оюунболдод унасан. Ө.Бат-Орших, Б.Батмөнх гээд жинхэнэ хүндэлж биширдэг бөхчүүдээ давчихаар чинь сайхан юм байна лээ. Намайг анх бөх болохоор шийдээд хотод ирж бэлтгэл сургуулилалтаа эхлүүлэх үед эдгээр бөхчүүд ид сайн барилддаг байсан.
Бэлтгэл дээр барилдах, жинхэнэ барилдаанд зодоглох хоёр их ондоо. Жишээлэхэд, бүтэн жил бэлтгэлээ базаасан ч гэлээ наадмаар барилдахад бие булраад, хөндүүр болчихсон байдаг юм. Тиймээс би заалны барилдаанд аль болох зодоглохыг боддог. Тэгээд ч цолондоо дүүртэл, ханатал сайхан барилдаж байж л улсын цол ирнэ шүү дээ.
-Гадуур явахад тань таних, халуун дотно үг хэлэх хүн олон тааралдаж байна уу?
-Энэ зун хүмүүс их таниад байна лээ. Шалтгаан нь сайн барилдсанд маань ч биш. Зайрмаг идэж, кола ууж байгаа бичлэг маань цахим сүлжээнд тарчихсанаас болсон хэрэг /инээв/. Говьсүмбэр аймгийн наадамд барилдахад жигтэйхэн халуун өдөр байж таарсан юм. Давчхаад сайхан хүйтэн кола уумаар, зайрмаг ч идмээр санагдаад л худалдаж авсан. Зайрмагаа долоогоод, колагаа уугаад явж байхад маань хөндлөнгөөс бичлэг хийгээд цахим сүлжээнд нийтэлчихсэн байна лээ.
Дэлгүүр орохоор л “Өө, өнөөх зайрмаг, колатай иддэг бөх байна” гээд хүмүүс үнэгүй кола, зайрмагаар баахан дайлсан. Монголчууд маань сэтгэлээрээ сайхан хүмүүс шүү дээ. “Кола уучих, зайрмаг идчих” гээд л. Бөх сонирхдоггүй хүмүүс хүртэл намайг таниад байна лээ. Бөх гэхээр л том бие хаатай, намбалаг хүн байдаг гэж хүмүүс боддог. Харин зайрмаг, кола барьчихсан бөх харагдахаар соньхон санагдсан болов уу, зарим нь өхөөрдсөн ч байх.
-Монголчууд тунаж барилддаг бөхийг наадмын чимэг хэмээн ихэд хүндэлдэг. Үнэхээр ч наадмын охь шим нь тунааны барилдаанд төвлөрдөг болов уу?
-Ер нь наадмын шимтэй барилдаан нь тунааных байдаг. Би том зорилгын төлөө бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Тиймээс сайн барилдана гэсэн бүрэн дүүрэн итгэлтэй байна. Сэтгэл санаа тавгүйрхэх ч юм уу, ер нь зав л олдвол нутаг руугаа явмаар санагддаг. Нутагтаа, гэртээ очоод мал, ахуйтайгаа ойрхон байхаар тайвшраад сайхан болоод ирдэг.
Хөдөө очоод гэрийнхэндээ “Өө, ингэж сайн барилдаад тэр хүн намайг уриад, ийм хүнтэй уулзаад” гээд ярихаар ээж “Хөөх, яасан сайхан юм. Зөв л байгаарай даа. Хүний нүдэнд төлөв даруу харагдаж яваарай. Хүнтэй муухай харилцаж болохгүй шүү, хүнтэй ам мурийв аа!” гэж байнгын л захидаг. Би хүний өмнөөс үг сөрөөд байдаггүй. Нийтэч зантай. Барилдааны талбарт барьцны үл ялиг маргаан өрнөх нь бий. Харин энгийн үед хүнтэй ам мурийсан явдлаа санахгүй байна.
Ээж маань миний барилдахыг ер үзэж байгаагүй. Энэ жил сумынхаа ойд зодоглоход маань ганцхан удаа л харсан болов уу. Би улсын харцага О.Мөнх-Эрдэнэ ахтай үзүүр, түрүүнд үлдсэн. Наадам шувтрах дөхөхөөр хүмүүс урагш шахаад суучихдаг. Ээж харин барилдааныг маань харж чадахгүй бүүр хойшлоод асрын ард гараад зогсож байсан гэнэ лээ.
Сумынхаа 90 жилийн ойгоор хүүхдийн барилдаанд нь түрүүлсэн бол энэ жил 100 жилийнх нь ойд аймгийн арслан цолтой зодоглоод түрүүллээ. Хүн болгон л баярлаж, хамгийн сайхнаараа л ерөөж байсан. “Улсын цол аваарай. Чамайг ийм олон хүн дэмжиж хардаг шүү” гэсэн үгийг сонсоход хэчнээн гоё санагдсан гээч. Ер нь бөх байхын хамгийн гоё чанар нь барилдаад давахад хамгийн түрүүнд тэр бөхийн төрсөн нутаг усыг, аавынх нь нэртэй зарладаг. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Галбадрахын Мөнхбаяр... гэж.

*Энэхүү нийтлэл нь The New York Times болон “Гэрэг” сэтгүүлээс хамтран бэлтгэсэн “Turning Points 2025” дугаарт хэвлэгдсэн.