ОХУ-ын мэргэжлийн бөхийн “PWL 10” тэмцээн 11 дүгээр сарын 8-нд Москва хотын “Динамо” волейболын цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Энэхүү тэмцээнд олимпын хошой аварга Абдулрашид Садулаев оролцоно гэдгээрээ онцлог байгаа. “Дагестан танк” олон улсын тэмцээнд оролцож чадахгүй байгаа тул “PWL 10” түүний хувьд тун чухал тэмцээн байх болно. Мөн сонгомол барилдааны олимпын хошой медальт Акжол Махмудов (Кыргызстан), АНУ-ын шинэ дэлхийн аварга Захид Валенсия нар барилдахаар болсон. Гэхдээ тэдний өрсөлдөгч тодроогүй байна. Тэмцээнд анх удаагаа Японы эмэгтэй чөлөөт бөхийн алдартнууд оролцохоор болсон. Олимпын аварга Юи Сусаки, Парисын олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Нонока Озаки нар орос тамирчидтай гар зөрүүлэх юм. Монголчууд бидний хувьд Гавьяат тамирчин Т.Тулгаа дэмжинэ. Түүний өрсөлдөгч нь Дагестаны залуу тамирчин Далгат Абдулкадыров.
“PWL 10” тэмцээний оноолт
Эмэгтэй
62 кг. Нонока Озаки (Япон) — Алина Касабиева (ОХУ)
Энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальтай Алина алдарт япон бөхийн эсрэг хэрхэн барилдах бол гэдэг сонирхолтой. Тэд анх удаагаа нүүр тулж байгаа юм.

53 кг. Юи Сүсаки (Япон) — Елизавета Смирнова (ОХУ)

Дотооддоо хүнд ялагдал амссан Сүсаки энэ тэмцээнээс сэргэн мандалтаа дахин эхлүүлнэ. ДАШТ-ий хүрэл медальтай Елизавета Смирнова өрсөлдөгч нь. Тэд 50 кг жинд барилддаг ч энэ удаад 53 кг-д хүч үзэхээр тохиролцжээ.
Сонгомол барилдаан
55 кг. Эльдениз Азизли (Азербайжан) - Эмин Сефершаев (ОХУ)
Дэлхийн 4 удаагийн аварга, Европын хошой аварга Азизли, Европын хошой аварга Эмин Сефершаев нар 4 дэх удаагаа тулгарлаа. Эхний гурван барилдаанд Эмин ялсан билээ.

63 кг. Айтжан Халмаханов (Узбекистан) — Керем Камал (Турк)
Дэлхийн шинэ аварга, 19 настай Айтжан Халмаханов Европын аварга Керем Камалыг залуу насны аагаар ялна гэдгээ мэдэгдсэн.
77 кг. Малхас Амоян (Армени) — Сергей Степанов (ОХУ)
Парисын олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Европын 4 удаагийн аварга Малхас Амоян ОХУ-ын 3 удаагийн аварга Сергей Степановтай дахин барилдана. Барилдааны харьцаа 1:1.
97 кг. Артур Саргсян (ОХУ) - Кирилл Маскевич (Беларусь)
Энэ жилийн ДАШТ-ий хоёр медальтан. Хоёулаа олимпын аварга Мохаммадхади Саравид ялагдсан билээ.
130 кг. Мохамед Абделлатиф (Египет) — Марат Кампаров (ОХУ)
ДАШТ-ий хүрэл медальт, Африкийн 9 удаагийн аварга Мохамед Абделлатиф ОХУ-ын аварга бөхийг шалгаж үзнэ.
Эрэгтэй чөлөөт бөх
61 кг. Нураддин Новрузов (Азербайджан) — Заур Угуев (ОХУ)
Олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга, Европын аварга Заур Угуев PWL тэмцээнд 6 удаа оролцож, зургаа ялсан. Түүний өрсөлдөгч нь энэ жилийн ДАШТ, Европоос хүрэл медаль зүүсэн, Азербайжаны залуу бөх Нураддин Новрузов. Заур Угуев 2025 онд 17 барилдаж, 17 ялахдаа 157 оноо авч, 15 оноо алджээ.

65 кг. Ник Ли (АНУ) — Магомедов Абасгажи (ОХУ)
Дэлхийн аварга Абасгажи Магомедов мэргэжлийн бөхийн PWL тэмцээнд 6 удаа оролцож, нэг ч ялагдаагүй. Харин Ник Ли бол Панамерикийн аварга, NCAA-гийн хошой аварга.
70 кг. Т.Тулга (Монгол) — Далгат Абдулкадыров (ОХУ)
ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга Т.Тулга бол PWL мэргэжлийн лигийн тэмцээний хамгийн хүндтэй зочны нэг. Түүнийг тэмцээн болгондоо барилдуулах гэж лигээс хичээдэг билээ. Энэ удаад түүнд ОХУ-ын дагестан залуу Далгат Абдулкадыровыг оноожээ. Далгат энэ жил Тахти цомын тэмцээнд түрүүлсэн. Хоёр бөх өнгөрсөн тавдугаар сард Али Алиевын нэрэмжит тэмцээнд таарч, Т.Тулга 8:2 ялж байлаа.
92 кг. Абубакр Абакаров (Азербайжан) - Камиль Куруглиев (Казахстан)
Анх удаагаа учраа таарч байна.Дэлхий, Европын мөнгөн медальт Абубакр Абакаров Казахстаны удамт бөх, өсвөр, залуучуудын олон тэмцээний аварга, 20 настай Камиль Куруглиевтай барилдана.

97 кг. Жонатан Айелло (АНУ) — Алихан Кцоев (ОХУ)
Америк залуу Айело орос бөхчүүдтэй хоёр барилдаж, ялагдаагүй, цаашдаа ч ялна гэдгээ мэдэгдээд байгаа.