UBLife Logo
Спорт

Эрлинг Хааландын хуучин багийнхан шилдэг тоглогчоо дөрвөн сетка өндгөөр мялаав

Эрлинг Хааландын хуучин багийнхан шилдэг тоглогчоо дөрвөн сетка өндгөөр мялаав

Сүүлийн хоёр жилд дараалан Английн Премьер лигийн мэргэн буучаар тодроод буй Норвегийн шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Эрлинг Хааланд хөлбөмбөгчний замналаа “Брайн ФК” клубээс эхлүүлсэн билээ.

Тус клуб 2003 оноос хойш доод түвшинд өрсөлдөж байгаад энэ жил ахин Дээд дивизонд хүч сорьж байгаа юм.

Даваа гарагт тэд улирлын нээлтийн тойрогт “Бодо Глимт” багтай тоглож, 1:0-ээр хожигдсон.

Гэлээ ч энэхүү тоглолтод багийнхаа шилдгээр тодорсон хаалгач Ян де Боертыг дөрвөн сетка өндгөөр мялаажээ. Де Боерт тухайн тоглолтын үеэр хэд хэдэн чухал хаалтыг гүйцэтгэж, шийдвэрлэх хагаст торгуулийн цохилт хаажээ.

Шилдэг тоглогчоо өндгөөр урамшуулсан нь тухайн бүс нутаг дахь аж төрөх хэлбэр нь мах, сүүний үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай байдгийг харуулж байна. Нутгийн иргэд ихэвчлэн газар тариалан эрхэлдэг агаад тоглолтын үеэр Цэнгэлдэх хүрээлэнд “Бид тариаланчид гэдгээрээ бахархаж байна” гэсэн хашхираан сонсогддог.

Тэднийг буулгаж авсан “Бодо Глимт” клубийн тухайд энэ улирлын Европа лигийн тэмцээний шигшээд наймд шалгараад Италийн “Лацио”-той өрсөлдөхөөр зэхэж байгаа юм.

Хааланд 2016 онд “Брайн ФК” багийн төлөө 16 тоглолтод оролцоод, дараа улиралд нь “Молде” руу шилжсэн билээ. Улмаар Австри, Германы багуудад тоглож байгаад 2022 онд Английн “Манчестер Сити” клуб рүү буурь сэлгэсэн.

Сонирхуулахад, “Брайн ФК” баг 2023 онд Дээд лигтээ дэвших эрхийн төлөөх плей-оффын шатнаа өрсөлдсөн агаад тухайн үед Хааланд хуучин багийнхаа 200 орчим хөгжөөн дэмжигчийн зочлон тоглолтод багаа дэмжих галт тэрэгний зардлыг хувиасаа төлж байсан. Гэсэн хэдий ч тэд плей-оффын хоёрдугаар шатнаас мултарч байлаа. Харин өнгөрсөн улирлыг Нэгдүгээр дивизоны 2-р байраар өндөрлүүлсэн тул шууд Дээд лигтээ дэвшсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.