Словакийн нийслэлд болж өнгөрсөн сонгомол барилдаан, чөлөөт бөхийн Европын АШТ нэгэн том маргаантайгаар хөшгөө хаасан. Эрэгтэй чөлөөт бөхийн 74 кг-ын жинд түрүүлсэн Албанийн осетин бөх Чермен Валиевт шагнал гардуулсан ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили түүнийг урвагч хэмээн нэрлэсэн билээ. Энэ явдал Оросын бөхийн ертөнцөд гараад удаж байгаа иргэншил солих асуудлыг шинээр хөндлөө. ОХУ-ын шигшээд багтаж чадаагүй бөхчүүд гадаад оронд гардаг явдал эртнээс байсан. Харин Украины дайны улмаас хоригт орсон нь өөр улсад очих гэсэн бөхчүүдийн тоог улам нэмсэн билээ. ОХУ-ын Спорт бөхийн холбооноос ДБНХ-нд хандаж, олон удаа хүсэлт гаргасны дараа тамирчдын гадаадад гарах, иргэншлээ солих асуудлыг хэлэлцэж, холбогдох дүрэм, журмыг чанга болголоо. Өөрөөр хэлбэл гадаад орны нэрийн өмнөөс барилдахад бараг боломжгүй болжээ. Энэ журам ОХУ-д сайнаар туссан. Учир нь тус улсын дагестан бөхчүүд гадаадад гарсаар байгаа төдийгүй Оросын шигшээ багийн бөхчүүдээ ялдаг болоод байгаа. ОХУ-ын тамирчид олон улсын тэмцээнд орж чадахгүй хориг үйлчилсэн хэвээр байвал ихэнх сайн бөхчүүдээ алдах аюулд ороод байлаа.
Ингээд шинэ дүрмийн зарим заалтыг хүргэе.
- Иргэншлээ солихын тулд шинэ эх орныхоо паспорттой байх ёстой. Өмнөх шиг виз үзүүлээд болдог байсныг өөрчилжээ.
- Өмнөх улсынхаа төлөө сүүлийн удаа барилдсанаас хойш шинэ орныхоо багт барилдахын тулд 3 жил хүлээх шаардлагатай.
- Давхар иргэншилтэй бөхчүүд сонгосон орондоо байнга оршин суудаг гэдгээ нотлох, мөн 10 жил дотор иргэн нь болно гэдгээ батлах ёстой.
- Нэг улс нэг жилд нас үл харгалзан хоёр бөхийг л (эрэгтэй 1, эмэгтэй 1) эгнээндээ нэгтгэх боломжтой.
- Иргэншил солих хүсэлтийг аравдугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 20-ны хооронд хүлээн авна. Хэрэв бүх нөхцлийг хангасан бол ирэх жилийнхээ нэгдүгээр сарын 1-нээс шинэ улсынхаа төлөө тэмцээнд орж болно.
- Хуучин улсынхаа холбоонд төлбөр болон бэлтгэл сургуулийн нөхөн төлбөр төлнө.
- Тухайн улсын бөхийн холбоо жилд дээд тал нь эрэгтэй 3, эмэгтэй 3 бөхөд л гадаад оронд гарах зөвшөөрөл олгоно.

За ингээд энэ асуудлын талаар Телеграм суваг дээр гарсан нэгэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Харамсалтай нь зохиогчийн нэр алга байлаа.
“Яагаад бөхчүүд иргэншлээ сольж болно, солих ч хэрэгтэй вэ гэдгийг нэг мөсөн шийдье.
Бувайсар Сайтиеваас хойш төрсөн хамгийн шилдэг хөнгөн жингийн бөхийг ялсан Чермен Валиев маш хурдан өсөж, дэвжсэнд нь гайхаж суулаа. Харин түүний амжилтыг шагнал гардуулах ёслол дээр гаргасан Оросын бөхийн холбооны тэргүүний үйлдэл гутааж орхилоо. Маиашвили түүнийг урвагя хэмээн нэрлэсэн билээ. Эвгүй байдалд орсноо мэдээд Мамиашвили мэдэгдэл хийсэн. Товчхон хэлэхэд тэр “Черменийг Оросын баг бэлтгэсэн. Гэтэл тэр одоо орос бөхийнхөө ялалтыг булааж аваад Албанийн далбааг өргөөд зогсож байна” гэсэн утгатай. Мамиашвили ингээд зогссонгүй, бусад легионеруудыг ч дурсахдаа Болгарын шигшээг дурдаад авсан. Одоо Болгарт барилдаж байгаа орос бөх нь Магомед Рамазанов. Тэр шинэ эх орондоо олимпын алт, Европын алтан медаль авч өгсөн. Ийм хүчирхэг залуус гадаадад гарсанд нэг талаас сэтгэлээр унаж болно, харин нөгөө талаас баярлаж бас болно. Тэд амжилт олохын төлөө өдөр, шөнөгүй хөдөлмөрлөж, цаг зав, эрүүл мэнд, хамаг нерв, мэдрэлээ зориулсан. Юуны төлөө? Улс төрийн хохирогч болохын төлөө юу? Үгүй. Улс төр, спорт хоёр тусдаа байх ёстой гэдгийг санаж ав.
ОХУ тэднийг бэлтгэж, аварга болгосон, гэтэл гадаадад гарлаа гэх үзэгчдийн бодлыг няцаах хэдэн зүйл хэлье.
1. Ахмед Тажудинов. Садулаев амьд байгаа цагт авьяаслаг энэ залуу хэзээ ч олон улсын тэмцээнд оролцож чадахгүй байлаа. Гадаадад гараагүй бол тэр одоо ч гэсэн сэлгээний суудалд суугаад, Ярыгин тэмцээнд түрүүлснээрээ бахархаад байж байх байсан.
2. Разамбек Жамалов. Оросын багийг олимпоос хасахаас өмнө тэр Узбекистанд очсон байсан. Энэ шийдвэрийнхээ ачаар л тэр олимпын аварга болж чадлаа. Оростоо байсан бол бусад шигшээ телевизээр олимп үзэх байлаа.
3. Даурен Куруглиев. Маш олон жил Оросын шигшээ багт зүтгэсэн. Гэхдээ Найфоновт ялагдаад том тэмцээнд оролцож чаддаггүй байлаа. Хоёр жилийн өмнө тэр Грект очсон. Энэ хоёр жилийн дотор ОХУ-ын шигшээд 10 жил барилдсанаасаа илүү олон цом өргөжээ.

Дээрх жагсаалтад Мусукаев, Абакаров, Салказанов, Валиев, Рамазанов болон бусад өөр олон залуусыг оруулж болно. Тэд энэ амьдралд боломж ганцхан удаа ирдэг гэдгийг ойлгосон хүмүүс. Тэднийг яаж шүүж, загнаж чадаж байна вэ? Дээр нь бөхчүүдийг хөлбөмбөг шиг асар их мөнгөөр зардаг талаар үг хэлэхээ болье. Энэ мөнгө та бүхэн мэдэж байгаачлан улсад биш хувь хүний халаасанд ордог.
Парисын олимпод оролцож чадаагүй Шамиль Мамедовыг саная. Бүх амьдралаа бөхөд зориулчихаад хамгийн чухал үед мөрөөдлийнхөө төлөө тулалдаж чадаагүй. Энэ бөхчүүдийг гадаадад гарлаа гэж муулах хүн бол өөрөө дэвжээнд гарч үзээгүй, хөлсөнд норсон борцовк ямар хүнд болохыг мэдэрч байгаагүй хүн л байгаа. Олон жил бэлтгэл хийн, дэглэм барьж, жингээ хасаад, гэмтээд эдгээд хичээн зүтгэж байгаад олимпын наадамд оролцож чадахгүй болно гэдэг юу болохыг мэдэх үү?
Саудалевыг чөлөөт бөхийн түүхэн дэх хамгийн агуу бөх болох боломжийг үгүй болгосон нь шударга гэж үү? Фазаевыг олимпын 3 удаагийн аварга болоход нь саад хийсэн нь шударга гэж үү? Мэдээж үгүй. Энэ хүмүүс улс төрд ямар ч хамаагүй хүмүүс байлаа. Тэд зөвхөн тамирчин байсан юм.
***
“Та нарыг эх орон чинь аварга болгосон юм” гэдэг үгийн талаар хэлье. Валиевыг өөрөөс нь болон хувийн дасгалжуулагчаас нь өөр хэн ч аварга болгож чадахгүй. 10 жилийн турш Ардоны жижигхэн танхимд, ямар ч хангалтгүй зүтгэж байхад нь улс тэгвэл хаана байсан юм? Хүнд хэцүү тэр үед нь Спорт бөхийн холбооны тэргүүн Мамиашвили хаана байсан юм бэ? Авьяаслаг энэ залууг хөл дээрээ босоход нь хэн тусалсан юм бэ? Хэн ч туслаагүй. Кахабер Зукаев өөрийн гараар Черменийг аварга болгон урлаагүй гэж үү? Цалингүй, дэмжлэггүй зовж байсан Рамазановт хэн тусалсан юм бол? Найман хагалгаанд орсон Жамаловт итгэсээр байсан хүн хэн юм бэ? Зөвхөн тэдний дасгалжуулагч нар л шүү дээ. Юу ч хийгээгүй хүмүүс яагаад тэдний амжилтаас хувь авах гээд байгаа юм бэ?
Одоо маш олон залуу тамирчин хувийнхаа зардлаар тэмцээн уралдаанд ордог. Хэрэв энэ залуус маргааш амжилтад хүрвэл гонжоом, пиджактай ах нар гарч ирээд амжилтыг нь авах гэж дайрах уу? Ингэж болохгүй.
Эцсийн эцэст иргэншлээ солино гэдэг үзэгч бидэнд ашигтай. Хэрэв легионеруудыг хасчих юм бол энэ тэмцээн маш уйтгартай зүйл болон хувирна. Арван хэдэн орос бөх дотооддоо, эвдэрхий тэвшний дэргэд шахцалдан сууж байх байлаа. Тэдэнд том тэмцээнд орох ямар ч боломж байхгүй.
Тийм болохоор би легионеруудынхаа амжилтад баярладаг, харин тэдний толгой дээр мандаж байгаа тугийгг анхаардаггүй.
Хүнийг шүүмжлэх гэж бүү яар. Ойлгох гэж хичээ. Анхаарал тавьсанд баярлалаа.
Эх сурвалж: https://t.me/wrestletimeis