АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп улс орных нь хамгийн том асуудал бол гадаадын дүрвэгч, цагаачид гэж мэдэгдсэн. Бүрэн эрхийнхээ хугацаанд тэрээр 15-20 сая цагаачийг гаргана гэдгээ мэдэгдсэн. Цагаачдаа гаргаж “цөлөхгүй” бол Европ шиг дүрвэгчдийн газар болно гэж тэр эмээж байна. Гэхдээ үүнд нэг асуудал тулгараад байгаа нь эх орон нь тэр цагаачдаа хүлээн авахаас татгалзаад байгаа юм.
“Wall Street Journal”-д бичсэнээр АНУ-ын Засгийн газар иргэдээ хүлээн авахаас татгалзсан, эсвэл маш удаан хойрго хандаад байгаа улсуудын цагаачдыг Африк, Азийн орнуудад хуваарилан илгээх төлөвлөгөө гаргаад байгаа гэнэ. Үүнд, Ливи, Руанда, Бенин, Эсватини, Молдав, Монгол, Косово улсууд багтсан бөгөөд дээрх улсуудын Засгийн газартай хэлэлцээ хийж эхлээд байгаа ажээ. Хариуд нь АНУ санхүүгийн болон улс төрийн ашиг амлаж байгаа юм.
Цагаан Ордноос саяхан твиттер хуудсандаа хууль бус цагаачдыг хөөн гаргаж байгаа бичлэг оруулсан. Зүгээр гаргахгүй, хошин шог ая хөгжим тавьж, элэглэн шоолж байгаа нь харагдах ажээ. Бичлэг дээр цагаачдыг автобуснаас эгнээгээр нь гаргаж, Мексикийн хил дээр Steam хамтлагийн Na Na Hey Hey Kiss Him Goodbye дуун дор аваачиж байна. Мөн удаашруулах, өнгө оруулж, солонгоруулах зэрэг тусгай эффект ашиглан, их хөдөлмөр гаргасан байна.