Өчигдөр Европын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний эхний медальтнууд тодорлоо. Эхний өдөр эрэгтэй 57, 65, 70, 79, 97 кг жингийн бөхчүүд барилдсан. Бүх таван жингийн финалд орос бөх шалгарч, дөрөв нь алтан медаль, авч, тивдээ тэргүүллээ. ОХУ-ын багийн ерөнхий дасгалжуулагч Хажимурат Гацалов тэмцээний өмнө 3 алтан медаль хүртэх зорилготой гэж хэлж байсан. Тэгвэл төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ. Өнөөдөр олимпын хоёр аварга Угуев, Сидаков нар алтын төлөө барилдана гэхээр багийн дүнгээр хэн түрүүлэх нь хэдийн тодорхой болжээ.
Хөнгөн жинд Тувагийн Начын Монгуш түрүүлж, Тувад 12 жилийн дараа Европын алтан медаль авчирлаа. Хамгийн сүүлд 2013 онд тува залуу Опан Сат түрүүлж байжээ.
Саяхан болж өнгөрсөн Азийн АШТ-ээс ялгаатай нь Европын аваргын тэмцээн өрсөлдөөн бага болжээ. Азид япон, иран, монгол, энэтхэг, казах бөхчүүд үзэж таран, өрсөлдөж байгаа бол Хөгшин тивд ОХУ-ыг барах битгий хэл бага зэрэг өрсөлдөөн үзүүлэх улс алга. Гүрж, Армений бөхчүүд тодорхой жинд тодорч болох ч багаараа амжилт алга. Бусад бараг бүх орон эгнээндээ дагестан бөх авсан байгаа ч ОХУ-д няц дарууллаа.
Хуучин ЗХУ-ын шигшээ багийн бөхчүүд 1998 оны Европын АШТ-д бүх арван жинд финалд шалгарч байжээ. Ганцхан Владимир Тогузов алдарт Йордановт ялагдаж, үлдсэн ес нь Европын аварга болж байсан байна.
Европын АШТ-ий эхний өдрийн медальтнууд
57 кг. 1. Начын Монгуш (ОХУ). 2. Азамат Тускаев (Серби). 3. Арыйан Тютрин (Беларусь), Ислам Базарганов (Азербайжан).

65 кг. 1. Ибрагим Ибрагимов (ОХУ). 2. Хамзат Арсамерзуев (Франц). 3. Вазген Теванян (Армени), Али Рахимзада (Азербайжан).

70 кг. 1. Давид Баев (ОХУ). 2. Арман Андреасян (Армени). 3. Акаки Кемертелидзе (Гүрж), Канан Хейбатов (Азербайжан).

79 кг. 1. Ахмед Усманов (ОХУ). 2. Зелимхан Хажиев (Франц). 3. Ахсарбек Гулаев (Словак), Владимери Гамкрелидзе (Гүрж).

97 кг. 1. Гиви Матчарашвили (Гүрж). 2. Магомед Курбанов (ОХУ). 3. Ричард Вегх (Унгар), Батырбек Цакулов (Словак).

Өнөөдөр аваргын төлөө барилдах бөхчүүд
61 кг. Арсен Арутюнян (Армени) - Завур Угуев (ОХУ)
74 кг. Чермен Валиев (Албани) - Заурбек Сидаков (ОХУ)
86 кг. Магомед Рамазанов (Болгар) - Магомедхабиб Кадимагомедов (Беларусь)
92 кг. Осман Нурмагомедов (Азербайжан) - Даурен Куруглиев (Грек)
125 кг. Георгий Мешвилдишвили (Азербайжан) - Соломон Манашвили (Гүрж)