Словакийн нийслэлд болж байгаа чөлөөт бөхийн тивийн аваргын тэмцээний шагнал гардуулах ёслол дээр болсон явдал олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. 74 кг-ын жинд түрүүлсэн Албанийн осет бөх Чермен Валиевт шагнал гардуулсан ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Мамиашвили түүнийг урвагч хэмээн нэрлээд, медалийг нь бараг чулуудсан нь олны дургүйцлийг төрүүлсэн.
ОХУ-ын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар 20 жил ажилласан Жамболат Тедеев мөн санал бодлоо илэрхийллээ. Тэрээр 2022 онд Мамиашвилитай муудалцаад ажлаа өгөхөөс өөр аргагүй болж байлаа.
Тедеев олон нийтийн сүлжээнд “ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили, Албанийн шигшээ багийг төлөөлж байгаа, Осетийн бөх Чермен Валиев хоёрын хооронд болсон явдлын талаар хэлэхгүй бол болохгүй зүйл байна. Мамиашвилигийн үйлдэл бол хэрээс хэтэрсэн зүйл бөгөөд олон зуун жилийн турш уламжлагдаж ирсэн спортын зарчим, хүмүүнлэг ёс, бөхийн уламжлалд харшилсан явдал байлаа. Хараалын үг ашиглан, мөрөөрөө байгаа бөхийг урвагч хэмээн доромжилсон нь спортын салбарт бүхэлд нь сүүдэр унагаасан муухай зүйл боллоо. Энэ явдал холбооны тэргүүнийг төдийгүй Орос улсыг тэр чигээр нь шившиглэлээ. Европ тив даяар шууд дамжуулсан тэмцээн шүү дээ. Олон улсын тавцанд улс орны нэр хүндийг яаж ингэж унагааж чаддаг байна аа? Эх орныхоо нэр төрийг бодож болдоггүй юм уу? Магадгүй энэ чинь харин жинхэнэ урвалт юм биш үү? Энэ олон жил бөхчүүдийг янз бүрийн улсуудад зарж зарчихаад чи ямар нүүрээрээ хэн нэгнийг урвалаа гэж хэлж чадаж байна вэ гэж Мамиашвилигаас асуумаар байна. Тэр мөнгийг чи өөрийнхөө халаасанд хийдэг шүү дээ. Үнэнч шударгаар түрүүлсэн шинэ аварга, залуу, ирээдүйтэй бөхийг яагаад доромжлж байна? Валиев хүмүүжилтэй, насаар дүү хүний хувьд кавказ ёсоор биеэ барьж байлаа. Би байсан бол ийм новшийн гараас медаль авахгүй байсан. Цаашдаа юу ч боллоо гэсэн би Чермений талд байх болно” гэж бичсэн байлаа.
Харин Мамиашвили “Бурхан түүнийг шүүх болно. Тедеев ямар ч хариуцлаггүй мэдэгдэл хийжээ. Яагаад хийснийг нь би мэдэхгүй байна. Тедеев олон жил шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан байж, хэн гэдэг бөх хаашаа явсныг мэддэггүй байсан хэрэг үү? Намайг мөнгө хувьдаа авдаг байсныг батлах материал байвал гаргаад ир. Зохих газарт нь ханд. Нэг хэсэг нь ОХУ-ын шигшээ багийн төлөө санаа зовюоод сууж байхад зарим нь дэмий юм бичээд суух юм. Ама хамхиад суу” гэж хариу барьжээ.