Атлантагийн рэп дуучин Young Scooter буюу Кеннет Эдвард Бейли 39 настайдаа энэ ертөнцийг орхилоо. Тэрээр энэ сарын 28-нд, яг төрсөн өдрөөрөө нас баржээ. Үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч ямар ч гэсэн цагдаа нартай асуудал үүсгэсэн нь тодорхой болоод байгаа.
Атлантагийн Цагдаагийн газрын мэдээлснээр хотын зүүн-өмнөд хэсэгт буудалцаан болж, нэг эмэгтэйг байшинд хүчээр чирж орууллаа гэх мэдээллээр шуурхай баг очсон байна. Тэдэнд нэгэн эр хаалга онгойлгож өгснөө буцаагаад хүчтэй хаасан гэнэ. Цагдаа нар газрыг хамгаалалтад авч, хяналт явуулж эхэлжээ.
Энэ үед байшингийн арын хаалгаар хоёр эр гарч зугтах гэж оролдоод нэг нь баригдсан ч нөгөөх эр буюу Young Scooter хоёр хашаа давж зугтаасан байна. Энэ үедээ тэр хөлдөө гэмтэл авчээ. Цагдаа нар анхны тусламж үзүүлээд Грейди Мемориал эмнэлэгт хүргэж өгсөн, удалгүй дуучин залуу амьсгал хураасан гэнэ. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хэн ч галт зэвсэг хэрэглээгүй нь тодорхой болсон. Тэгэхээр хашаа давж зугтаж байхдаа үхлийн шарх авсан болж таарч байгаа юм.
Нутгийн иргэд болон фэнүүд нь өглөөнөөс эхлэн олон нийтийн сүлжээгээр төрсөн өдрийн мэнд хүргэж байсан тул болсон явдалд итгэхгүй, шокт ороод байгаа гэнэ.