Казахстаны Астанад болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэй 97 кг жин бол энэ тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй, сонирхолтой. Энэ жинд олимпын хошой, дэлхийн 6 удаагийн аварга Абдулрашид Садулаев (ОХУ), отгон дэлхийн аварга Кайл Снайдер (АНУ), Парис-2024 олимпын аварга Ахмед Тажудинов (Бахрейн), дэлхийн 3 удаагийн аварга Хасан Яздани (Иран) нар өрсөлдсөн.

“Орос танк” хэмээх Абдулрашид Садулаев шөвгийн наймд АНУ-ын Кайл Снайдерт ялагдсан. Өнөөдөр тэрээр дагах барилдаанд ялж, үдэш хүрэл медалийн төлөө барилдах боллоо. Түүний ялагдлыг ОХУ-ын шинжээч нар янз бүрээр тайлбарлаж байна.

ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хажимурат Гацалов “Тактикийн алдаа гарсан, бас бага зэрэг яарсан тал ч харагдлаа. Тэр маш сайн бэлтгэлтэй байсан. Яагаад ялагдсаныг хэлж мэдэхгүй байна. Энэ бол спорт. Абдулрашид гэмтэлтэй байсан байх. Бүрэн эдгээгүй байх магадлалтай. Гурав дахь барилдаан дээр өвдгөө эмчид үзүүлснийг бодоход гэмтэлтэй байжээ”
Спортын сэтгүүлч Асланбек Бадаев “Садулаев сонгон шалгаруулалт дээр Магомед Курбановтой барилдахдаа л нэг биш байсан. Урьд өмнөх шиг итгэлтэй биш, нэг л нөөцгүй харагдсан. Мэдээж нас ахисан, мөн сэтгэл зүйн дарамт нөлөөлсөн. Садулаев хоригт ороод олон улсын тэмцээнд оролцож чадахгүй байх хооронд Снайдер эргэн залуужсан мэт л барилдаж байлаа. Тэр жингийнхээ бусад томчуудыг бүгдийг ялсан. Кайл эцсээ хүртэл барилддаг. Би ДАШТ эхлэхээс өмнө сэтгэлийнхээ гүнд Садулаев энэ удаа алт авч чадахгүй нь гэж бодож байсан. Ер нь эрэгтэй шигшээ баг ганц ч алтан медальгүй ирж ч магадгүй. Бид ийм байдалд ороод байна” гэжээ.
Дагестаны шигшээ багийн дасгалжуулагч Махач Муртазалиев “Би Садулаевыг 100 хувь бэлэн байсан гэж хэлж чадахгүй. Хөл нь гэмтэлтэй байсан. Цугларалт дээр л зовиуртай байгаа нь мэдэгдэж байсан. Гүржид RAF холбооны барилдаан дээр авсан гэмтэл. Харамсалтай нь бүрэн эдгэж, сэргэж амжсангүй. Дахиад ганц сар, эсвэл өмнө нь нэг тэмцээнд орсон бол асуудал байхгүй байлаа”

ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Барилдаан дуусахад 1 минут дутуу байхад 4:1 тэргүүлж яваад ялагдлаа. 4:4 гэсэн тэнцүү барилдаан байлаа. Энд тамирчин, дасгалжуулагч хоёроос асуух хэрэгтэй. Би энэ хол үзэгчдийн дунд сууж байгаа болохоор тэнд дотор нь юу болж байгааг мэдэхгүй”
