UBLife Logo
Спорт

“Бид холбоогоо шинэ түвшинд гаргахын төлөө хичээж ажиллана”

“Бид холбоогоо шинэ түвшинд гаргахын төлөө хичээж ажиллана”

Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбоо (МАМСХ) 2025 оны дөрөвдүгээр сарын 10-нд Анхдугаар Их хурлаа амжилттай зохион байгуулж, шинэчлэлийн эхний алхмаа тавиад байна. Энэ хурлаар дүрмийн өөрчлөлт баталж, удирдлагын багаа шинэчлэн сонгосон бөгөөд Ч.Ганзориг Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр мотоциклын спортын төрлөөр арав гаруй жил хичээллэсэн, Дакар раллид амжилттай оролцсон мэргэжлийн тамирчин, түүнчлэн бизнесийн салбарт танигдсан амжилттай залуу удирдагч юм. Бид түүнтэй уулзаж, МАМСХ-ны ирээдүйн төлөвлөгөө, хийхээр зорьж буй ажлуудын талаар ярилцлаа. 

-Таныг МАМСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе! Ирээдүйн төлөвлөгөөний талаар ярихаас өмнө энэ спорттой хэрхэн холбогдсон түүхээсээ хуваалцаж болох уу? 

-Баярлалаа. Миний хувьд 2013 оноос хойш мотоциклын спортоор хичээллэж эхэлсэн. Анхны алхам маань энэ спортыг сонирхож, тамирчдаа дэмжиж, тэмцээнүүдийг ивээн тэтгэх байдлаар эхэлсэн юм. 2015 онд Nomadic Off-Road компанийг байгуулж, мотоциклын аялал жуулчлалын салбарт ажиллаж эхэлсэн. Манай компани экстрим аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жилдээ 400 гаруй гадаадын жуулчин хүлээн авч, 30 гаруй аялал зохион байгуулдаг. 

Мотоциклын спортын хувьд би мотокросс, эндуро төрөлд өндөр түвшинд уралдах боломж бага байсан ч ралли уралдаан миний сонирхлыг ихэд татдаг байлаа. Ялангуяа гавьяат тамирчин Д.Болдбаатар, ОУХМ Ч.Анар нарын Дакар ралли дахь амжилт, түүхийг хараад их урам зориг авсан. Ингээд 2019 онд раллигийн төрөлд анхны тэмцээндээ оролцож, өнгөрсөн жил олон жилийн мөрөөдлөө биелүүлж, Дакар раллид уралдаад финишийн шугамыг давсан нь миний хувьд том амжилт байлаа. 

Спорттой зэрэгцээд би сүүлийн арав гаруй жил банк, санхүүгийн салбарт ажиллаж байна. Одоо I Dax виртуал хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд “Ард Кредит ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн дарга, мөн Nomadic Off-Road компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

- Та МАМСХ-ны үйл ажиллагаанд хэзээнээс татагдан орсон бэ? Холбоог шинэчлэх зорилгоор ямар алхмуудыг хийсэн талаараа хуваалцана уу? 

-Анхандаа би зарим тэмцээнийг ивээн тэтгэж дэмждэг байсан ч холбооны үйл ажиллагаанд шууд оролцдоггүй байлаа. 2019 онд Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх ах надад Удирдах зөвлөлд нэгдэх санал тавьснаар илүү идэвхтэй оролцох болсон. 2021 онд түүний саналаар Олон улсын автомашины спортын холбоо (FIA) болон Олон улсын мотоциклын холбоо (FIM)-ны жилийн эцсийн тайлангийн хуралд оролцож, гадаад харилцааны чиглэлд холбооныхоо нөөц боломжийг илүү өргөнөөр ашиглаж болохыг харсан юм. 

Холбооны үйл ажиллагаатай танилцах явцдаа бидэнд нэлээд шинэчлэл хэрэгтэйг ойлгосон. Дүрэм журам нь орчин үеийн ТББ-ын стандартад нийцэхгүй, гишүүдийнхээ саналыг тусгадаггүй, хаалттай үйл ажиллагаатай байсан нь олон нийтийн байгууллагын зарчимд таарахгүй байлаа. Энэ талаар бид Ерөнхийлөгч Б.Ганхөлөг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх нартай олон удаа ярилцсан. Ялангуяа 2024 онд Д.Очирсүх ах дахин Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсоны дараа бид нээлттэй, сайн засаглалтай, гишүүдийн оролцоог хангасан холбоо болохын төлөө хамтаръя гэж санал нэгдсэн. 

Гэхдээ бид энэ шинэчлэлийг хийхдээ хараат бус, мэргэжлийн байгууллагын оролцоог чухал гэж үзсэн. Ингээд Монголын Спортын Корпорацитай хамтарсан юм. Тэд МҮОХ болон бусад спортын холбоодтой хамтран ажилладаг туршлагатай, мэргэжлийн баг учраас Их хурлын зохион байгуулалт, дүрмийн шинэчлэлийг хамтдаа амжилттай хэрэгжүүллээ. 

-Шинэ дүрэмд ямар гол өөрчлөлтүүд орсон бэ? 

-Шинэ дүрмийн гол үзэл санаа нь гишүүн төвтэй, ил тод, нээлттэй байдалд чиглэсэн. Гишүүдийн төлөөллийг Удирдах зөвлөлд багтаах, санхүү, үйл ажиллагааны тайлангаа жил бүр ил тод мэдээлэх, FIA болон FIM-ийн стандартад нийцсэн орчин үеийн мэргэжлийн спортын холбоо байхыг зорьсон. Энэ дүрэм маань олон улсын жишигт нийцсэн, холбооны ирээдүйн хөгжилд чухал суурь болсон гэж бид үзэж байна. 

-Удирдлагын шинэ баг сонгуульт хугацаандаа ямар ажлуудыг голчлон хийхээр төлөвлөж байна вэ? 

-Бид холбоогоо шинэ түвшинд гаргах хүсэл эрмэлзэл, сэтгэлтэй баг болж орж ирсэн. Дөрвөн жил бол ажил хийхээр зорьсон хүнд бага хугацаа, ялангуяа манайх улирлын чанартай спорт учраас дулааны хэдэн сард л тэмцээн уралдаанаа зохион байгуулна. Гэсэн ч бидэнд тодорхой төлөвлөгөө бий. 

Нэгдүгээрт, засаглалыг дээд түвшинд хүргэнэ. Нээлттэй, ил тод, санхүү, үйл ажиллагааны тайлангаа тогтмол мэдээлдэг, гишүүдийн оролцоог хангасан холбоо болохыг зорьж байна. Энэ чиглэлд эхний алхмуудыг амжилттай хийчихлээ. 

Хоёрдугаарт, гадаад харилцааг өндөр түвшинд хөгжүүлнэ. Зөвхөн спортоор хязгаарлахгүйгээр олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Жишээ нь, Монголд замын хөдөлгөөний аюулгүй байдал тулгамдсан асуудал болж байна. Жолооны соёл, мотоциклын дуу чимээний стандарт гэх мэт асуудлуудад мэргэжлийн холбооныхоо хувьд оролцож, олон улсын туршлага, төсөл хөтөлбөрүүдийг нэвтрүүлэхээр судалж байна. Эдгээр чиглэлээр төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжуудыг нээж байна. 

Гуравдугаарт, мэдээж спортын хөгжилд онцгой анхаарна. Авто, мото спортын олон төрөл, салбарыг цэгцэлж, зөв хөгжлийн суурийг тавина. Олон нийтэд спортоо таниулж, үзэгч, фэнүүдийн хүрээг тэлэх, зах зээл бий болгохыг зорьж байна. Автомастеруудын уралдаанууд маань олонд танигдсан, фэнүүдтэй болсон байдаг. Харин бусад төрөл, тухайлбал мотокросс, ралли зэрэгт хэвлэл мэдээлэл, олон нийтийн танигдсан од тамирчид харьцангуй цөөн. Тиймээс бид тамирчдаа олон улсын тавцанд гаргаж, спортынхоо сайхан талыг олон нийтэд мэдрүүлэхээр зорьж байна. 

Эдгээр ажлуудыг хийхэд зах зээл бий болгох нь чухал. Зах зээл бий болсноор ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагууд татагдан орж ирнэ. Ингэснээр авто, мото спорт маань Монголд илүү хурдацтай хөгжих суурь тавигдах юм. 

Одоо бид Удирдах зөвлөлөөрөө хуралдаж, Стратегийн төлөвлөгөөгөө батална. Энэ төлөвлөгөөнд дээрх зорилтуудыг илүү тодорхой болгон, хэрэгжилтийн тодорхой алхмуудыг тусгана. 

-Ярилцсанд баярлалаа. МАМСХ-ны шинэ удирдлагын багт амжилт хүсье! 

-Баярлалаа! Бид хамтдаа холбоогоо шинэ түвшинд гаргаж, олон улсын тавцанд Монголын нэрийг дуурсгахын төлөө сэтгэл гарган ажиллана гэдгээ амлаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.