Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барих юм байна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэд станцын орчим үнсэн сангийн 20 га газар эзэмших эрхийг шийдвэрлэсэн бөгөөд төслийн бэлтгэл ажлыг хангаж байнаа аж. Газар, нүүрс, ус хангамжийг нэг дор шийдсэн, байгаль орчинд ээлтэйгээр станцыг барина. ТЭЦ-5 станцын ерөнхий зохион байгуулалтын зурагт үндсэн цех, захиргаа, цахилгааны дэд станц, нүүрс буулгах талбай, үнс хадгалах, ачих төхөөрөмж болон цаашид станцыг өргөтгөх талбайг тооцож урьдчилсан байдлаар төлөвлөжээ.

ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, I, III, IV хорооллыг дулаанаар хангах аж. Төслийн давуу тал:
Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулна.
Иргэдийг найдвартай, тогтвортой цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөл дээшилнэ.
Агаарын бохирдлыг бууруулна.
Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагаа сайжирна.
Утаанд агуулагдах хорт хийг 99 хувь шүүнэ гэжээ.