“Монгол орны хөгжилд” чуулга уулзалт 18 дахь удаагаа Английн Оксфорд хотноо "Монголын ирээдүйн өнгө төрх" сэдвийн дор болох гэж байна. Гадаадад амьдарч, сурч буй монголчуудын уулзах, хамтран ажиллах, цаашлаад эх орныхоо хөгжилд гар бие оролцоход холбох цэг болсон энэ арга хэмжээний талаар зохион байгуулагчдын нэг, “Цахим өртөө” холбооны тэргүүн Д.Цэрэнбаттай ярилцлаа.
-”Монгол орны хөгжилд” чуулга уулзалтыг хэрхэн санаачилж, эхлүүлж байв? Гадаад ажиллаж, амьдардаг монголчууд маань улсынхаа хөгжилд хувь нэмрээ хэрхэн оруулах боломжтой вэ?
-1999 онд үүссэн “Цахим өртөө” сүлжээгээр дамжуулж гадаадад аж төрдөг монголчууд ихэвчлэн хоорондоо холбогддог байлаа. Тухайн үед одоогийнх шиг сошиал медиа гэх зүйл байсангүй. Британид амьдардаг, “Цахим өртөө”-гөөр дамжин танилцсан монголчууд маань сурч мэдсэнээ улсынхаа хөгжилд хэрхэн нэмэрлэж болох талаар хэлэлцэх арга хэмжээг санаачлан 2005 онд ЭСЯ-ныхаа дэмжлэгтэйгээр анхны чуулга уулзалтаа хийсэн. Тэнд ирсэн 20-30 насны 30 гаруй залуу эх орноо яаж хөгжүүлэх вэ, юу хийх хэрэгтэй вэ гэсэн дэврүүн хүслээр нэгдэж энэ үйл хэрэг эхэлсэн түүхтэй. Эхний гурван уулзалт ЭСЯ-ны байранд хийгдсэн. Жилээс жилд оролцоо нэмэгдэж, зохион байгуулалт нь ч сайжрахын зэрэгцээ Европын бусад орноос монголчууд маань зорьж ирдэг болсноор чуулга уулзалт маань элчингийнхээ байранд багтахаа байж, улмаар Британид төдийгүй өөр улс оронд зохион байгуулагдаж эхэлсэн. “Цахим өртөө” холбоо, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлөөс, тухайн улс оронд суугаа элчин сайдын яам хийгээд бусад төрийн яамд байгууллагуудтай, хувийн хэвшлийнхэнтэй хамтран хийдэг ажил болтлоо хэлбэршиж ирсэн нь төр болон төрийн бус байгууллагууд, тэр дундаа гадаадад суугаа монголчуудын үүсгэл санаачилгаар байгуулсан олон нийтийн байгууллагуудын харилцан ойлголцож, үр бүтээлтэйгээр хамтран ажиллах үйл ажиллагааны нэгэн хэлбэр болсон гэж хардаг. Энэ жилийн чуулганы хувьд ч мөн уламжлалаараа Элчин сайдын яам хамтран зохион байгуулж буйн зэрэгцээ Улсын Их Хурлын дарга энэ удаагийн чуулганы сэдэв, ач холбогдлыг үнэлж ивээлдээ авахаар болсон бол Боловсролын яам гадаадад сурч боловсорч буй залуусаа дэмжих хамтран ажиллах бодлогын хүрээнд дэмжин ажиллаж байна.
Одоогоор дэлхийн найман улсад чуулган зохион байгуулагдахад 400 орчим хүн илтгэлээрээ оролцсоны тал хувь нь өөр өөрсдийн салбартаа докторын зэрэгтэй гэхээр оюуны үлэмж нөөц хуран нэгдэж ирснийг илтгэнэ. Өдгөө технологи хөгжсөн цахим эринд газар зүйн хувьд саадгүй хоорондоо холбогдож санаа бодлоо солилцоход хялбар болжээ. Өөр өөр улс оронд аж төрж байгаа хүмүүс тухайн улс орныхоо хууль дүрмийг мөрдөж, ёс заншилд дасан уусах нь байдаг. Чуулган нь тэрхүү дадал, соёлын ялгаагаа ярилцаж, ойлголцож байх нэгэн талбар болж байдгаараа давхар ач холбогдолтой.
-20 жилийн хугацаанд чуулга уулзалтын хүрээнд гаргасан санал санаачилгаас таны санаанд тод үлдсэн жишээ юу вэ?
-2006 онд хоёрдугаар чуулганы үеэр тамхины эсрэг хууль гаргая гэж санаачилж байсан. Тухайн үед Их Британид ч бас тамхины хууль дүрэм гараад их л шинэ содон үзэгдэл байлаа. Яг чуулганы шууд үр дагавраар биш ч тэр санаа Монголд хэрэгжиж эхэлснийг харахад таатай байдаг. Сүүлийн үеийн тохиол гэвэл 2022 оны Хилийн чанад дахь монголчуудын технологийн чуулган сэдвээр хийгдсэн 17-р чуулганыг зохион байгуулагчид маань Их хурлын дэргэдэх Инновац, цахим бодлогын байнгын хороо, дараахан нь байгуулагдсан Цахим хөгжлийн яамтай бодлого боловсруулалтын түвшинд хамтран ажиллах Зөвлөлийг бий болгон ажилласан байдаг.
Хүмүүс биднээс “Та нар тэгээд яаж Монголыг хөгжүүлэх юм бэ дээ” гэж асуудаг. Бид шийдвэр гаргаж, хууль дүрэм батлах хэмжээний хүмүүс биш ч гэсэн сурсан мэдсэнээ эх орондоо хэрэгтэй байлгахыг эрмэлзлээр энэ чуулганыг хийж байдагт утга нь оршино. Оролцогчид зохион байгуулагчид энэ чуулганаар дамжуулж хоорондоо танилцаж, найз нөхөд болж, бодол санаагаа ажил хэрэг болгоход туслах гүүр нь болж байдаг. Чуулга нь хэлбэршиж тогтоод олон жил хийгдээд ирэхээр энэ чуулганаар танилцсан нэгэн үе хамт өсөж бий болж байгаа нь харагддаг. 20 жилийн хугацаа гэдэг идэр залуу хүний яг л амьдралд хөлөө олж нийгэмдээ хийж бүтээдэг нас. Эхэн үеийн чуулганд оролцож хамтран хийж байсан хүмүүс өдгөө бизнесийн салбарт ч, төр нийгмийн салбарт ч тодорхой байр сууриа олсон харагддаг. Тэр хүмүүсээ бас шинэ санаа бодол, дараа үеэр нь сэлбээд явбал чуулган эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулаад л байна гэсэн үг. Эргээд тэр хүмүүс маань чуулга уулзалтаа дэмжээд, боломж бололцоогоороо хувь нэмрээ оруулаад явдаг. Чуулган өөрөө урт хугацаандаа өөрийн хэв маягаа олж бэхжээд, үнэ цэн ач холбогдлыг нь ойлгож мэдэрдэг хүмүүсийн нэгдэл ч бий болсон тул бид шууд болон шууд бусаар хувь нэмрээ Монгол орныхоо хөгжилд оруулж байгаа гэж хардаг.

-Чуулганы үеэр анх хэлэлцэж байсан санаа, сэдвүүд одоо илүү өргөн цар хүрээтэй болж эхэлсэн болов уу. Энэ жилийн чуулга уулзалтын гол онцлог нь юу вэ?
-Гадаадад төрж, өссөн 20-30 насны, хөгжсөн орны боловсролын системээр дамжин сурч боловсорч, тэдний технологи, стандарт, мэдлэг оюуныг өөрсдөдөө шингээж авч, тэндээ ажлын талбарт гаран ажиллаж буй бүх л бүтэн шинэ үе гараад ирлээ.
Энэ насны залуус монгол соёл, уламжлалын онцлогийг мэддэг, түүнийгээ эзэмшиж илэрхийлж чаддаг байх нь бусдаас ялгаран танигдах нэг гол хүчин зүйл нь гэдгийг анзаарч эргээд өөрийнхөө монгол байхын онцлогийг ойлгож, харж эхэлдэг юм байна. Тиймээс тэр онцлогийнх нь талаар яриа хэлэлцүүлгүүд өрнүүлж хооронд нь танилцуулж, холбоо хэлхээ үүсгэх нөхцөлөөр нь хангахыг энэ удаагийн чуулган гол зорилгоо болгож буй. Чуулганы хувьд гурван өдөөх илтгэл тавигдаад, залуусын санаа бодлыг сонсоход голчлон чиглэгдэнэ.
Тэд Монголоо ид хайж байна. Тиймээс монголчуудын оюун сэтгэлгээний онцлог гэж юу болох талаар доктор М.Саранзаяа илтгэнэ. Тэд хиймэл оюун ухаан түрэн орж буй цаг үед ид ажиллаж байна. Тиймээс энэхүү хиймэл оюун ухаан гэгч юу болох хүний оюун ухааныг хоёрт тавьж болохгүйн тухай доктор Б.Мөнхтулга илтгэнэ. Тэд олон соёлын огтлолцол дунд аж төрж байна, тиймээс монгол соёлын онцлог түүнээс авах гээхийн ухаанаар хандах зүйлс юу болох талаар сурган хүмүүжүүлэгч Г.Гэрэл илтгэнэ.
Үдээс хойш, оройн хэсэгт тэднийг хоорондоо танилцах ярилцах инээлдэж баясах орчин нөхцөлөөр хангахыг хичээн зохион байгуулж байна.
-Гадаадад төрж өссөн хүүхэд залууст Монголоо хайх, Монголоо мэдэх эрмэлзэл ямар үед, хэрхэн төрдөг гэж боддог вэ?
-Хүүхдүүд бага насандаа бусдаас ялгарч онцгойрох дургүй байдаг ч оюутан болоод, арай төлөвших үедээ өөрсдийнхөө монгол хүн гэдгээ илүү их мэдэрч, бусдаас ялгарах онцлогоо мэдэж эхэлдэг юм шиг санагддаг. Яагаад гэвэл, бусдаас ялгаатай байна гэдэг гадуурхагдах шалтгаан болох мэт санагдах үе хүүхдэд байдаг ч том болох тусам тэр ялгарах онцлог нь бусдыг татах хүч болдог аж.
-Чуулга уулзалтад оролцогчдын бүртгэл эхний хэдэн өдрөө дүүрчихсэн гэдэг нь эрэлт их байгааг харуулж байна. Тэгвэл уулзалтынхаа цар хүрээг илүү өргөжүүлье, жилд хоёр гурван удаа зохион байгуулъя гэсэн санаа төрсөн үү?
-Бүртгэл дороо дүүрсэн нь эрэлттэй байжээ гэдгийг харуулсан. Энэ сэдвээр, энэ онцлогтой залууст чиглэсэн арга хэмжээг жил бүр тасралтгүй зохион байгуулах нь чухал юм байна хэмээн бид ярилцаж байлаа. Гэхдээ тэднийг танилцуулаад орхих биш, цаашдаа байнгын холбоотой байх боломж бололцоог нь Монгол руу татахад зөв бодлого, менежмент хэрэгтэй. Үүнд, дор дорын ажил амьдралтай зохион байгуулах багийнхны хүч дутна. Харин төр засгийн тогтвортой бодлого байнгын оролцоо чухал үүрэгтэй. Таатай мэдээ дуулгахад, саяхан УИХ дарга Их Британид албан ёсны айлчлал хийсэн. Тэр үеэр Оксфорд, Кэмбрижэд амжилттай ажиллаж бүтээж яваа эрдэмтэн залуусынхаа ажил байдалтай танилцсан юм билээ. Энэ үед нь манай Элчин сайд 18-р чуулганы талаар дурсахад Их хурлын дарга “Цаг үеэ олсон сайхан санаачилга байна, дэмжиж тусалъя” гэснээр энэ жилийн чуулган маань УИХ-ын даргын ивээл дор хийгдэхээр болсон. Боловсролын яам чуулганыг хийх санаа яригдаж эхэлсэн цагаас холбоотой байж дэмжиж хамтран ажиллаж буй. Ингээд төр засаг анхаараад байнгын ажиллагаатай бодит үйл хэрэг болгочихвол жилд нэг удаа цуглаад шаагилдаад тардаг бус эрдэм мэдлэг технологийг Монгол руу урсгадаг бодит зүй тогтол болох боломж бүрдэнэ гэж итгэж байна.
Бодлогын яам нь, эрх зүйн орчныг бүрдүүлдэг, УИХ нь чуулганыг дэмжин буй нь цаашдаа бодлого боловсорч, эрх зүйн орчин нь бүрдэж эдгээр залуусын хүчийг эх орон руугаа бодитойгоор татахуйц ажил хэрэг болон ундрах найдлагыг төрүүлж байна.
-Чуулга уулзалтын эхний жилүүдэд яригдаж байсан сэдвүүд одоогийнхтой харьцуулбал их өөр байсан байх. Цаг хугацааны эрхээр нийгэм, нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр одоогийн энэ цэг дээр ирлээ гэж бодож байна.
-Чуулга уулзалтын эхний жилүүдэд бид Монголдоо юу хийж болох вэ гээд сэдвийн хувьд задгай ярилцдаг байв. Харин дөрөв дэх удаагийнхаасаа эхлэн жил бүр тодорхой нэг сэдвийн дор хуралддаг болсон. Найм дахь чуулганаасаа өөр улс орнуудад хийгдэж эхэлсэн. Мөн 11 дэх чуулганаас Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл хамтран зохион байгуулдаг болсон, Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлдэг “Дэлхийн Монголчууд” 1, 2 хөтөлбөрт ажил болж тусгагдсан, ковидын жилүүдэд хүч жаахан саарч гурван ч удаа зохиогдолгүй өнгөрсөн гээд агуулга хэлбэр нь өргөжөөд, алдаа онооноосоо суралцаад яваа. Чуулган аль нэг оронд болоход тухайн оронд байгаа Элчин сайдын яамдын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй байдаг.
Ямар үед ямар сэдвээр хийвэл зүгээр тухай бид ярилцаж байгаад сонгоод хийдэг. Өмнөх чуулгануудын мэдээлэл md-forum.eu хуудсанд бий.
Энэ жилийн хувьд яах аргагүй нэг ийм “мартагдсан” гэх үү, Монголоо хайж байгаа үе гараад иржээ. Анзааралгүй орхичихвол хэдэн жилийн дараа эдний хүн шугуйд уусаад алга болчихож мэдэх юм гээд энэ сэдвийг сонгосон хэрэг.
Олон жил хийгдэж буй тул зохион байгуулах багийн хувьд ч шинэчлэгдэж, өөрчлөгдөж байдаг. Энэ жилийн хувьд Британи дахь “цахим өртөөчид”, Британи дахь монголчуудын холбоо, Чевнингийн энэ жилийн оюутнууд, Оюутны холбооны залуус Элчин сайдын яамтайгаа хамтран ажлуудыг нугалж байна. Гар сэтгэл нийлэн, сэтгэл зүтгэл гарган санал санаачилгатай ажиллаж буй залуусдаа гүн талархал илэрхийлье. Байнгын найдвартай түшиг болж байдаг элчин сайдын яамныхандаа баярлалаа.
Бэлтгэсэн Б.Цагаандалай