Гал зогсоох хэлэлцээр хэрэв амжилттай болбол дараа нь Украинд цэргээ илгээж, тусламж үзүүлэхэд бэлэн улс орнууд Их Британид хуралдаж эхэллээ. АНУ-ын энэ дайнд баримталж байгаа байр суурь эргэлзээтэй болсноор Европын орнууд бие даан асуудлыг шийдэх гэж оролдож байна. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерийн оролцож байгаа тус хуралдаанаар энхийг сахиулагч хүчин Украинд яг юу хийх, ямар статустай байхыг хэлэлцэж байгаа юм.
Нортвуд дахь штабт Австрали, Албани, Бельги, Болгар, Герман, Дани, Испани, Итали, Канад, Кипр, Латви, Литва, Люксембург, Нидерланд, Шинэ Зеланд, Норвег, Польш, Португал, Румын, Турк, Украин, Финланд, Франц, Чех, Швед, Эстони., Их Британи гэсэн 26 орны төлөөлөгч хүрэлцэн ирээд байна. Гэхдээ энэ бүх орон Украинд цэргээ илгээнэ гэсэн үг биш. Зарим нь цэрэг илгээхгүй ч зэр зэвсгийн тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байгаа.
Дээрх эвсэлд оролцогчид юуны өмнө Украинд илгээх цэргээ Энхийг сахиулагч хүчин биш Баталгаа олгох хүчин гэж нэрлэхийг илүүд үзэж байна. Учир нь тэд дайны ажиллагаа дахин эхлэхгүй гэдгийн баталгаа болох ажээ. Албан ёсны нэр нь Украин дахь Олон үндэсний хүчин (Multinational Force Ukraine – MFU). MFU-гийн гол үүрэг бол Украины тэнгис, агаарын хилийн аюулгүй байдлыг хангах явдал. Төлөвлөгөө ёсоор бол нийт 20 мянган гадаадын цэрэг Украины том хот, боомт, эрчим хүчний дэд бүтцүүдийг хамгаалах юм.
Хуралдаанд оролцогчид Украины армид ямар сул тал байгаа болон юу дутагдалтай байгааг ярилцаж, улсууд хамрах салбараа хувааж авах гэнэ. Юуны өмнө гал зогссоны дараа нисэх хүчинд чухал шаардлагатай онгоц, нисдэг тэрэг нийлүүлэх. Хар далайд тэнгисийн цэргийн шуурхай хэсэг байгуулахаар болжээ.