UBLife Logo
Спорт

Их мастер Б.Мөнгөнтуул гранпри тэмцээнд Польшийн Алина Кашлинскаяг хожлоо

Их мастер Б.Мөнгөнтуул гранпри тэмцээнд Польшийн Алина Кашлинскаяг хожлоо

Энэтхэгийн Пуна хотноо дөрөвдүгээр сарын 14-23-ны өдрүүдээр шатрын гранпри цуврал тэмцээний тав дахь гараа явагдаж байна.

Эл тэмцээнд дэлхийн чансааны шилдэг 100-д эрэмбэтэй 10 шатарчин цэц сорьж буй юм. Тэдний нэг нь ФИДЕ Гранд Свисс тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарч уг тэмцээнд оролцох эрхээ авсан Их мастер Б.Мөнгөнтуул.

Тэрбээр эхний өрөгтөө Гүржийн Саломе Мелиаг буулган авч, сайн эхлэлийг тавьсан. Гэвч хоёрдугаар тойрогт Хятадын Их мастер 22 настай Чжу Цзиньэрт ялагдав.

Улмаар өчигдөр явагдсан гурав дахь тоглолтодоо Орос гаралтай Польш шатарчин Алина Кашлинскаяг хожлоо.

Одоогоор эл тэмцээнийг Чжу Цзиньэр 2.5 оноотойгоор тэргүүлж, Б.Мөнгөнтуул хоёр оноотой дэд байрт эрэмблэгдэж байна.

Их мастер Б.Мөнгөнтуул дараагийн тойрогт Болгарын Нургюл Салимоватай цэц сорих юм.

Гранпри цомын эзнийг зургаан цуврал тэмцээний дүнгээр тодруулна. Ингэхдээ нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй.

Пунагийн гранпри бол Б.Мөнгөнтуулын цэц сорьж буй гурав дахь гараа юм. Тэрбээр хоёрдугаар сард явагдсан Монакогийн гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.