UBLife Logo
Спорт

Шинэ ёкозүна Хоошёорюү тэмцээнээс гарлаа

Шинэ ёкозүна Хоошёорюү тэмцээнээс гарлаа

Шинэ ёкозүна Хоошёорюү Японы Осака хотноо болж байгаа мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээнийг орхин одлоо. Албан ёсны шалтгаан нь “Баруун тохойны гэмтлийн улмаас 14 хоног эмчлүүлэх шаардлагатай” гэжээ. Өчигдөр Ичиямамотод ялагдсаныхаа дараа “Тачиай дээр алдчихлаа. Том сургамж” гэж хэлж байсан юм.

Хоошёорюү шинэ банцүкэ гарсан өдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ “Юу ч тохиолдсон тэмцээний голоос гарахгүй. Барилдах нь ёкозүна хүний ажил. Эцсээ хүртэл барилдана” гэж мэдэгдэж байсан билээ. Гэвч энэ тэмцээнд эхний 9 өдрийн байдлаар 5 давж, 4 унахдаа 3 кинбоши алдсан. Шинэ ёкозүна анхны башёдоо 3 кинбоши алдсан нь 1964 оны Хаврын тэмцээний Точиноүмигээс хойш тохиолдсон сөрөг рекорд болоод байлаа. Хэрэв өнөөдөр Үрад унасан бол “шинэ сөрөг” түүхэн рекорд тогтоох болоод байсан юм. Шинэ аварга эхний башёгоо орхиж байгаа нь 1986 оны Намрын тэмцээний ёкозүна Фүтахагүрогоос хойш тохиож байгаа явдал юм.  

Тацүнами ояката өнөөдөр өглөө сэтгүүлчдэд “Би түүнээс өнжих үү гэж асуусан. Энэнээс илүү ялагдаж болохгүй. Тохой нь бүрэн тэнийхгүй байдалд орчихоод байгаа. Сүмо холбоо, бөх сонирхогчдоос хүлцэл өчиж байна. Тэмцээний өмнө “Яасан ч тэмцээний голоос гарахгүй” гэж хэлж байсан нь өөрийнх нь бодлоор ёкозүна хүн тийм байх ёстой гэж бодсоных байх. Одоо өөрөө харамсаж байгаа байлгүй. Мөрөөдөл, бодит байдал хоёрын зөрүүг яс махандаа тултал мэдэрсэн биз. Маш их дарамттай байсан нь мэдээж. Залуу хүн болохоор та бүхэн уужим хандаарай. Цаашдаа илүү хүчтэй болоод эргэж ирнэ” гэж мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
3
0
4
0
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.215.157.113