АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр ойрын хугацаанд Унгарын нийслэл Будапешт хотод уулзахаар тохиролцсон нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Украины дайныг зогсоох, орчин үеийн нөхцөл байдлыг өөрчлөх маш том уулзалт тул аргагүй. Харин ОХУ нь Унгартай шууд хил залгадаггүй тул Будапештэд Оросын Ерөнхийлөгч хэрхэн очих нь тодорхойгүй байсан. Европын холбооноос ОХУ-ын дээд албан тушаалтнуудад хориг тавьсан, Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тогтоол гаргасан гээд Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад айлчлахад ихээхэн хүндрэлтэй болсон.
Тэрээр Румын, Болгар, Грек, Албани, Черногор эсвэл Хойд Македоноор дамжин, Унгарт очиж болно. Хамгийн ойр зам нь Хар далайн зүүн эргээр буюу Турк, Болгараар дайрах зам байгаа. Энэ улсуудаас Болгар улс хамгийн түрүүнд ОХУ-ын Ерөнхийлөгчид агаарын замаа нээхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Тус улсын ГХЯ-ны сайд Георг Георгиев хэрэв ОХУ-аас хүсэлт ирвэл хүлээн авахад бэлэн гэдгээ зарлав.
Георг Георгиев “Дайн дажин зогсож, энх тайван тогтоох итгэл төрүүлсэн уулзалтыг ямар ч аргаар хамаагүй зохион байгуулах ёстой. Хэн нэг нь очиж чадахгүй бол уулзалт болохгүй нь тодорхой. Тэгэхээр мэдээж бид ОХУ-ын Ерөнхийлөгчид агаарын коридор гаргаж өгнө” гэж сэтгүүлчдэд хэллээ.
Болгар улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон. Энэ шүүх 2023 онд Путиныг баривчлах тогтоол гаргасан. Унгар улс ч мөн ижилхэн гишүүн. Гэхдээ Унгарын Засгийн газар 2025 онд мөн баривчлах ял сонссон Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг хүлээн авч, Эрүүгийн шүүхийг үл тоосон.
Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах тогтоол гаргасны дараа Ерөнхийлөгч Путин 2024 оны есдүгээр сард Монгол, 2025 оны аравдугаар сард Тажикистан улсуудад айлчилсан билээ. Монгол, Тажикистан улсууд хоёулаа Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон.