UBLife Logo
Спорт

Ард түмний “MVP” О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой ДОЛООН баримт

Ард түмний “MVP” О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой ДОЛООН баримт

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 2024-25 оны улирлын шилдэг тоглогчдыг 3-р сарын 14-ны өдөр шалгарууллаа. Сонирхолтой нь олны анхаарлын төвд байсан улирлын Үнэ цэнтэй тоглогчийн өрсөлдөөнд “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч А.Азбаяр тэргүүлэв.

Эл шагналыг “BCH Knights” багийн тоглогч О.Эрдэнэцогт гардах болов уу гэсэн хүлээлт сагсан бөмбөг сонирхогчдын дунд байсан ч, харин таамаг эвдэгдсэн нь энэ. Бид та бүхэнд О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой баримтуудыг хуваалцаж байна.


#1. Ард түмний Үнэ цэнтэй тоглогч

О.Эрдэнэцогт ганцхан энэ улиралд ч биш, ер нь гурав дахь удаагаа Үнэ цэнтэй тоглогчийн өрсөлдөөнийг статистик үзүүлэлтээр тэргүүлээд мултарлаа. Тэрбээр талбай дээрх нөлөөллөө тунхаглаж, сагсан бөмбөгийн гялалзсан авьяас чадвараа илтэд нээн харуулсан ээлжит тохиолдол нь энэ улирлынх байсан.


#2. Аваргуудын дараалсан хожлын цувралыг зогсоов

Өнгөрсөн улирлын Үндэсний Дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” баг энэ улиралд хүчирхэг байр сууриа хадгалж, өнгөлөг тоглосон. Харин улирлын эхэнд 12 дараалан хожсон тэдний ялагдашгүй цувралыг “BCH Knights” баг зогсоосон билээ. Тэрхүү тоглолтыг О.Эрдэнэцогтын шидэлт нэмэлт цаг руу хөтөлсөн төдийгүй ялагчийн хувь заяаг шийдэхэд ч нөлөөлсөн юм.

#3. Хамгийн хүндлэлт тоглогч

Сагсан бөмбөг сонирхогчдын дунд биеэ авч яваа байдал, сэтгэл хөдлөлөө хянах чадвар, талбай дээрх үйлдлүүдээрээ дулаахан сэтгэгдэл төрүүлж байгаа зэргээс хамаараад эерэг үнэлгээтэй тоглогчид цөөнгүй байдаг. Тэдний нэг нь О.Эрдэнэцогт юм. Түүнийг Үндэсний Дээд лигийн бүх л багийн дэмжигчид хайрладаг гэхэд хилсдэхгүй билээ.

#4. Монгол легионер

Үндэсний Дээд лигийн багуудын амжилтад легионер тоглогчдын сонголт шууд байдлаар нөлөөлдөг. Гэхдээ монгол тоглогчдоос легионеруудын хэмжээний статистиктай тоглогчийг нэрлэ гэвэл О.Эрдэнэцогт гэж хүн болгон л хэлнэ. Зарим хүн түүнийг дотоодын тамирчдаас хамгийн дутуу үнэлэгдсэн шижир авьяастан гэж уулга алддаг.

#5. Үндэсний шигшээ багийн тэргүүн сонголт

Өдгөө 30 настай О.Эрдэнэцогт Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд эргэлзээгүй сонгогддог. Түүний ур чадвар, хандлага, нөлөөлөл ийм гайхалтай.

Саяхан л гэхэд Үндэсний шигшээ баг Азийн цомын тэмцээнд амжилттай тоглоход О.Эрдэнэцогтын нөлөө элбэг байсан. Шуудхан хэлэхэд, бүх л тоглолтодоо статистик үзүүлэлтээр эхний гуравт жагсдаг билээ, тэр.

#6. Мэргэжлийн түвшинд найм дахь жилээ тоглож байна

Тэрбээр 2014 онд Хөгжлийн лигийн Үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байв. Тэр цагаас сагсан бөмбөг сонирхогчдын харааг булаасан О.Эрдэнэцогт бэртэл гэмтэлд өртсөнөөс бусад үед анхаарлын төвөөс өчүүхэн ч холдоогүй билээ.

Харин түүний Дээд лиг дэх мэргэжлийн замнал 2017 онд “Харцага” багаас эхэлсэн юм. Дээд лигийн аварга болж, Бүх оддын багт сонгогдон, гурван онооны шидэлтэд шилдгээр шалгарч, Үндэсний шигшээ багт ч дуудагдан тоглосон эрин үеийнхээ тод тамирчин билээ, тэр.


#7. Хаанаас эхэлсэн бэ?

О.Эрдэнэцогт сагсан бөмбөгөөр анх сонирхож, хичээллэсэн нь зургаадугаар ангид байхаас нь эхлэлтэй.

Гэхдээ дараа жилээс нь волейбол тоглох болж, 2-р курсийн оюутан болтлоо волейболоор өөрийгөө сориод амжжээ.

Улмаар 2-р курст байхдаа сагсан бөмбөгийн Хэнтий лигийн тэмцээнд оролцож, 2014 оноос сагсан бөмбөгөөр тууштай хичээллэх шийдвэрт хүрсэн байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.